📅

Сонгуулийн буян

🕔 2017/06/07 11:37

Сонгуулийн буян

Худлаа амлалт шүү дээ гэж бодсон ч цээжний алсад итгэлийн гэгээ татаад сонгуулийн буян их юм даа гэх хүмүүс цөөнгүй байна. Бүдэгхэн гэрэлтэй энэ нийгэмд худлаа ч гэсэн сайхан үг сонсох нь аятайхан байгаа хэрэг. Ерөөсөө л сонгуулийн буян их юм хойно. Нэр дэвшигч нөхдөө хэдэн эхнэртэй, хэдэн хүүхэдтэй, ямар хөрөнгөтэйг төвөггүйхэн мэдэхээс эхлээд ямар гэмт хэрэг өдүүлж байсан хүртэл мэдэж болох юм. Тэр ч бүү хэл удам угшил, ор хөнжлийн асуудлыг ч төвөггүй мэдэж болно.

       Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгааны өмнөх орой телевизийн бараг бүхий л сувгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын тухай нэвтрүүлэг цацлаа. Өнөөх Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөл, төмөр замын төсөл гээд нэр дэвшигч Х.Баттулга нь улсын төсвөөс лавтай 14 тэрбум төгрөг хусчихсан гэдгийг сонгуулийн сурталчилгааны буянаар олж мэдлээ.  Түүнээс бус энэ их мэдээллийг надад хэн хэлж өгөхөв дээ. Сонгуулийн л буян ш дээ. Хэвлэл мэдээллийнхэн худлаа мэдээлэл ийнхүү зэрэг зэрэг дэлгэхгүй байлгүй гэж найдаад итгэхээс өөр аргагүй.

      Гэтэл сурталчилгааны ажиллагаа албан ёсоор нээсэн орой МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын эсрэг мэдээллийг мөн л бүхий л сувгаар явуулав. Нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай хамт суучихсан МАНАН болон хэдхэн гэр бүл, бүлэглэл Монголын баялагийг цөлмөж дуусч байгааг зарлав. Хагартлаа баяжаад байгаа цөөн гэр бүлийн нэг нь М.Энхболд бололтой юм. Тэр ямартай ч ядуу хүн биш. Нөгөө талаар олон нийтийн сувгаар хариуцлагатай алба хашиж явсан эрхмүүд ярьж байхыг бодоход үнэн байж таарна. Мөнхүү М.Энхболдыг газрын наймаачин гэдгийг төдийгүй төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэдгийг ч энэ үеэр мэдэж авлаа.

       Энэ мэтээс гадна Х.Баттулгыг орос эхнэртэй гэдгийг мэдлээ шүү дээ. Бас Орос Монгол нийлсэн гурав, дөрвөн ч эхнэр, арваад хүүхэдтэй гэдгийг ч мэдэж авав. Өнөөх муу С.Ганбаатар чинь чаавас ямар ч сургууль төгсөөгүй гэдгийг сая л мэдлээ. Уг нь хөөрхий суралцаад л байсан бололтой юм. Даанч нэгийг нь ч төгсөөгүй юм билээ. Эх оронч сайн удирдагч байхад диплом нэртэй цаас тэгтлээ хэрэг болохгүй ч нэг сургуулиа бүрэн дүүргэж чадаагүй гэдгийг сонгуулийн буянаар олж мэдэв шүү. С.Ганбаатарыг гудамжинд жагсагч, Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн гэдгээр нь мэдэхээс Хаан банкинд газрын захирал байгаад, Н.Энхбаярын зөвлөх байгаад туугдсан гэж сайн мэдэхгүй л юм билээ. Сонгуулийн буянаар л мэдэж авлаа. Түүний хувьд төрд тэгтлээ удаагүй болохоор идсэн уусан баримтаа бүрдүүлж чадсангүй. Тиймээс хэвлэл мэдээллээр М.Энхболд, Х.Баттулга нар шиг хэдэн арван тэрбумаар идчихсэн гар биш бололтой юм. Харин жагсаал хийж, уул уурхай дарамтлах замаар тав арван цаас олж байсан гэдэг мэдээлэл бол бий. Үнэн худлыг мэдэхгүй юм.

      Энэ бүгд ч дүүрсэн хэрэг сонгууль болдгоороо болоод дуусна. Харин сонгуулийн дараа ор хөнжил, зүрх сэтгэлээ хүртэл нэгжүүлсэн нэр дэвшигчид маань хөөрхий. Ерөнхийлөгч болсон нэг нь ч яахав, эрх мэдлээрээ далайлгаад мэдээллээ хаачих байх. Харин ялагдал хүлээсэн хоёр маань л хэцүү.

       Цаашлаад сонгуулийн хэд хоногт нэр дэвшигчдынхээ тухай хэн ч мэдэхгүй олон мэдээллийг олж сонсох шинжтэй. Энэ бүхнээ үргэлжлүүлэн та бүхэнтэй хуваалцах болно.

С.Баяр

Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?