📅

ЦАГААН ХУВЬСГАЛЫН ЦААД ЗОРИЛГО НЬ УЛСАА ХОРЛОХ ЮМ БИШ ҮҮ

🕔 2017/07/03 09:37

ЦАГААН ХУВЬСГАЛЫН ЦААД ЗОРИЛГО НЬ УЛСАА ХОРЛОХ ЮМ БИШ ҮҮ

Монгол Улсын 26 жилийн түүхэнд анх удаа Төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн санал хураалтыг дахин хийхээр болсон. Хариуцлагагүй иргэд, хайхрамжгүй төр засаг, хар пиар нь хэтэрсэн нэр дэвшигчид, на­муу­дын хар гайгаар долоон тэр­бум төгрөгийг дахин үрэх нь то­дор­хой болоод байгаа.

Зурга­дугаар сарын 26-ны өдрийн санал хураалтад хүчингүй саналын хуудас 18 мянга гаруй тоологджээ. Хэрвээ тэд иргэний үүргээ ухамсарлаад аль нэг нэр дэвшигчийг дугуйлсан бол долоон тэрбум төгрөг салхинд хийсэхгүй байв. Ажлаас нь чөлөө өгсөөр байхад амралтын өдөр хэмээн агаар салхинд гарчихсан, өнгө мөнгө харж суусаар огтхон ч саналаа өгөөгүй 600 гаруй мянган иргэд үүргээ биелүүлсэн бол ийм завхарсан асуудал үүсэхгүй байлаа. Таны миний хүүхдийн сургууль, цэцэрлэгийг барих, цаашлаад иддэг талхных нь мөнгөнөөс долоон тэрбумыг хумслахгүй байсан юм.

Энэ бүхний бурууг улс төрийн намуудаас гадна иргэн та ч хүлээх учиртай. Хэрэв та иргэний үүргээ биелүүлсэн бол таван хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр нэгхэн хүнийг дугуйлахын төлөө дахин санал хураалт явуулж цаг хугацаа үрэхгүй байсныг нуух юун. Гэтэл дахин сонгуульд зарцуулж буй долоон тэрбум төгрөгийг ч мөнгө гэж тоохгүй байгаа улстөрчид цагаан хуудас өгөхийг иргэдэд уриалж, өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр шөнөгүй сөрөг сурталчилгаа цацаж байх юм.

Тэр дундаа нэгдүгээр шатны сонгуулиар ард түмний 30 хувийн итгэлийг хүлээж байсан С.Ганбаатар иргэдийг буруу зүйлд уриалан дуудаж байгаа нь хэрээс хэтэрлээ. Өөрийгөө Ерөнхийлөгч болсон хэмээн ярьж, саналаа луйвардуулсан учраас цагаан хуудас өгөхийг уриалсан гэх. Гэвч начир дээрээ түүний энэ үйлдлийн цаана ямар тоглолт явагдаж байгааг хэвлэл мэдээллээр хангалттай бичиж буй.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээр шатны санал хураалтад хамгийн их санал авсан нэр дэвшигч Х.Баттулга, хоёрдугаарт орсон М.Энхболд нар дахин санал хураалтаар сонгогчдын 50+1 хувийн санал авахгүй бол энэ удаагийн сонгууль цуцлагдаж, улс төрийн намууд дахин шинээр нэр дэвшигч тодруулна. Тэр тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусч Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхтэй болох юм билээ. Тиймээс л МАХН-ын даргыг өрсөлдүүлэх гэж ийм явцуу улстөржилт хийж, төрийн ажлыг санаатайгаар гацаахаар шантааж хийж байгаа нь хэнд ч илхэн болжээ.

Хэрвээ шинэ сонгууль болвол ээлжит бус чуулганыг дахин зарлаж, сар гаруйн хугацаанд сурталчилгаа өрнөж, хар мэдээллээр ард түмэн хоорондоо талцаж хэрэлдэнэ гэсэн үг. Хадлан тариалангийн ажил эхэлчихсэн байхад нэг хүнийг сонгох гэж нийтээрээ талцаж хэрэлдэхэд хүрнэ. Дахин санал хураалтад зарцуулах мөнгөнөөс гадна шинээр сонгууль хийвэл бараг л 30 орчим тэрбум төгрөг болно гэсэн тооцоо гарчээ. Туйлдсан эдийн засагтай улс оронд энэ ямар их мөнгө билээ.

Гаднаас доллар гуйлгачилж суугаа атлаа нэг улстөрчийн аманд багтаж, улсынхаа эдийн засгийг туйлдуулах хүсэл ард түмэнд байхгүй биз. Хэчнээн сургууль цэцэрлэг, хэдэн арван ахмадын тэтгэвэр, ядарсан иргэдийн цалинг нэмчих мөнгийг бид ганцхан нэр дугуйлахын төлөө үрэх гэж байна вэ. Хамгийн багадаа л 5000 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн мөнгөөр эв нэгдлийн бэлэг тэмдэг төдий Ерөнхийлөгчийг сонгохын төлөө үрэх нь гэх тооцоо гараад байгаа юм.
Төр төмөр нүүрээ харуулмаар байна

Цагаан хувьсгал цагаан сонголт хэмээн иргэдийг буруу зүйлд уриалж буй МАХН-ын улстөрчид үүнийгээ ард түмний хамгийн зөв шударга шүүлт хэмээн тайлбарлаж буй. Мэдээж ард түмэн туйлдаж буй. МАН, АН, МАХН-аас аль алинаас нь тэд залхаж байгаа. Тиймдээ ч хэн нь ч гарсан ялгаа алга хэмээн гурвууланд нь ижилхэн шахуу санал өгсөн хэрэг. Ард иргэдийг сонгуулиас залхах ажлыг улстөрчид өөрсдөө л хийсэн.

