📅

Тэд нар дотор Ерөнхийлөгч болчих хүн байна уу

🕔 2017/03/30 11:31

Тэд нар дотор Ерөнхийлөгч болчих хүн байна уу

 

Дөрвөн жилийн мөчлөгтэй болдог байсан шат шатны сонгууль жилээс жилд л эмх замбараагаа алдаж, төрийн сонгуулиас хальж, улс төрийн нам нь хүртэл дотоод сонгууль хийж, ард түмнийг талцуулдаг болтлоо назгайрав. УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн дуулиан арайхийн дуусч, араас нь орон нутгийн сонгууль залгасан.

 

Төд удалгүй АН-ынхан намын даргаа сонгох гэж аймаг, нийслэлийнхнээс ч сүр дуулиантай сонгууль нэртэй хуйвалдаан зохион байгуулсан. Дотоод сонгууль өнөө хэр дуусаагүй бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга, намын бодлогын хорооны 380 суудлын төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл энэ намд өрнөсөн хэвээр. Дэгсдүүлбэл бүтэн хоёр жилийн турш монголчууд сонгуулиар хийрхэж байна. Баярлаж дуусдаггүй байсан бол одоо сонгуульдаж дуусахгүй нь. Нөхөн сонгууль, дахин сонгууль, шүүх цагдаа гэж заргалдсаар сонгуулийн тухай маргаан 2020 оны сонгууль хүртэл сунжрах магадлалтай байна. Дахиад сонгууль болно.

 

Ирэх зургадугаар сарын 29-нд монголчууд нийтээрээ шинэ Ерөнхийлөгчтэй болох хариуцлагатай сонголтыг хийнэ. Дахиад л манай танай нам, миний, чиний хүн гэсэн эцэс төгсгөлгүй улстөржилт шат шатанд өрнөж таараа. Бүх ард түмний саналаар хэн гэгч нь энэ суудалд очихыг хэлэхэд эрт байгаа ч улс төрийн намууд, улстөрчид бүгд л дотроо нэгийг бодож, хоёрыг тунгааж суугаа нь дамжиггүй. Ёстой л жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр худалч, хулгайч, луйварчин, попчин хэн нь ч байлаа гэсэн нэг нь дийлэнх олонхийн саналыг авч ялалт байгуулах биз.

 

Эхнээсээ нэр дэвших хүслээ илэрхийлээд эхэлчихэж. Эрх барьж буй Ардын намаас УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвших магадлал өндөр буй. Намаа ялалтад хүргэж, Ерөнхий сайдын суудалд суух боломжтой байсан ч Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс татгалзах болсон түүний хүсэл нь Ерөнхийлөгчид өрсөлдөх гэдэг нь тодорхой байлаа. Тэгвэл энэ намаас дараагийн магадлалтай улстөрч нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ. 2013 оны сонгуулиар Ардын намаас Ерөнхийлөгчид өрсөлдсөн түүний хувьд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байв.

 

Үнэндээ тухайн үед МАХН-тай АН-ынхан тохироо хийж Н.Удвалыг нэр дэвшүүлж санал хуваагаагүй бол Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч болох байсан хэмээн өөрсдийгөө зөвтгөх хүн ч цөөнгүй. Тиймдээ ч өмнө авсан саналдаа итгэл төгс байгаа учраас дархан аваргын санаанд дараагийн сонгуулийн ялалт багтаж байхыг үгүйсгэхгүй. Дараагийн хүн нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Түүнийг намын ахмад гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв гэсэн уриалгыг гаргажээ.

 

Ахмад улстөрчдийн хүсэл мэт харагдавч Ө.Энхтүвшин гишүүний санаанд эмээлтэй, хазаартай морь багтаж буй нь энэхүү уриалгаас бэлхэн. Сөрөг хүчний хувьд өнөөх л дотоод сонгууль гэгчээр нэр дэвшигчээ сонгохоо мэдэгдсэн. Үнэхээр намын жирийн гишүүд сонгох уу, эсвэл намын даргын сонгууль шиг мөнгөтэй нэг нь санал худалдан авч, жирийн гишүүд нь бус дансны аргаар луйвардаж өрсөлдөх эрхээ авах уу гэдгийг хэлэхэд эрт байгаа.

 

Юутай ч Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сон­гуульд Э.Бат-Үүл нэр дэв­ших хүсэлтэй гэдгээ илэр­хийлсэн бол Н.Алтан­хуяг, Р.Амаржаргал нарын нэр яригдаж буй. Өөрсдөө ч үгүйсгэхгүй байгаа. Энэ намд Ерөнхий­лөг­чид өрсөлдөх шаанстай улстөрчид чамгүй олон байгаа учраас эдгээр хүмүүс зөвхөн таамаг төдий. Дотоод сонгуулиар тэд хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх учиртай.

