Сайн дурын идэвхтний оролцоо сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Дархан-Уул аймгийн Улаан Загалмайн Хороотой хамтран өнөөдөр / 2016.08.30/ " Төрийн хүмүүнлэгийн бодлого, үйл ажиллагаанд Сайн дурын идэвхтний оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион явууллаа. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааг орон нутгийн төвшинд өргөжүүлэх, нэмэлт хүч болон ажиллах сайн дурын идэвхтний оролцоотойгоор эмзэг бүлгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, бүтээлчээр хамтрахад оршиж байгаа ажээ. Манай аймгийн Улаан Загалмайн сайн дурын идэвхтнүүдээс гадна Дундговь аймгийн Улаан Загалмайн хорооны ажлын алба, идэвхтэн, сонгуультнууд гээд нийт 80 гаруй идэвхтэн сонгуультанууд оролцлоо. Энэ өдрийн хэлэлцүүлгийн үеэр идэвхтэн сонгуультанууд хэд хэдэн саналыг дэвшүүлж байлаа. Хүний төлөө тэдний сайн сайхан амьдралын төлөө ажилладаг иргэдийг урамшуулж аймаг орон нутгаас шагнах, сайн дурын ажилтны төгөл байгуулах саналыг дэвшүүлсэн юм. Эдгээр саналуудыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Сайн дурын идэвхтний нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Сүхбаатар, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга А.Янжмаа нар ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ онцолж байлаа.