📅

Гурван сэтгэл, нэг хүсэл

🕔 2017/06/06 11:29
Гурван сэтгэл, нэг хүсэл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд МАН, АН, МАХН гэсэн парламентад суудалтай гурван нам оролцож байна. Үнэндээ бол гарал угсаа нэгтэй МАН, МАХН хоёр нэг тал болж өнгөн дээрээ өрсөлдөж байгаа дүр үзүүлэх атлаа ханцуй дотроо гараа атгалцсан дүр зургийг олон нийт төвөггүй харж байгаа байх. С.Ганбаатар бол ХҮН-ын дарга байсан, УИХ-д бие дааж сонгогдож явсан, улс төрийн замналын хувьд туйлбар муутай эрхэм. Гэнэтхэн нэг өдөр тооноор орж ирээд МАХН-аас нэр дэвшээд явчихсан. МАХН-ыг анх байгуулалцаж явсан С.Баасанхүү гишүүн хүртэл ийм нэр дэвшигч гаргаж ирсэнд эгдүүцэж, эсэргүүцэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Ер нь С.Ганбаатар МАХН-д хэзээ элссэн, намын батлахтай эсэхийг олон нийт мэдэхгүй. Өөрөө ч үзүүлээгүй. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэснийг бодоход МАХН-ын гишүүний үнэмлэх гаргуулсан болж таарлаа. Дотроосоо дэмжлэггүй гэх мэт олон учир шалтгаанууд байгаа учраас нэр дэвшигч С.Ганбаатар хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадахгүй болов уу. Энэ сонгууль түүний хувьд улс төрд идэвхтэй байгаагаа харуулах гэсэн хээрийн сургуулилт гээд хэлчихэд болох байх. 
 
Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд өрнөх нь тодорхой. МАН-ын хувьд даргыгаа Ерөнхийлөгч болгож, албан тушаалын мөчир болгон дээр суух агуу их хүслийг нь биелүүлэх том зорилго, том дарамттай сонгуульдана. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан, бараг л хяналтгүй засаглаж байгаа МАН Ерөнхийлөгчийн сонгуулийг ч алдахыг хүсэхгүй. Хэрэв тус намын нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал МАН бүх шатанд засаглана гэсэн үг. Хэрэв М.Энхболд Ерөнхийлөгч болбол УИХ-ын дарга, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн гэсэн наад зах нь гурван албан тушаал сулрах учраас эрх мэдэлд дуртай улстөрчдийг аль эрт нойргүй хонуулах болсон. Энэ өнцгөөс бол МАН-ын хоёрдугаар ээлжийнхэнд М.Энхболд сайн Ерөнхийлөгч болж чадах гэхээсээ илүү бушуухан явуулах нь чухал.  МАН дотоод эв нэгдлээ чухалчилдаг, тогооноосоо гаргахгүй байх тал дээр тун хатуу сахилга баттай хэдий ч хэт олонхиороо засаглахын гашууныг амсаж байгаа нам. Албан тушаалын бялуу хүртээгүй хэсэг далим гарвал засгаа хөмөрчих гээд хэцүү байгаа учраас энэ зөрчлөө халхлах нь нэр дэвшигчээ ялуулахаас ч хүнд байгаа болов уу. М.Энхболдын хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол төрийн бүх л албан тушаалыг хашсан Н.Энхбаярын рекордтой зэрэгцэж очно. 
 
АН-ын нэр дэвшигч Х.Баттулга улс төрийн хүрээнийхний хувьд гэнэтийн бэлэг байсан гэж хэлж болно. Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан бүх нэр дэвшигчийг ялж гарч ирсэн болохоор хүмүүст гэнэтийн байсан хэрэг. Ардчилсан хүчнүүдийн дараалсан ялагдлыг АН-аас нэр дэвшигч Х.Баттулга зогсоогоосой гэсэн нийтлэг хүсэл байгаа учраас түүний сонгуулийн кампанит ажил илүү сонирхолтой өрнөх магадлалтай. Хэрэв Х.Баттулга ялагдвал АН 2016 оноос хойш сонгуулийн бүх циклд ялагдал хүлээсэн гэсэн гутамшигтай нэр хоч зүүн үлдэнэ. Арай өөр нэр дэвшигч гаргах байсан юм гэсэн харууслыг зузаална, АН-ын гишүүд, дэмжигчдийн итгэл, нүдний гал нэг хэсэгтээ л бөхнө. Эдийн засаг сайнгүй байгаа энэ цаг үед ганзагын наймаанаас бизнесээ босгосон Х.Баттулгын хувьд баялаг бүтээгчдийг өөртөө татах замаар ганц ч удаа бизнес хийж үзээгүй өрсөлдөгчөөсөө илүү оноо цуглуулах боломж бий. Үнэмлэхүй олонхтой өрсөлдөх мэдээж хэцүү. Гэхдээ эрх баригчдын амлалтаасаа ухарсан, татвар нэмэхээс авахуулаад иргэдийн халаас руу гар дүрсэн, дэд сайд нарыг цомхотгох замаар төрийн нүсэр бүтэц, зардлыг хэмнээгүй үнэн нүүр царайг илчлэх гэх мэтээр ухаалаг тактик баримталбал боломж бий гэж ажиглагчид дүгнэж байна. Ардчилсан нийгмийн нэг давуу тал нь эрх баригчдын хашгираанаас цөөнхийн дуу хоолой чанга сонсогдох боломж үргэлж байдаг. 
 
Эх сурвалж: Нийслэл.мн
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?