📅

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

🕔 2017/06/06 08:53

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа өнөөдөр улс орон даяар эхэлж байна.  Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлдэг юм.

 

Харин сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу энэ сарын 25-ны өдрийн 00.00 цагт дуусч, санал хураалт 24 цагийн дараа эхлэх юм. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хугацаанд аймаг, дүүргийн иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэр дэвшиж буй юм.

Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг.

  • Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах,
  • сурталчилгааны зурагт самбар байрлуулах,
  • сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх,
  • ухуулах байр ажиллуулах,
  • радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах,
  • цахим хуудас ашиглах.

Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад хориглох үйлдэл, үйл ажиллагаа

  • Энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх,
  • зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх,
  • сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах,
  • төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах,
  • сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,
  • сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох,
  • эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэх,
  • сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулах зэрэг үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОСОН.

Сонгуулийн жил эхэлснээс хойш хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа

  • Мөнгө, эд зүйл тараах,
  • аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,
  • хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах,
  • ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх зэрэг үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг ХОРИГЛОСОН.

Сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдолд:

  • Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно,
  • Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулах бөгөөд Сонгуулийн тухай хуульд тусгайлан зааснаас гадна

  • Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах
  • үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
  • сонгуулийн сурталчилгаа хийх зэрэг эрх эдэлнэ гэж заажээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны баталсан сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийн дагуу

  • Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл боломж, тэнцүү хугацаа олгож явуулна.
  • Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевизүүд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлээ холбогдох баримт мэдээллийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?