📅

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хуйвалдаан гэж үзэж Цэцэд өргөдөл гаргажээ

🕔 2016/09/30 13:31

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хуйвалдаан гэж үзэж Цэцэд өргөдөл гаргажээ

 

Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” нь МУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн хууль гэж үзээд энэ сарын 28-ны өдөр Үндсэн Хуулийн Цэцэд өргөдөл хүргүүлсэн байна. Тэрбээр "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” нь хууль тогтоох засаглал Үндсэн хуулинд заасан ард иргэдийнхээ болон улсын ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүргээсээ хяцаж буй шударга бус, хуйвалдаан гэж үзэж байгаа аж. Тэрбээр өргөдөлдөө юу өгүүлснийг хүргэе. "Х.Бат-Ялалт миний бие Монгол улсын Үндсэн хуулийн 66-р зүйлийн 66.1, Үндсэн хуулийн Цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.1-ийг тус тум үндэслэн энэхүү өргөдлийг гаргаж байна.

Өргөдөл гаргаж буй хууль зүйн үндэслэл

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь:

  1. Монгол улсын Үндсэн хуулийн үндсэн үзэл санааг зөрчсөн
  2. УИХ бүрэн эрхээ хэтрүүлсэн
  3. УИХ нь шүүх эрх мэдэлд халдсан

НЭГ. Шударга ёс, хууль дээдлэх, тэгш эрхийн зарчмыг үгүйсгэж Үндсэн хуулийн үндсэн үзэл санааг зөрчсөн болох нь

Монгол улсын Үндсэн хууль нь Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийг ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зоригло болгоно. Үүний учир Монгол улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна хэмээн эхэлдэг.

Мөн Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дох хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн заасан. Гэтэл эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1-р зүйл дээр "… энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан, өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж шинээр тайлагнасан…” этгээдийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн хуульчилсан нь Монгол улсын үндсэн хуулийн үндсэн үзэл санаа болон Төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, хууль дээдлэх, тэгш эрхийн зарчмийг үгүйсгэж хууль зөрчигч, шударга бус этгээдүүдийг өөгшүүлсэн хэмээн үзэж байна. Энэхүү хууль нь зөвхөн хууль зөрчигчдийн эрх зүйн байдлыг дээшлүүлж, зөвхөн хууль зөрчигч, шударга бус этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгыг агуулсан байгаа нь тодорхой байна. Харин эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд үнэнч шударгаар үйл ажиллагаа явуулдаг, үнэнч шударгаар төрийн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөсөө болж эдийн засгийн хувьд хууль зөрчигчдөөс хоцорсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хөндөөгүй орхигдуулсан нь учир дутагдалтай, Монгол улсын иргэд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн үзэл санаатай мөн зөрчилтэй байна гэж үзэж байна.

ХОЁР. УИХ бүрэн эрхээ хэтрүүлсэн болох нь

Монгол улсын Үндсэн хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална, 25-р зүйлийн 25.1.1-д УИХ нь хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэнэ хэмээн заасан байна.

УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах буюу Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн хууль батлах улмаар тэрхүү хууль нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Гэтэл эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь нийт ард иргэдийн ашиг сонирхлын эсрэг, улсын ашиг сонирхлыг эсрэг, Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг агуулгатай байгаагаараа УИХ бүрэн эрхээ хэтрүүлэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд үйлчилсэн болох нь тодорхой харагдаж байна.

Хуулийн зорилт явцуу, агуулга Үндсэн хуулийг зөрчсөн, бүтцийн хувьд авч үзэх юм бол 7 зүйлтэй, 2 хуудас хүрэхгүй  байгаа нь Монгол улсын ИХ ХУРАЛ хэний эрх ашгийг хамгаалж, хэний төлөө ажиллаж байгаа нь тодорхойгүй, эргэлзээтэй байгаа юм.

ГУРАВ. УИХ шүүх эрх мэдэлд халдсан

Монгол улсын Үндсэн хуулийн 47-р зүйлийн 47.2-т Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно,  50-р зүйлийн 50.1 дэх хэсэгт шүүх нь хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх хэмээн тус тус хуульчилсан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар хуульд заасан хариуцлага болон албан татвараас чөлөөлөгдөөд байгаа этгээдүүдэд хамаарах үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулинд гэмт хэрэгт тооцогдохоор заагдсан үйлдлүүд байх бөгөөд хууль хяналтын байгууллагын албан хаагчдын нөр их хөдөлмөрөөр, улсын сан хөмрөгөөс, төсвөөс их хэмжээний зардал гарган улс орны хэмжээнд өдөр тутам хийгддэг нийтээрээ эсэргүүцэн тэмцдэг ажил бөгөөд өөрөөр хэлбэл эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиар зохицуулахыг оролдсон харилцаа нь өөр олон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд хамааралтай байсаар байтал холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, зарим нэг хууль хяналтын байгууллагын хуулиар олгосон бүрэн эрхэнд нь халдсан байгаа нь  заавал анхаарах ёстой асуудал юм. Тодруулбал эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-т энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно, 6-р зүйлийн 6.2-т энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэнгаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ өртөгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно, энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно хэмээн тус тус заасан нь шууд утгаараа гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдийг өмгөөлөн хамгаалсан, ихэвчлэн их хэмжээний хөрөнгө мөнгөтэй хувь хүн, хуулийн этгээдүүдийг хууль хяналтын байгууллагуудын шалгалт, хяналтаас салгах зорилготой ХУЙВАЛДААН болох нь тодорхой харагдаж байгаа юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг хүчингүй болгох зайлшгүй шаардлага

Монгол улсын иргэд, хуулийн этгээдүүд хуулийг дагаж мөрдөхөөс зайлсхийх, хууль бус үйлдлийг хэзээ нэгэн цагт өршөөх, хамгаалах боломж байгаа мэт итгэлийг төрүүлэх замаар хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, бүх нийтээр хууль зөрчиж амьдрахыг уриалж байгаа нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Хууль тогтоогчид хууль зүйн орчныг сайжруулахын оронд хууль зөрчиж амьдрагчдыг дэмжсэнээр үнэнч шударгаар амьдрах нийтийн хүсэл эрмэлзлийг мохоож байна.

Мөн хууль тогтоогчдоос эрх мэдлээ хэтрүүлэн аливаа гэмт хэргийг өөгшүүлж, нийгмийн тэгш бус байдлыг дэвэргэж, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтыг дэмжиж баян хоосны ялгаа нэмэгдэх, хууль бус аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдүүдэд үйлчлэх, тэдний эрх ашгийг хамгаалж улмаар нийтэд мөнгө, эрх мэдэлтэй хүмүүст хууль эрх тэгш үйлчлэхгүй байх нийтийн ухамсрыг бий болгож байгаа нь бүхэлдээ Үндсэн хуультай бодит амьдрал дээр зөрчилдөж байгааг залруулах шаардлагатай байна.

Тийм учраас эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэж олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэн Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүйд тооцож хуулийн хариуцлагаас хууль бус хууль батлан чөлөөлөгдсөн гэмт этгээдүүдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг Монгол улсын хууль хяналтын байгууллагуудад олгоно уу?” гэсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?