📅

АН-ын шинэ фракц хөдөө, орон нутагт хүрээгээ тэлж байна

🕔 2016/03/14 13:11

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн жил 2015 онд Ардчилсан намын санаа зорилго нэгтэй хэсэг гишүүд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлон томъёолж, тэдгээр үнэт зүйлсийг хамгаалан хөгжүүлэх хүсэл зорилгыг нэгтгэх талаар намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь дэмжлэгийг хүлээж, энэхүү үйл ажиллагааны үр дүнд "МоАН Санаачилга” хэмээх бие даасан байгууллага өнгөрсөн хоёрдугаар сард мэндэлсэн.

МоАН Санаачлага нь ардчиллын суурь үнэт зүйлсийг тусгайлан хамгаалж, тогтмол хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнийг зохион байгуулж удирдах байгууллага гэж үүсгэн байгуулагчид нь томьёолж буй юм билээ.

МоАН Санаачлагын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг дэмжигчид хөдөө, орон нутагт сайн дураар нэгдэн нийлэх эрмэлзлээ илэрхийлж байгаа төдийгүй анхны салбар Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, хурлаа хийсэн байна. Тус хуралд МоАН Санаачлагын ерөнхийлөгч Л.Болд, дэд ерөнхийлөгч Д.Нямхүү, Ж.Равдандорж, зөвлөх Л.Пүрэвбаатар нар оролцсон байна.

Дээрх хурлын үеэр тэртээх ерэн оны хувьсгалд гар бие оролцож, тэр үед ардчиллын үзэл санаа, үйл хэргийг өөр өөрсдийнхөөрөө төсөөлөн зураглаж байсан анхны партизанууд, гишүүд, дэмжигчид ардчиллын хорь гаруй жилийн түүхэн үйл явцыг мөн л өөр өөрсдийнхөөрөө дүгнэж цэгнэн амжилт, алдаа оноог шүүж, цаашлаад гажуудал нь хаана байгаа, хэрхэн яаж засч залруулах талаар байр сууриа илэрхийлэн халуун яриа өрнүүллээ.

Шийдэл, арга зам хайсан хурлын төлөөлөгчид МоАН Санаачлагын дэвшүүлж буй ардчиллын мөн чанарыг зөв тодорхойлох, түүнийг хөгжүүлэх, арчлан хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахын төлөөх зорилго, үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийлж, Дархан-Уул аймагт байнгын үйл ажиллагаа явуулахаар болсон юм.

Улмаар Дархан-Уул аймаг дахь салбарын тэргүүнээр Д.Жаргалсайхан сонгогдож, МоАН Санаачлагын ерөнхийлөгч Л.Болд түүнд батламж гардуулсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд уриалгыг дэмжин хамтарч ажиллахаа мэдэгдсэн дарханчуудад талархал илэрхийлээд "Ардчилал нь шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл” хэмээн онцолсон юм.

Цаашид ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох, МоАН Санаачлагын энэхүү зорилгын дор улс төрийн болон бусад үйл ажиллагааг дэмжих, тогтмолжуулах эрмэлзэлтэй байгаагаа Дундговь, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн гишүүдийн зүгээс илэрхийлж салбар нэгж байгуулан ажиллах хүсэлтээ тавиад байгаа юм байна.

Ийнхүү АН-ын шинэ фракц хөдөө орон нутагт хөлтэй болж, хүрээгээ тэлж эхлэх нь энэ.

П.Доржскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?