Тэгсэн атлаа бурууг нэгнээсээ эрж, луйвардуулчихлаа хэмээн гоншигнох шаардлагагүй юм. С.Ганбаатар нэр дэвшигчийн луйвардуулсан гэж үзээд буй Баян-Өлгий аймагт хяналтын тооллого хийхэд дүн огтхон ч зөрөөгүй нь үүнийг батлах биз ээ. Тиймээс төрийн эсрэг тэмцэлд уриалж буй улстөрчдөд хүлээлгэх хариуцлага гэж байх ёстойсон. Ялагдсан нь ялагдлаа хүлээн зөвшөөрч, ялсан нь ажлаа асуудалгүй хийчихдэг бол иргэд сонгуулиас залхахгүй, дахин дахин санал хурааж хөрөнгө мөнгө үрэхгүй билээ.

Энэ сарын 7-нд явагдах дахин санал хураалтад иргэдийн идэвхийг сайжруулах үүднээс хяналтаа хаа хаанаас анхаарах учиртай. Ажлын өдрийг амралтын өдөр болгосон учраас байгууллагууд санал өгснийг нь баталгаажуулах баримтыг нь харж байж цалинг нь олгох зэргээр төр төмөр нүүрээ харуулахгүй л бол дахиад л хувьдаа хүрэхгүй болох вий.

Найр наадам дөхчихсөн, иргэдийн амралт эхэлчихсэн байх учраас энэ мэт хяналт, хариуцлагыг хаа хаанаа анхаарахгүй бол хэсэг бүлгийн хүсээд буй шинэ сонгуулийг хийхээс өөр аргагүйд хүрэх билээ. Өмнө хэлсэнчлэн, дахин санал хураалт болоход улс төрийн намуудаас гадна иргэд ч өөрсдөө буруутай. Тиймээс иргэн хүний үүргээ биелүүлж санал хураалтдаа идэвхтэй оролцъё. Таны миний үүрэг учраас иргэдийг буруу зүйлд турхирч, шинэ сонгууль хийе гэсэн явцуу улс төрөө түр хойш нь тавьмаар байна, улстөрчид, улс төрийн нам түүний фанатууд аа.


Хуульдаа өөрчлөлт оруулъя

Ийм л гарц одоо харагдаж байна. Болдогсон бол туйлдсан эдийн засгаа бодоод улс төрийн намууд хуульдаа өөрчлөлт оруулаад ч болов хамгийн өндөр санал авсандаа боломж олгочихвол болмоор юмсанж.

Тэртэй тэргүй нэг хэсгийн биш нийт ард түмний 40 гаруй хувь буюу 500 гаруй мянган хүний санал авсан учраас нэр дэвшигчид тахимаа өгөөд, улсынхаа эдийн засгийг бодоод эх оронч шийдвэр гаргачихад болохгүй зүйл алга. Улс төрийн намууд энэ байтугай хуулийг нэгхэн өдрийн дотор өөрчилж чаддаг хүмүүс. Даанч тэгэхгүй нь. Тэдэнд тийм эр зориг, эх оронч сэтгэл алга.

Ерөнхийлөгчийн суудалд ямар ч хамаагүй үнээр суух гэсэн эцэс төгсгөлгүй шунал байхаас биш улс орноо бодох сэтгэл өчүүхэн төдий ч байхгүй бололтой. Тиймээс нэн даруй хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв юм байна. Улс төрийн намуудын бузар булхай пиар дуусаагүй цагт ард түмний итгэл  50 хувь итгэл үзүүлтлээ сэргэх нь юу л бол.

АН, МАН, МАХН гэсэн гуравхан намын шантааж, улс төрийн бохир заваан хор хутгалтаас залхсан ард түмэн дараа дараагийн сонгуулиар үүнээс ч сонин сонголт хийх нь тодорхой. Ерөөс парламентад суудалтай намуудын төлөөллөөс Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ авдаг байсан цагт дараа дараагийн ирц асуудал дагуулна. Хэрвээ парламентад дөрөв ба түүнээс дээш улс төрийн хүчин суудал авчихвал Ерөнхийлөгчийн сонгуульд ч тэр тооны хүн өрсөлдөнө.

Тэр үед дахиад л ард түмний санал дөрвөн тийш хуваагдана. Ирц жилээс жилд 10 хувиар буурч байхад 50+1 гэх шалгуурт хэзээ ч хүрэхгүй юм. Тиймээс хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр гарц байхгүй нь. Дийлэнх олонхийн санал авсан нь Ерөнхийлөгч болдог байхаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв юм байна.

Эс бөгөөс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчөө парламентаас сонгож, зөвхөн эв нэгдэл, бэлэг тэмдэг төдий байлгаж, эсрэгээрээ Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх гарц харагдаж байна. Тэгэхгүй бол МАН, АН, МАХН-аас хэн ч гарсан асуудал бахь байдгаараа л байх билээ. Тогтолцоондоо өөрчлөлт оруулахгүй бол шинэчлэл огтхон ч гарахгүй гэдгийг улстөрчид ч өөрсдөө хэлдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр суугаад ч хариуц­лагагүй улстөрчдөд хяналт тавьж чадахгүй. Хууль шүүхээр далайлгаж өс хонзонгийн улс төр хийж болох ч дөрвөн жилийн дараа өнөөх л улс төрийн бохир пиар, улиг болсон гүжир гүтгэлэг, доромжлол хэвээр байх нь тодорхой юм. Х.Баттулга, М.Энхболд хоёр суухаар төр шинэчлэгдэхгүй, Н.Энхбаяр очихоор өөрчлөгддөг гэх үлгэрт ард түмэн хууртах нь юу л бол.

Монголын мэдээ
Б.Эрхэс



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?