📅

Монголын сайхан орны заавал үзэх ёстой 24 газар

🕔 2015/11/13 10:40

Жуулчдын үзэх дуртай, мөн монгол хүний заавал үзэх ёстой Монголын үзэсгэлэнт 24 газрыг сонирхуулъя.

 

1. Хөвсгөл нуур. Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.

2. Алтай Таван богд уул. Алтай Таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүтдэг юм.

3. Ээж хайрхан. Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж, доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй байдаг. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон есөн тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50 см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг онцлогтой.

4. Тэрхийн цагаан нуур, Хорго. Хоргийн тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршидог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 м, гүн нь 70-80 м, гадны талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 м өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 м. Цорын ганц гол эх аван урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

5. Увс нуур, Их нууруудын хотгор. Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршидог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгоыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд орсон.Байгалийн түүхийн музейд орших махан идэшт Тарбозаврын бүтэн араг яс. Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан бүтэн араг яс юм. Дэлхийд динозаврын араг яс бүтнээрээ олдох нь ховор бөгөөд Азидаа эхний гуравт орох байгалийн үнэт олдвор билээ.

6. Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг. Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 м ажээ.
7. Алтан ташуур цогцолбор. Төв аймгийн Эрдэнэ сумд орших Алтан ташуур цогцолбор. Гурван мэргидэд эхнэр, хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг дайлахаар явах замдаа Цонжин болдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд Чингис хааны 40 метр өндөр хөшөө баригдсан нь Чингис хааны морьт хөшөө байрладаг. XIII дугаар зуун цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 96 километрт оршдог.

8.Хөшөө цайдам, Хар балгас, Культегин жанжны хөшөө. Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд Архангай аймгийн Хашаат сумын нутагт байдаг. Энэ нь зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгэ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн жанжин, Билгэ хааны дүү 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогдддог дурсгал юм. Энэ дурсгал дээр бичигдсэн түрэгийн рүни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Хар балгас хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг.

9. Амарбаясгалант хийд. Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн сум, Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар 1727-1736 онд барьжээ.

10. Дуугардаг элс. Марко Поло Төв азиар жуулчилсан тухайгаа " Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж, явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.

11. Толь хад. Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үзжээ.

12. Гүйдэг чулуу. Хөвсгөл аймгийн Улаантайгад борооны дараа нар гарч өвсний толгойн ус, хатаж эхлэх үед чулуу гүйхийг үзэж болно. Энэ нь тэндхийн мөнх цэвдэгтэй холбоотой аж. Мөнх цэвдэгт бөөргийн хөрс халуун хүйтний нөлөөнөөс овойж, хотойж дэрээ байгаа чулууг өнхрүүлдэг байна.

13. Дэлхийд ховорхон тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод гүвээ, хунх нугачаа үл тааралддаг. Байгалиас заяасан унаган төрхөөрөө атар онгон ийм тал газар дэлхийд ховор.

14. Цагаан гол. Алтай таван богдоос эх авсан олон мөсөн голын нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй /20 км/ юм.

15. Чулуун ой. Чулуужсан мод говьд элбэг. Харин ой тааралдах нь ховор. Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнтийн уул чулуужсан ойтой. Ой уртаараа 500 м, өргөөшөө 80 м талбайд тархжээ. Тэнд хорь, гучин метрийн өндөр , бүслүүрээрээ 1,5 м голчтой бүтэн мод, ёзоороороо булгарч унасан ч тааралдана. Салбарласан мөчрүүдтэй ч байна. Сүйхэнтийн чулуужсан ой бол дэлхийд ховор тохиолдох үнэт олдворын нэг юм.

16. Болор толгой. Дундговь аймгийн Амтат хоршооллийн нутаг Баянхошууны худгаас хойш 1 км орчим газарт нэгэн бор толгой бий. Энэ толгой бүхлээрээ усан болон утаат болроос тогтдог. Энэ толгойн энгэрт буусан айлын хүүхдүүд болроор тоглоом барьдаг байсан учраас Болор толгой гэж нэрлэжээ.

17. Соронзот хад. Загасчид хадны сүүдэрт амарч, нэг нь бугуйн цагаа авч газарт тавьжээ. Гэтэл тэрээр цаг нисээд явчихлаа гэж сандрав. Харваас бугуйн цаг хэдийнээ хадны завсарт хавчуулагджээ. Ийм нэгэн соронзот хад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голын нэгэн гүүрийн ойролцоо бий.

18. Янцгаадаг нуур. Хөвсгөл аймгйин Эрдэнэбулган сумын нутаг Архан гэдэг газрын Аяганбулаг гэдэг нуураас адууны зөөлөн янцгаалт мэт дуу сонсогддог.

19. Гурван нуурын дөрвөн рашаан. Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Гурваннуурын рашааны баруун нуурыг мэдрэлд, зүүн нуурыг ходоодонд, дунд нуурыг хуян шар усанд сайн гэлцэнэ. Дунд нуурын өмнөх жижиг нуурыг нүдний нуур гэх бөгөөд нуурын ус нүд улайх, хорсоход тустай гэдэг юм байна.

20. Жаран тогоот. Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран хэмээх жаран тогоо хонхортой хүрмэн чулуун уул бий. Бороотой үед тэдгээр нуур усаар дүүрч жаран нуур цөөрөм тогтдог.

21. Цэвэр булаг. Хөвсгөл аймгийн Чандмань өндөр сумын төвөөс холгүй Сагдайн булаг гэж бий. Сумын жолооч нар эндхийн уснаас машин, тракторынхаа зай хураагуурт нэрмэл усны оронд авч хэрэглэдэг байна.

22. Уурт. Говь-алтай аймгийн Бигэр сумын нутаг Сэрх уулын Устын голын амны нүх маягийн хонгилоос ямагт уур манаран баагиж, байдгаас Уурт хэмээн нэрлэгджээ.

23. Урамддаг нуур. Манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ бол Хөвсгөлийн Хорьдол сардгийн 70 гаруй м-ийн өндрөөс буудаг Арсын хүрхрээ юм.

24. Юндэн Нансалмаа хоёр. Төв аймгийн Зоргол хайрханы Морь хад, Горхийн Мэлхий хад, Ховд аймгийн Бодончийн голын Тэмээн чулуу, Нохой чулуу, Завхан аймгийн Ургамал сумын Арслан чулуу, Түдэвтэй сумын Сум хад, Увс аймгийн Байшинтын Арслан Заан хад зэрэг хачин сонин дүрс бүхий хад чулуу манай оронд олон бий. Дундговь аймгийн Их газрын чулууны янз бүрийн гайхалтай хэлбэр дүрстэй хад чулуудын дундах хоёр босоо хүн шиг харагдах хадыг нутгийнхан нь урьд Хаан хатан хоёр гэж нэрлэдэг байгаад одоо Юндэн Нансалмаа хоёр гэх болжээ. Баруун талын босоо хүн арай өндөр, баруун гарын тохойд аяны шуумааз тохож, зүүн гараа нөгөө хүний мөрөн дээр тавьсан, намхан нь  эхнэр хүний өмсгөлтэй агаад тэргүүнээсээ яльгүй гудайлгасан салж ядсан хоёр мэт дүр тэндээс харагдана. Хадны зүүн урдаас хоёр зуун метр орчим зайнаас ийм дүрсийг ажиглаж болно.

Ийнхүү та бидний төрсөн нутаг Монголын сайхан орон түмэн гайхамшгаа дэлгэн байна. Аялцгаа, үзэцгээ, бахархцгаа.

Д.Түвшин, www.mongolcom.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?