📅

"Монголчилсон" засаглалын гацаа

🕔 2017/06/07 12:29

Хүн бүр ижил тэгш эрхтэй, аз жаргалтай амьдрахын төлөө төрдөг. Ямар ч хүн ажил хийгээд, бүтээснээ борлуулаад, орлогоороо хэрэгцээгээ хангаж, боловсорч хөгжөөд, дуртай газраа аялаад, үр хүүхдээ мөн л тэгж хүмүүжүүлж аз жаргалтай амьдрах учиртай. Тэгж амьдрахад эрх чөлөөт байдал, шударга ёс, хуулийн засаглал заавал байх ёстойг хүн төрөлхтөний хөгжлийн түүх гэрчилж байна.

Гэвч хүн бүр гарал үүсэл, эд хөрөнгө, зуршил, хөдөлмөрийн бүтээмж, үзэл бодлоороо угаас адил биш учир хүмүүс бие биедээ харилцан ялгаатай нөлөөлдөг. Хувь хүн өмч хөрөнгөө, аюулгүй байдал, эрх чөлөөгөө дангаараа хамгаалах боломжгүй учир хамтран хэлэлцээд, дээрээ нэгэн байгуулал бий болгосон нь төр юм.

Төр юуг яаж хамгаалах, эрх мэдэл нь хаана эхлэх ба дуусахыг хуулиар зохицуулдаг. Төрийн зардлыг иргэд татвараараа төлдөг учир төр бол иргэдийн өмч. Зөвхөн төр л хүч хэрэглэж хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах эрхтэй тул эрх мэдлийг нь иргэд  хязгаарлан барьж, үйл ажиллагааг нь тогтмол хянаж байх ёстой.

Иргэд ч, төр ч хуулиа хэрхэн дээдэлж байгаагаас улсын маань хөгжил, бидний амьдрал, аз жаргал, зовлон зүдгүүрийн түвшин хамгийн ихээр хамаардаг.

ЗАСВАРААС САЛДАГГҮЙ ДЭГЛЭМ 

Монголчууд бид түүхэндээ анх удаа хуулиа дээдлэх ёсыг тогтоох боломжтой болоод 25 жилийн нүүр үзлээ. Энэ боломжийг ардчилал гэдэг. Нэгэнт л бүх хүн яг адилхан санал, шийдвэр гаргаж чадахгүй учраас дийлэнхи олныхоо саналаар төрийн эрх мэдлийг тодорхой улс төрийн намд өгөөд хэсэг хугацаанд ажиллуулж, чадахгүй бол сольж болдог ардчилсан дэглэмийг хүн төрөлхтөн 200-гаад жилийн өмнө бодож олжээ.Ардчиллыг монголчууд хэрэгжүүлэхийг оролдон олон янзаар "монголчилж” байгаа ч учраа олж чадалгүй өнөөг хүрлээ.

Бүх хуулийн үндэс суурь нь болдог Үндсэн хуулиа бид 1992 онд батлав. Ардчилсан орнуудын жишгээр төрийн эрх мэдлийг хууль тогтоох, хэрэгжүүлэх болон шүүх гэж гурав салган ангилж, тус бүрийг нь тодорхой байгуулалд ногдуулан өгсөн боловч төр засгийн үйл ажиллагаа нь төдөлгүй гацаж эхэллээ. Улсын Их Хурлын чуулган болон байнгын хорооны хурлын шийдвэр нь гишүүдийн дийлэнх олонх нь оролцсон бол (54 гишүүн) хүчинтэй болдог байснаас 50 суудал авсан нам засгийн газраа ч байгуулж чадахгүй байв. 2000 онд Үндсэн хуулиндаа засвар хийж долоон ч заалтыг нь өөрчлөв.

Одоо чуулган болон байнгын хорооны гишүүдийн олонхи нь (39 гишүүн) ирээд, ирсэн гишүүдийн олонхын (20 гишүүн) саналаар хууль баталдаг болсон. Хууль тогтоогч 76 гишүүний бараг 1/4 нь хууль гүйцэтгэгч буюу Засгийн газрын сайд болж байлаа. Улмаар  хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн ялгаа арилсаар харилцааны тэнцвэр алдагдаж, угаасаа тогтоогүй харилцан хянаж, шалгадаг тогтолцоо бүр ажиллахаа болив. Парламент нь дөрөв таван зуун гишүүнтэй, хоёр танхимтай барууны орнуудад бол цөөхөн гишүүн нь төрийн сайд байхад эрх мэдлийн харилцааны тэнцвэр алдагддаггүй гэдгийг монголчууд бид анзаарсангүй.

Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт томорч, шүүхийн шийдвэр биелэхээ больж, төр засаг авлигад живсэн учир Үндсэн хуулиндаа дахиад л засвар оруулж, 40-өөд заалтыг өөрчлөхөөр саяхан эрх баригчид шийджээ. Энэ 2017 ондоо багтааж Үндсэн хуулиндаа ээлжит засвар оруулах тухай бүх ард түмний санал асуулга удалгүй болох аж.

Гагцхүү ээлжит "монголчилгооны” дараа төрийн "машин”-аа дахин гацаахгүйн тулд өмнөх алдаануудынхаа суурь шалтгаан юу болох, яавал давтахгүй байх талаар нарийн судалж, дүгнэх шаардлага монголын нийгэмд тулгараад байна.

СУРГАМЖ 

Төрийн машины гацааны суурь шалтгаан бол юуны өмнө төрийн гурван эрх мэдлийг бүрэн зааглаж, тэнцвэртэй, харилцан хянадаг байх нөхцлийг бид бүрдүүлж чадахгүй байгаад оршино.

Хязгааргүй их эрх мэдэл нэг хүн, эсвэл хэсэг хүний гарт төвлөрөхөөр бусад нь дарамтлуулдаг, эрх мэдэл нь хязгаарлагддаг. Тийм учраас ардчилсан оронд эрх мэдлийг хувааж, салган зааглах нь түүнийг буруу ашиглахаас сэргийлэх, хүн бүрийн эрх чөлөөг хамгаалах боломж олгодог юм.

Монголчууд бид төрийн эрх мэдлийг гурав хуваасан ч ялгааг нь сайн гаргаж, салгаж чадаагүй учраас эрх мэдлийн байгууллууд нь хоорондоо ижил тэгш эрхтэй, тэнцвэртай харилцаж, харилцан бие биенээ хянаж чадахгүй байгаа. Тиймээс хуулийн засаглал тогтохгүй, хууль нь үйлчлэхгүй болохоор шударга ёс алдагдсаар, ардчилсан систем бүхэлдээ устах аюултай нүүр туллаа.

Хууль тогтоох, хэрэгжүүлэлтийг нь шалгах эрх мэдэл бол зөвхөн УИХ-д байх ёстой. Харин хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь гүйцэтгэх болон шүүхийн эрх мэдэлд ногддог.  Гүйцэтгэх эрх мэдэлд засгийн газар, цэрэг, цагдаагийн байгууллууд орно. Шүүх эрх мэдэл нь шударга ёсыг сахин хамгаалах буюу аливаа маргаанийг хараат бусаар, тал засалгүй шийдэх үүрэгтэй. Нийгмийн бүх харилцаа хуульд нийцсэн байхыг шүүгчид хариуцдаг.

Хууль тогтоогчид гүйцэтгэх эрх мэдлийг шалгадаг буюу засгийн газар Их Хурлын өмнө бүх үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Гэтэл манайд Их Хурал нь өөрөө гүйцэтгэх засаглал болчихсон учраас гүйцэтгэлийн хариуцлагыг хэн нь хүлээх нь тодорхойгүй болжээ. 

Ерөнхийлөгч хууль тогтоогчдыг хянаж, шаардлагатай бол тараах эрхтэй. Гэтэл манайд Ерөнхийлөгч шүүх засаглалыг хянадаг болчихсон учир шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байж болдог жишиг тогтов. Шүүх эрх мэдлийг Их Хурлаас заавал мөрдөхийг шаардсан хууль гаргах замаар хянадаг.

Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл аливаа хуулийг Үндсэн Хуулийн цэц хүчингүй болгох эрхтэй. Гэтэл Үндсэн хуулийн цэц нь Их хурлаас хараат, даалгаврыг нь биелүүлэгч болчихсон. Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан учир жишээлбэл Их Хурлын пропорцианаль зарчим алга болов.

Ардчилсан төрийн бүх үйл ажиллагаа нь ил тод байх ёстой. Гэтэл сонгуульд ялж, төр засгийн бүх эрх мэдлийг гартаа авдаг улс төрийн намуудын үйл ажиллагаа, ялангуяа санхүүжилтийг Монгол улс ил тод болгож чадахгүй өдийг хүрлээ. Тийм ч учраас төрийн бүх эрх мэдэл намын санхүүжүүлэгчдийн гарт шилжээд байна. Мөн сонгуульд ялаагүй ч, Их Хуралд суудалтай улс төрийн намууд нь төрийн эрх мэдлийг хэрхэн ашиглаж буйг хянаж, шалгадаг сөрөг хүчин болж чадахгүй байна.

Төрийн гурван эрх мэдлийг маш тодорхой салгаж зааглаад, ижил тэгш эрх мэдэлтэй, харилцан биенээ хянадаг болгож тэнцвэржүүлэхгүйгээр Монгол улсад ардчилал бэхжихгүй.

Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.

Д.ЖАРГАЛСАЙХАН


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?