📅

“Хилийн цагдаа” гэх ярианы цаана Талын мэлтэсийн алт байгаа юм

🕔 2016/11/30 13:11
 “Хилийн цагдаа” гэх ярианы цаана Талын мэлтэсийн алт байгаа юм
Хардлагаа л бичье. Засгийн газраас Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  

оруулж ирсэн нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж, эцэстээ "хилийн цэргийг хилийн цагдаа” болгох нь гэсэн огт оргүй хоосон зүйл рүү олны анхаарлыг шилжүүлчихлээ. Баттай үнэнийг хэлэхэд, Хилийн тухай хуульд хилийн цэргийг цагдаа болгоно гэсэн өгүүлбэр байтугай агуулга ч байхгүй. Хуулийн төслийг нь уншсан хүний хувьд, Хууль зүйн байнгын хорооны тэр хурлыг сурвалжилсан сэтгүүлчийн хувьд мэдэж байна. Анхаарах ёстой зүйл нь, Гадаадын иргэн, харьяатын газраас хилийн шалганы чиг үүргийг буцаагаад хилийн цэрэгт өгөх, хилийн хамгаалалтын зурвасыг 100 км байсныг 15 км болгох тухай асуудал юм.

Байнгын хорооны хурал дээр хуулийн төсөл хэлэлцэж байхад Ц.Нямдорж гишүүн, "Би хуулийн сайдаар ажиллаж байхдаа хилийн цэргийг хилийн цагдаа болгох зорилттой ажиллаж байсан. Ер нь энэ чиглэлээр судалж үзсэн үү. Ямар бодолтой байна” гэж ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнгээс хөтөлж асуусан. Ц.Сэргэлэнгийн хувьд Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад хилийн цэргийг толгойлж байсан нэгэн. Ц.Сэргэлэн "Бид дөрвөн жилийн өмнө судалж л байсан. Болохгүй гэсэн зүйлгүй гэсэн дүгнэлтэд хүрч байсан” гэж товч хариулсан. Генерал дор нь ажиллаж байсан сайдынхаа асуултад хариулсан бөгөөд өөрийгөө хууль тогтоох эрхгүй гэдгийг мэдэж байгаа. Өмнө нь Батлан хамгаалахын сайд байсан Ж.Энхбаяр энэ үеэр, "Хилийн цэргийг хилийн цагдаа болгохыг би болж дэмжихгүй” гэж Ц.Нямдорж гишүүнтэй саналаа хуваалцсан. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд биш Ц.Нямдоржийн ярианд саналаа хэлсэн. Өөр зүйлгүй.

Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Байнгын хорооны хурал дээр хэлсэн дүрс бичлэгээ фейсбүүк дээрээ байршуулсан. Фейсбүүкт олон найзтай түүний үгийг сонсвол нээрээ л Хууль зүй, дотоод хэргийн яамныхан хилийн цэргийг хилийн цагдаа болгох гээд байгаа мэт сонсогдоно. Яагаад гэвэл бичлэг дээр Ц.Нямдорж, Ц.Сэргэлэн хоёрын яриа байхгүй. Тэгээд л "ХХЕГ-ыг татан буулгаж, хилээ цагдаагаар мануулах нь” гэсэн туйлшрал шуурчихсан. Асуудлын учир нь, Ж.Энхбаяр яагаад болсон явдлыг үнэнээр нь өчихгүй байгаад байна. Түүнд ашиг сонирхол байна уу гэж.

Ж.Энхбаярын тухайд Батлан хамгаалахын сайд Шагалын Жадамбаа генералын хүү. Өөрөө ч сайд хийж явсан. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах бодлого гэж хамгийн их ярьж байгаа, ер нь ийм яриагаараа имижээ бүрдүүлээд явж байгаа улстөрч л дөө. Байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж, "Сүүлийн 20-иод жил Батлан хамгаалах яамныхан хилийн цэргийг өөртөө нэгтгэх гээд янз бүрээр зүтгэж байгаа” гээд хэлчихсэн нь Ж.Энхбаярын гэдэнг хүргэчихсэн ч байж мэдэх юм.</p><p>Нөгөө талаар Ж.Энхбаяр Говь-Алтайнх. Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт сумын нутагт Талын мэлтэс, Хатан суудлын алт, зэсийн ордууд бий. Энэ ордууд улсын хилээс 20 км зайтайгэдэг. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Говийн их, бага дархан газрын тусгай хамгаалалттай бүсээс зарим хэсгийг нь гаргах асуудал яригдсан. Мөн тусгай хамгаалалттай газар нутаг, улсын хилийн зурваст байгаа ашигт малтмалын ордуудын талаар судалгаа хийх ажлын хэсгийг Р.Жигжид сайдаар ахлуулан байгуулж байв. Тэр үед Говь-Алтайд байгалиа хамгаалах хөдөлгөөн гарч, Ж.Энхбаяр, Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүс Ч.Сайханбилэгийг хэвлэлээр дэлбэ балбасан даа. Сонгууль дөхсөн байсан учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газар Талын мэлтэс, Хатан суудлын ордын асуудлыг хаясан байх.

Сая харин, Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хилийн зурвасыг 100 км байсныг 15 км болгоно гээд оруулаад ирлээ. Өөрөөр хэлбэл, малчид бэлчээртэй, хил дагуу амьдардаг иргэд өмчлөх газартай болох нь. Үүнийг дагаад хамгаалалтаас гаргасан ордуудыг олборлох, байгаль орчинг сөнөөх эрсдэл гарч байгаа юм л даа. Энэ бол анхаарч үзэхгүй бол, тооцоо судалгаатай хандахгүй бол болохгүй зүйл. Ганц заалт өөрчлөгдөхөд л Монгол Улсын олон га газар хамгаалалтгүй болж, аймгийн ИТХ, сайдын тушаалаар үүцэнд байсан хамаг орд гэрэлд цохиулах нь байна шүү дээ. Хууль батлагдвал Талын мэлтэс, Хатан суудлын ордууд хилийн хамгаалалтаас гарч, ашиглах боломж нь нээгдэнэ. Ийм учраас Баянзүрхээс сонгогдсон ч Говь-Алтайн Ж.Энхбаяр эсэргүүцэж байж мэдэх юм. Ж.Энхбаяр биш гэхэд орон нутгаас, ялангуяа хилийн бүсэд багтдаг аймаг, сумаас сонгогдсон УИХ-ын гишүүд хуулийн төслийн дээрх заалтан дээр акцент өгч ярих байх. Нэг хэсэг нь ордуудыг ашиглахын тулд, нөгөө хэсэг нь байгалиа хамгаалахын тулд янз бүрийн л юм ярина. Нөгөө хэсэг нь, гаднынхан хилийн цаанаас хамаг газрын тосыг чинь сорж дууслаа гэж ч ярина.

Тэрнээс биш Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр туссан Гадаадын иргэн, харьяатын газраас хилийн шалганыг ХХЕГ-т буцаан өгөх тухай, хилчдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тухай асуудлыг хэн ч ярихгүй байна. Хуулийн төслийг уншаагүй мөртлөө сургаар бичиж байгаа шар хэвлэлүүд, олонхи муу харагдвал бидэнд сайн гэсэн тактикаар ажиллаж байгаа сөрөг хүчин л "хилийн цэргийг цагдаа болгох” ташаа мэдээллийг иргэд рүү сэвж, улстөржүүлж байна

 

http://itoim.mn/index.php/site/news/7316


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?