16 давхарын бохирын шугам хоолойг засварлах ажил эхлэв
Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ хөрөнгөөр 12 дугаар багийн нутагт дэвсгэрт орших 16 давхар байрны зоорийн давхарын инженерийн шугам сүлжээг засварлах аж.
Уг ажлын эхний ээлжинд тус байрны гадна байрлах 12 худгийг соруулж цэвэрлэжээ. Харин энэ сарын нэгнээс эхлэн зоорийн давхарын бохир усыг соруулж цэвэрлэх ажил явагдаж байна. Холбоосоороо салсан, шугамууд цоорсон, хоолойгоор бохир ус байнга алдаж байгаа учир мэргэжлийн байгууллагууд үйлчилгээ хийхийн тулд айл өрхүүдийн хэрэглээний халуун хүйтэн усыг энэ сарын 04-ний өдрийг хүртэл хаасан ажээ. Бохир усыг юүлж дуусгаад, хортой хийг гадагшуулан хүн орж ажиллах нөхцөлийг бий болгосны дараа бохирын шугамыг засварлана гэж холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл мэдэгдлээ.
Уг ажлыг бүхэлд нь Дархан Ус суваг ХК ямар ч ажлын хөлсгүйгээр гүйцэтгэж байгаа аж. Гүйцэтгэгчийн зүгээс энэ сарын 19 гэхэд ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
16 давхар барилга нь 1986 ашиглалтад орсноос хойш 2006, 2013 онуудад инженерийн шугам сүлжээний засвар хийгдэж байжээ. Одоо тус байранд 171 өрхийн 580 гаруй оршин суугч амьдарч байна.