Таахын аргагүй хоёр буюу "Тагнуулчдын тойрог"-т нэр дэвшигчид
УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөгч Ардчилсан нам нэр дэвшигчдээ танилцууллаа. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байлаа гэдэг шиг янз бүрийн л хүмүүс нэр дэвшиж. Айж ичихээ байсан, эд хөрөнгөнд сүнсээ худалдсан, хормойн донтон, харь сэтгэлтэн гээд тоочоод, тэр бүгдийг тайлбарлах гэвэл мөд дуусахгүй. Тиймээс нэгэн тойргийг онцлоё.
Энэ тойрогт амьдардаг минь нөлөөлөв үү, төрөлх нутгийг минь нэгтгэсэн нь нөлөөлөв үү, эсвэл ерөөсөө ганц үздэггүй зүйл минь нөлөөлөв үү эх орноосоо урвасан хэрэгт "сэжиглэгдэж” байсан хүмүүс хамт дэвшиж буй Сүхбаатар, Багануур дүүрэг онцгойроод байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт алслагдмал Багануур дүүргийг нэгтгэж нэг тойрог болгон оролцуулахаар болсон юм. Ингэж Багануур дүүргийн иргэдийн эрх ашгийг юман чинээ тоохгүй дэвсэлсний харгайгаар ирэх дөрвөн жилд ард түмний төлөөллөөр сонгогдсон түшээд том тойрог Сүхбаатараа л анхаарна уу гэхээс Багануурт очоод нэг дорвитой юм хийхгүй нь тодорхой. Тэгвэл "Тагнуулчдын тойрог” гэгдээд буй Сүхбаатар-Багануур дүүргийн 4 мандат дээр эрх баригч Ардчилсан намаас Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх асан М.Батчимэг, Боловсролын сайд Л.Гантөмөр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нарын нөхдүүд нэр дэвшжээ. Эдгээрээс Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын гишүүд эх орноосоо урвасан, тагнуулын хэрэгт сэжиглэгдэж байсан юм.
АНУ-ын тагнуул гэх Х.Тэмүүжин
Х.Тэмүүжингийн хувьд Хууль зүйн сайд байхдаа Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яаманд дуртай цагтаа чөлөөтэй нэвтэрч Монгол Улсын нууцтай холбоотой мэдээллийг дамжуулдаг байсныг "Викилийкс” сайт дэлхий нийтэд мэдээлсэн. Х.Тэмүүжин АНУ-ын Элчин сайдын яаманд "ам нь халахаараа өөрийн мэдэлгүй болох болохгүй зүйлээ ярьдаг авгай хүүхэн” шиг ховийн чанартай зүйл ярьж, Ерөнхийлөгчийн сонгож авсан хуулийн зөвлөх таалагдахгүй байна, ийм сонголт хийсэнд нь ихэд харамсч байна гэх зэргээр АНУ-ын албаны хүнд Төрийн тэргүүнээ ховлов. Ингэж илэн далангүй чөлөөтэй ярилцдаг уулзалтыг Америкчууд плоп /poloff/ уулзалт гэдэг бөгөөд уулзалтын талаарх мэдээлэл АНУ-ын Төрийн департамент, Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар болон бусад байгууллагад тусгай сүлжээгээр шууд илгээгддэг байна. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжингийн энд ярьсан зүйл цаашаа илгээгдэж, мэргэжлийн шинжээчдээр дүгнэгдэж байдаг байх нь. Түүнчлэн Х.Тэмүүжин Монголд хийх гэж буй хууль, шүүхийн шинэчлэлийнхээ талаар АНУ-ын албаны хүнтэй чөлөөтэй ярилцаж, түүнээс зөвлөгөө авдаг байсан аж. Товчхондоо, Хууль зүйн яамыг Х.Тэмүүжингээр дамжуулан гаднаас удирдаж байв. Үүнийг нь ч гэрчлэх олон шинэ зүйл Монголд нэвтэрснийг Америкт ажиллаж амьдарч байгаад ирсэн монголчууд хэлдэг юм. Тэд цахим карт, НӨАТ-ын урамшуулал, торгуулийн систем, сугалааны гаргалгаа зэрэг бүгд Америкийн хуулбар байгааг хэлж, 300 сая хүн амтай АНУ-ын дүрэм журам 3-хан сая хүн амтай Монгол Улсад шууд буух боломжгүйг илэрхийлсэн юм. 3-хан сая хүн амын асуудлыг сугалаагаар шийдэх болсон Монгол Улсад тун удахгүй гарцгүй газраар зам гарвал 100 ам.доллараар торгож, гэрт нь хүүхэд уйлвал аав ээжийг нь торгож, торны ард суулгах биз. Х.Тэмүүжингийн энэ хэрэг Хууль зүйн сайдтай холбоотой хэрэг учраас хууль шүүхийн байгууллагаар шалгагдалгүй хав дарагдаад өнгөрсөн. Мэдээж ингэж дарагдахад АНУ гэх "маш том ар”-аас манайхан ихэд айсан гэдэг юм билээ. Ингээд Х.Тэмүүжингийн асуудлыг түр орхиё.
