ХОЙД ЭХ /ӨГҮҮЛЛЭГ/

Наймдугаар ангид орсон тэр жил Гэрэлмаа гэрээсээ оргов. Үеийнхээ хэдэн хүүхдүүдтэй нийлж,өдөр шөнөгүй дэмий тэнэнэ. Боломжийн амьдралтай нэг хүүтэй үерхэж, үй зайгүй дотносож, гэртээ ч орохоо байв. Хичээл сургуулиа бүр хаячихсан байлаа. Нэг өдөр орцны үүдэнд хүүхдүүдтэй тамхи татаад зогсож байтал аав нь хаанаас юм гараад ирлээ. Эцгийн нүд уур хилэнгээр дүүрэн байгааг харсан охин айж байсан ч айгаагүй дүр үзүүлэн “Би гэртээ харихгүй. Танай авгайд чинь дахиад дээрэлхүүлж чадахгүй” хэмээн хашгирчихав. Аав нь юу ч дуугарсангүй. Түүнийг ганцхан угз татаад шууд л машинд суулгачихаж билээ. Чимээгүй давхисаар л … Зодож, загнана л биз. Ёстой тэр авгайгийнх нь үнэн дүр төрхийг илчлээд өгнө дөө гэж бодож байсан охин аавыгаа дуугаа хураан чимээгүй болох тусам айж сандарч байлаа.
Аав нь хар цагаан дуугүй давхисаар… Хотоос гарч оршуулгын газар луу дөхөж ирээд машинаа зогсоов. Гэрэлмаа учрыг нь ч олсонгүй. Аав руугаа зориг муутайхан харвал саяхан л уурлаж, дүнсийж байсан эцгийн царай ч, дуу ч зөөлөрчихөж.
-Миний охин буугаад ир гэх нь тэр. Гэрэлмаа ч аавыгаа үг дуугүй дагалаа. Тэд явсаар нэгэн оршуулгын дэргэд ирэв. Аав нь чимээгүйхэн өвдөглөж сууснаа, Гэрлээг ч бас суу хэмээн хуруугаараа зангав. Энэ ээжийн чинь газар. Ээж чинь чамайг төрүүлэх гэж аарцагны ясаа гэмтээчихсэн юм. Гурван жил хэвтэрт байж байгаад талийгаач болсон. Чиний төлөө биеэ эрэмдэг болгож, чиний төлөө шаналж байсаар байгаад нас барсан юм шүү дээ. Чи ээждээ ямар том охин болсноо, бас санаа зовох хэрэггүй гэдгийг хэлж сэтгэлийг нь амраа гэснээ шуухитнан уйлж эхлэв. Үнэндээ Гэрэлмаад хэлэх үг олдсонгүй. Хий дэмий л “Ааваа, ээжээ” хэмээн уйлж байлаа. Аав нь уйлж, уйлж тайвширсан бололтой.“Чи минь охиноо хар даа. Хачин том болсон. Яг чамтай адилхан хөөрхөн охин болсон. Удахгүй сургуулиа төгсөнө. Онц сурч байгаа. Охин маань гадаадад сураад мундаг эмч болно” хэмээн үглэж эхлэхэд Гэрэлмаа бүр ч чангаар уйлав. Гэртээ бараг сар хариагүйгээ, бас хичээлдээ яваагүйгээ, гурван ч хичээл дээр муу гарчихсан, багш нь сургуулиас хөөнө” гэж загнаж байсныг санан санан уйлж байлаа.
Тэр өдрөөс хойш охин гэрээсээ гарсангүй. Хатуу муухай ааштай Цээмаагийн хий гэсэн бүхнийг хийж, өдөр шөнөгүй бөгтөлзөж,хоол унд муутай өлсөж цангаж байсан ч хичээлээ давтан үүр цайтал нойргүй хонодог байлаа.Гэрэлмаа “Заавал их сургуульд орно. Заавал эмч болно. Тэгээд энэ гэрээс аавыгаа аваад бүрмөсөн явна. Хэзээ ч энэ ааштай авгайн царайг дахиж харахгүй дээ” хэмээн шүд зуун боддог байлаа. Тэр үнэхээр санасандаа хүрч. Гадаадад сургууль төгсөж, цол авч, янз бүрийн шагнал урамшуулал ч их хүртсэн. Тэр гэрт дахиж очоогүй. Харин тэр аавыгаа л авч чадаагүй юм. Хөөрхий аавыгаа хажуудаа авах гэж олон удаа ятгасан ч ирсэнгүй. “Аав нь нас өндөр болсон хүн.Орон гэр, хань ижлээ байхад охиндоо дараа болоод яахав” хэмээн зөрүүдлээд өдий хүрсэн байлаа.
Онгоц газардах дөхөж байлаа. Тэр аав руугаа улам бүр яарч байв. Харин олон жил уулзаагүй Цээмаа авгайн царайг яаж харах вэ? хэмээн баахан бодов. Өдөр шөнөгүй шал зүлгүүлдэг байсныг, бас хоолтой хоолгүй явдаг байснаа, тэр айлын бүхий л хар бор ажлыг ганцаараа нугалж, байнга загнуулж өссөнөө санах тусам түүнтэй уулзмааргүй санагддаг байлаа.
Мөрөнгийн жижигхэн нисэх онгоцны буудал… Ногоон дэвсэг, нарийхан цагаан зам яг л нүүрэн дээр нь тулаад ирэх шиг болоход тэр сая л онгоцны цонхноос харцаа салгав.
Аав нь охиноо ирсэнд догдолж байгаа нь илт. Гэрэлмааг тэвэрч үнсчихээд нүүрээ шударч, амьхандаа л нулимсаа нууж харагдав. Аавынхаа энгэрт зүүгдсэн бүсгүй ачаагаа авахаар эргэхдээ л Цээмааг ирснийг анзаарав. Дуу нь тас тас хийдэг өндөр туранхай шар бүсгүй хөгширч, нүүрэнд нь үрчлээ суун,нуруу нь бөгтийснийг хараад гэнэтхэн Гэрэлмаа өрөвдөв. “Хүүе. Ээж ирчихсэн байсан юм уу?” хэмээн өөрийн мэдэлгүй уулга алдан Цээмааг тэвэрч авав. Бүсгүйн цээжинд хурчихаад байсан гомдол цаг хугацааны эрхээр нимгэрч, сэмэрч элэгдэж байсныг тэр анзаараагүй явж.
Онгоцны буудлаас гэр лүүгээ хөдлөж байхдаа Гэрэлмаа “Хөөрхий дөө. Нээрээ Цээмаа ээжийг байгаагүй бол би ажил хийж сураагүй, өл дааж чадахгүй, хүнээс үг сонсож тэвчдэггүй арчаагүй амьтан л байх байсан даа” хэмээн бодож инээмсэглэлээ. Түүний цээжинд аавыгаа, ээжийгээ гэх хайр оргилон буцалж байгааг тэр сая л анзаарав.
Б.Цоожчулуунцэцэг