📅

Байнгын дархлаатай Монгол

🕔 2015/11/04 16:53

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо "Байнга төвийг сахих” статусаар давхар хуульчлан баталгаажуулахаар хэлэлцэж байна. Гадаад бодлогоо өргөжүүлж, олон улсад өөрийн байр сууриа бататгах чиглэлээр байнга төвийг сахих бодлоготой байх санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх дэвшүүлсэн. Манай улс сүүлийн 25 жилийн хугацаанд төвийг сахих зарчмуудыг хэрэгжүүлж ирсэн болохоор энэ нь шинэ зүйл биш.

 

Жишээлбэл, Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д "Монгол Улс олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна”, Дөрөвдүгээр зүйлийн 3-т "Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно” гэж заасан.

 

Манай улс Болгар, Вьетнам, Казахстан, Канад, Кыргызстан, Лаос, Орос, БНАСАУ, Турк, Украин, Унгар, Франц, Хятад, Энэтхэг гэсэн 14 улстай байгуулсан хоёр талын харилцааны үндсэн гэрээнд харилцааны зарчмуудыг тодорхойлсон байдаг. Тухайлбал, Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээний нэгдүгээр зүйлд "Талууд бие биеэ найрсаг улс хэмээн үзэх бөгөөд өөр хоорондын харилцаандаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх, адилхан бүрэн эрхтэй байх, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт үл оролцох, хүний эрх болон үндсэн эрх чөлөө, улс түмний тэгш эрх, хувь заяагаа өөрсдөө шийдвэрлэх эрхийг хүндэтгэх, хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх, сайн хөрш, түншийн ёсоор хамтран ажиллах зарчмуудыг удирдлага болгоно” гэсэн бол Монгол Улс, БНХАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны гэрээний нэгдүгээр зүйлд "Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашитай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Түүнчлэн Монгол Улс дэлхийн 120 улсыг эгнээндээ нэгтгэсэн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд 1991 онд элсч, үйл ажиллагаанд нь тогтмол оролцож ирсэн. Эдүгээ энэ зарчмуудаа  байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж, Засгийн газар тогтоол гарч, УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ.

 

Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, мөн НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан харилцааны үндсэн гэрээ зэрэгт төвийг сахих бодлогын зарчмууд туссан нь, түүнчлэн манай улс ЭҮНХ-ий гишүүн байгаа нь хуулийн төслийг боловсруулах эрх зүйн болон бодлогын үндэслэл болжээ.

 

Нийт 3 бүлэг, 11 зүйлтэй энэ хуулинд Монгол Улс байнга төвийг сахих бодлого явуулах тухай, үндсэн зарчмуудын тухай, Монгол Улсын өөрийгөө хамгаалах бүрэн эрхийн тухай болон олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, байнга төвийг сахих бодлогыг тайлбарлах тухай, зөрчигчид хариуцлага хүлээлгэх тухай зэрэг заалтыг багтаажээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжрах юм. Төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болох аж.

 

Байнга төвийг сахих гэдэг нь дайны үед ч, энх цагт ч хэвээрээ байдаг бодлого аж. Төвийг сахисан улс орон нь гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Байнга төвийг сахих статустай орон өөрийн гэсэн арми, зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй. Энэ эрх нь ч уг бодлогын баталгаа, дархлаа болдог байна. Мөн төвийг сахигч орны газар нутгийн халдашгүй дархан байдал олон улсын эрх зүйгээр давхар баталгааждаг аж. Үүнд агаарын болон усан хил нь ч ордог. Тийм орны газар нутагт бусад этгээдээс дайны үйл ажиллагаа явуулахыг хориглодог заалттай. "Байнга төвийг сахих” статусаа аль нэг орон, олон улсын байгууллагаар заавал дэмжүүлэх албагүй. Гэхдээ тийм статус зарлагч орныг олон улсын харилцаанд "төвийг сахисан улс” гэж үзэж, бүртгэл статистикт оруулдаг байна.

 

Хоёр их гүрний дунд оршдог манай улсын хувьд байнга төвийг сахих бодлогоо ийн хуульчлан баталгаажуулах зоримог шийдэл төдийгүй нь олон улсад өөрийн байр сууриа товч бөгөөд тодорхой илэрхийлсэн тунхаглал болж буй юм.

 

Н.Энхбат

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?