Тайванийн тагнуул гэх М.Батчимэг
УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсныг хүмүүс мартаад байна уу, эсвэл түүний тагнуулын гэх хэргээсээ болоод Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийг мартаад байна уу, нэг л дутуу мэдлэгтэй тууж явна. М.Батчимэгийн ажил мэргэжил Тайваниас хаашаа ч зайлдаггүй.
Төгссөн сургууль, мэргэжил:
1991 - 1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын их сургууль Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжлээр
1997 - 1999 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Улс төр судлалын магистрантур болон Монгол Улсын Батлан хамгаалах их сургуулийн магистрантур
Ажилласан байдал:
1995 - 2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач
2005 - 2008 онд Тайванийн нийслэл Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн
2008 - 2009 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч
2009 - 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
М.Батчимэгийн баруун гар З.Пагмажав хэмээх эмэгтэй Д.Чинбаяр хэмээх эрэгтэй хүний хамтаар Тайваньд улсын нууцтай холбоотой мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгагдаж, шүүхээс 16 жилийн ял сонссон. Гэвч түүнийг УИХ-ын гишүүн цаашлаад "Ерөнхийлөгчийн хүн” гэгддэг М.Батчимэг нөлөөллөө ашиглаж байгаад шоронгоос суллуулсан гэдэгтэй хэн ч маргадаггүй.
З.Пагмажав гэж хэн бэ
-1995-1999 МУБИС-ийн Дорно дахины тэнхмийн хятад хэлний факультетийг хятад хэлний багш, орчуулагч
-1999-2000 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч, судлаач, төвийн дарга
- 2000-2001 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн
-2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн олон улсын харилцааны сургуульд Олон улсын харилцааны магистр, Хятад судлаач
М.Батчимэг, З.Пагмажав Тайваньд ч тэр, Монголд ч тэр маш ойр дотно ажиллаж, тэр ч бүү хэл Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийнсудалгааны хүрээлэнд хүртэл хамт ажиллаж байжээ. Магадгүй хятад хэлтэй дээр нь стратеги судалгаанд ажилладаг чухал мэдээлэлтэй ойр байдаг нь "олзлогдох” шалтгаан болсон байх. Тэр олзлогч нь Тайвань биш юм аа гэхэд, юуны учир нь тагнуулын хэрэгт холбоотой нь тогтоогдож шүүхээс тийм өндөр ял авхав. М.Батчимэг нэгэн удаа "З.Пагмажав миний туслах биш зөвлөх. Туслах, зөвлөхөө ялгахгүй байж тагнуулын хэргийн талаар яриад намайг зориуд тагнуулын хэрэгт унагах гэсэн санаа” хэмээн ихэд ширүүн дориун ярьсан байна лээ. УИХ-ын гишүүний туслах хүн гишүүнийхээ аар саархан ажилд нь тусалдаг. Тэгвэл зөвлөх хүн гишүүний үйл ажиллагаанд нь зөвлөж, өөрийнхөө зөвлөгөөний дагуу ажиллуулдаг. Тэгэхээр З.Пагмажав М.Батчимэг юу зөвлөдөг байв. Арай үгүй байлгүйдээ хэмээх нэгэн таамаг буй ч цаг хугацааны хувьд яг таараад байгаа зүгээр ч нэг давхцал биш гэлтэй. "Тайванийн тагнуул” З.Пагмажав М.Батчимэгт зөвлөж, М.Батчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын бодлого зөвлөж байжээ. Арай З.Пагмажавын зөвлөгөө М.Батчимэгээр дамжаад Ерөнхийлөгчид шууд хүрдэг байсан юм биш биз, одооний гишүүд ямар залхуу болсон билээ дээ.
Ер нь тагнуул гээд ярьчихсных Х.Тэмүүжин ч бай, М.Батчимэг ч бай үр хүүхэд, эхнэр нөхөр, өөрөөсөө, үзэл бодлоосоо урваж, хуурч болно. Гагцхүү эх орноосоо урваж болдоггүй юм шүү, эс бөгөөс эргээд харах нүүргүй байдаг юм. Эх орноосоо урвагчдад зөвхөн үхэл л оногддог. Тагнуулын хэрэг бол яах аргагүй эх орон, ард түмнээсээ урвасан хэрэг юм. Монголчууд бид эх орноосоо урвагчдыг хамгийн ихээр үзэн ядаж, хамгийн хүндээр шийтгэдэг байв. Хамгийн эртний түүх сөхөхөд Модун Шаньюй хаан Хятадын хааны морио өг гэхэд нь өгч, эхнэрээ өг гэж дээрэлхэхэд нь өгч байв. Харин эх орноосоо өг гэхэд нь Хятадын хааны эсрэг босч, түүнд урвасан дотоодын бүх түшмэдийн толгойг авч байжээ. Хүн төрөлхтөн одоогийнх шигээ ийм ухамсартай болоогүй балар эрт цагт монголчууд эх орноосоо урвахыг ингэж үздэггүй, хамгийн дээд урвалт хэмээн үздэг байж. Эх орон бол Монгол орны оршин тогтнохын үндэс, Монгол хүний оршин байхын өлгий билээ. Тиймдээ ч "Тагнуулчдад үхэл" гэдэг үг байдаг, тэр нь "007" мэтийн киногоор гардаг бололтой.
Төгс