📅

Женко Х.Баттулга “Урт хутгат”-ын аймшигт түүхийг давтахыг хүсэв үү?

🕔 2017/05/31 10:36

Cонгуулийн сурталчилгаа ойртох тусам улстөрчдийн бие биендээ хаягласан захиалгат нэвтрүүлэгүүд ихэсдэг. Гэхдээ энэ бүхэн хуулийн хүрээнд, үзэгч сонгогчиддоо хүндэтгэлтэй хандах ёстой. Харин энэ сарын 29-ний орой "С1”, "ТВ9” зэрэг телевизээр хүчирхийлэл аллагад уриалан дуудсан шинжтэй нэвтрүүлэг цацагдсан нь хүмүүсийг айдаст автууллаа. "Улаан тарианы хүүхдүүд” нэртэй уг нэвтрүүлэгт "ТВ9” телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга "Монголын нийгмийг цэвэрлэхийн тулд 200 хүний толгойг тасдаж, Монголчууд түүнийгээ тойрон бүжиг хийх хэрэгтэй” гэж жишим ч үгүй хэлж үзэгч олныг сэрдхийлгэв.

"Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлэг хамгийн эхлээд "С1” телевизээр цацагдсан юм. Энэ телевиз нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын хөрөнгө оруулалттай, үүсгэн байгуулагдсан телевиз. Өдөөн турхирч, үймээнд уриалсан нэвтрүүлгийг захиалагч нь ч бас тэр өөрөө юм.

Сонгуульд шударгаар өрсөлдөх, улс төрийн соёл, сонгогчдоо хүндлэх зэрэг наад захын ёс зүй энэ нэвтрүүлгээс харагдахгүй байна. Олон хүнд дургүйцэл жигшил бас айдас төрүүлсэн "Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлэг улс төрийн зорилготой, Монголчуудыг хагаралдуулах тактик байсан гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ч бас өчигдөр мэдээллийн хөтөлбөрүүдэд өгсөн ярилцлагандаа хэлж байна. Тэрээр "Өнгөрсөн дөрвөн жил Х.Баттулга Ардчилсан намын талаар баахан монтаж хийсэн. Батхүүгийн тухай "Тангарагийн буг” гэдэг кино хүртэл хийсэн шүү дээ. Ер нь Халтмаагийн Баттулга гэж зохиолчтой болсон хэцүү байна. Хүнтэй нүүр тулж ярьж чаддагүй, дандаа монтаж хийж хов, жив холбосон юм хийгээд байх юм. Хоёр зуун хүнийг хороох тухай ярьж байна лээ. Энэ бол Ш.Гантулгын тэнэг яриа биш Х.Баттулгын бодож байгаа зүйл гэж ойлгогдсон” гэлээ.

"Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлэг гарахаас өмнө мөн л Женко Х.Баттулгын талаар дөвийлгөн өгүүлсэн нийтлэлч А.Баатархуягийн "Урт хутгат Тулга, Улаан нүүрт Ми Еэ ба Урвагч долдой Фэн Шүйтэй хэлэлцсэн шастир” гэх нийтлэл гараад байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд зарим өрсөлдөгч "Соёлтой сонгуульдацгаая” гэхчлэн уриалж, иргэдийн зүгээс ч "Танья, мэдье, сонгоё” гэхчлэн бодит мэдээлэлд тулгуурласан сонголт хийхийг уриалсан олон нийтийн аян зарлаад байхад зохиогч энэ нийтлэлийг гаргасан нь өрсөлдөгч намууд төдийгүй, олон нийтийг бохир өрсөлдөөн, түүнээс үүдэж мэдэх айдаст автуулж, сөрөг сэтгэгдлүүд дагуулж байлаа.

Удалгүй буюу нийтлэл гарснаас хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгобмын Энхболдын хүү Анарыг мессежээр дарамталж, үүндээ А.Баатархуягийн нийтлэлийн дүр болох "Урт хутгат” Тулга гэсэн нэрийг хүртэл ашигласан байсан юм. Урт хутгат гэх энэ үг нь Германы түүхэн дэх 1942 оны зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны хооронд үргэлжилсэн аймшигт аллагаас үүдэлтэй. Тухайн үед улс төрийн эрхийг дөнгөж аваад байсан Адольф Гитлер өөрийн эрх мэдэл, хүч нөлөөнд саад учруулсан гэх шалтгаанаар өөрийн намын жигүүр, нэгдлийн зуу зуун хүн төдийгүй тэдний дэмжигчдийг гуравхан хоногт хөнөөсөн түүхтэй. Энэ аймшигт үйл явдлыг түүхэнд "Урт хутгатуудын шөнө” гэж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл орчин цагт, амар амгалангийн орон гэгддэг Монгол Улсад түүхийн хамгийн хар толботой холбогдох "Урт хутгат” гэх энэ нэрийг ашиглан улс төрийн эрх мэдэлд тэмүүлж байгаа нэр дэвшигч Женко Х.Баттулгын үйлдлийг иргэд эсэргүүцэж байна. Сонгууль шударга өрсөлдөөний хүрээнд, бодлого, зарчмын уралдаан байх ёстой бөгөөд энэ мэт хар пиарын, аймшигт түүхээр жишиг болгосон өрсөлдөөн байх ёсгүй гэдгийг сошиал орчинд олон хүн бичжээ. Тухайлбал, олонд танигдсэн сэтгүүлч С.Батзаяа "Хардалт сэрдэлт байж болно оо. Энэ бүр байх ч ёстой юм. Бүр үзэн ядалт ч байхыг үгүйсгэхгүй. Гэвч таны энэ хар хорыг зөвхөн баримт, факт нотлох ёстой болохоос хэн нэг "маш эргэлзээтэй” хүнээр "толгойг нь авч тойрон бүжиглэ,” "цус урсгахаас аргагүй” мэтээр яриулан дур ханаж болохгүй! Сэтгүүл зүйн зарчим ийм зүйлийг бидэнд зөвшөөрөөгүй гэж би ойлгодог” гэж Фейсбүүк хуудастаа нийтэд ил бичсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байна. Гэтэл улс төрийн нэвтрүүлгүүд нь хүчирхийлэлд уриалсан хэлбэртэй болж түүнийгээ зохион байгуулалттай буюу төлбөртэйгөөр түгээж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж байна. Хуульт засагтай Монгол Улсад 200 хүний толгойг тасдан авах тухай ярих нь хийрхэл гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ бусдын бодол санааг үймүүлэх ийм үгийг хэлэх, хэлүүлэх болсон шалтгаан юу  байх вэ. Иргэд улстөрчдийн хаясан яснаас болж талцаж муудалцахыг биш, харин сонгуулийн соёлтой өрсөлдөөнийг хүсч байна.

Ер нь сонгууль гэдэг бол төрийг удирдах, хэн нэгэн, хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө биш олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх удирдагчаа сонгодог дөрвөн жилд нэг удаа олгоддог иргэний эрхийн өдөр. Харин сонгогчдын саналыг бодлого, шударга өрсөлдөөнөөр авах бус энэ мэтчилэн хагалан бутаргах, айдас хүйдэст автуулах байдлаар хүний амь насыг хөнөөх, түүнийгээ шударга ёсны төлөө гэж нийтийг уриалах нь хэр зохимжтой вэ. Нэр дэвшигч Женко Х.Баттулга энэ мэт захиалгат нэвтрүүлгээрээ дамжуулан сонгуулийн өдрийг Монгол дахь Урт хутгатын шөнө болгохыг хүсэв үү?

Эх сурвалж: Eagle.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?