 

Харин УИХ-д ганцхан суудал авсан МАХН-аас Н.Энхбаяр өрсөлдөж магад. О.Баасанхүү гишүүний олж ирсэн нэр дэвших эрхийг тэр аль талаараа зүгээр өнгөрөөхгүй л хүн. УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш ажин түжин байсан нэг хүн ойрын өдрүүдэд дуу шуу орж, "Монгол босно” хэмээх "поп” тоглолтоо ч хэдийнэ эхэлсэн байна лээ. Энэ бол экс гишүүн С.Ганбаатар. Түүнд нэг бодол байгаа л даа. Урьдчилсан байдлаар эдгээр хүмүүсийн нэр хамгийн магадлал өндөртэй яригдаж байна. Хамгийн багадаа л гурван хүн Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөнө.

 

Тэр тусмаа парламентад суудал авсан улс төрийн намуудын төлөөлөл Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх учиртай. Ахиад л ард түмэн намаараа талцаж хуваагдан улстөржинө. Нэр дэвшихээр яригдаж байгаа нэр бүхий нөхдийг газар дор ортол муулж, доромжилж, элдвээр нь хэлэх кампанит ажил далд өрнөж байна, одоохондоо. Гэхдээ үүнийг улстөрчид, намууд нь өөрсдөө хийдэг гэдгийг хэлүүлэх юун. 

 

Тэгээд ч эдгээр магадлалтай гэх улстөрчид дунд монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж, ард түмний саналаар Ерөнхийлөгч болчих магадлалтай хүн цөөхөн харагдаж байгааг нуугаад яах вэ. Дийлэнх олонхи нь таагүй асуудалтай нэр холбогдож явжээ. Эрх мэдлээс буучихвал "хэцүү нэрт” рүү ачигдах нь тодорхой учраас төрийн өндөр албан тушаалыг "хоргодох байр” гэж сэтгэгч байхыг ч үгүйсгэхгүй.

 

Авлига, албан тушаалын наймаа, газар өмчлөлийн асуудлаар бүхэл бүтэн түүх бичсэн хүн ч байх аж. Ах дүү, амраг садан нь төрийн тендер хуурамчаар авсан, их хэмжээний мөнгө идсэн уусан гэх цол гуншинтай нөхөр ч байгаа юм. Үгүй ядахдаа л, монголчуудын нэр хүндийг дэлхийн тавцанд зөвөөр сурталчлах мэдлэг боловсролтой, харийн улсад очоод хэл усаар гологдохгүй хүн байх учиртай юмсан. Гэвч тийм боловсролтой хүн тун цөөхөн. Байгаа нэг нь таагүй намтартай.

 

Дийлэнх олонхи нь их, дээд сургуулиа яг таг төгссөн үү гэдэг нь ч эргэлзээтэй. Эрээвэр, хураавар намтартай, ард түмний эв нэгдлийн төлөө биш улс төрийн намуудын эрх мэдлийн төлөө л өрсөлдөж буй эдгээр хүмүүсээс дараагийн дөрвөн жил эв нэгдэл биш өс өвөртөлсөн улс төр, эрх мэдлийн төлөөх тэмцлийг л хүлээх нь тодорхой. Үнэндээ бүх ард түмэн нийтээрээ биш аль нэг намын гишүүдийн саналаар л Ерөнхийлөгч сонгогддог бичигдээгүй хууль төрд хэрэгжээд удаж байна. Тиймээс бүх ард түмний хүсэл сонирхолд нийцэх, улстөрч биш хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож яагаад болохгүй гэж.

 

Ардын намд тал засч, төрийн эрхийг хувааж идэхгүй хүнийг олъё. Аль эсвэл Ардчилсан намыг улс төрийн тавцангаас унагахгүйн төлөө улайрдаг биш ард түмний төлөө, улс орны хөгжил, эв нэгдлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах мэдлэг боловсролтой нэгний эрэлд гарцгаая. Тэгэхийн тулд Ерөнхийлөгчөө чин үнэнчээр, бүх нийтээрээ сонгочихъё. Тэгэхдээ улстөрчийг биш. Улс төрийн намуудын "утсан хүүхэлдэй”-г биш. Жинхэнэ ард түмний төлөөлөл болох хэн нэгнийг сонгомоор байна.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Б.Өнөртогтох

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?