📅

Ц.Элбэгдорж: Монгол хэл, соёл гэдэг аугаа зүйл улам өргөжин дэлгэрэх болтугай

🕔 2015/12/29 10:51

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж "Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ.

Одоогоос яг нэг жилийн өмнө "Монгол хэлний  цахим их тайлбар толь” төслийн нээлт болж байсан юм.  Тэгвэл уг mongoltoli.mn / монголтоль.мон -ийн нээлтийн ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ШУА-ийн эрдэмтэн судлаачид, Монгол хэл судлалын эрдэмтэд, багш нарын төлөөлөл оролцлоо.

"Монгол хэлний их тайлбар толь”-ийн нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ” Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Монголчууд туурга тусгаар улс гэрээ байгуулсны түүхт 104 жилийн ойн босгон дээр "Монгол хэлний их тайлбар толь"-ийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Монгол үндэстэн, Монгол Улс оршин тогтнохын үндэс нь монгол газар нутаг, монгол хүн, монгол хэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэгэн цагт дэлхийд дэг журам, энх тайвныг монгол хэлээр тогтоож байсан түүхтэй. Монгол хэл 17 зууны үед ч өрнө, дорнын ертөнцийг холбох дипломат хэлний үүргийг гүйцэтгэж байсан юм.

Монголчууд эрт цагаас хэд хэдэн бичиг үсэг сонгон хэрэглэж, бас монгол хэлний толь бичгийн зүйл удаа дараа зохиосоор ирсэн баялаг түүхтэй, уламжлалтай билээ. Тухайлбал, Монголчуудын дунд "Хорин нэгт” гэж алдаршсан 1717 оны Манж-Монгол үгний 21 дэвтэр тайлбар толь, "Гучин зургаат” гэж алдаршсан 1747 оны манж үгний 36 дэвтэр тайлбар толь, С.Шагжийн зохиосон "Эрихүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар-чандманий эрх”, Я.Цэвэлийн зохиосон "Монгол хэлний товч тайлбар толь” зэргийг дурдаж болно.

Дорно дахинд Монгол-манж, төвд, санскрит, хятад хэлний толь бичгүүд зохиогдож байсныг хүмүүс андахгүй. Тэгвэл дэлхийн дахинд, Өрнөдөд монгол хэлэнд тулгуурласан олон хэлний толь бичгийг аль 18 дугаар зуунд зохиож байсан ба 19 дүгээр зуунаас Монгол-Франц, Монгол-Герман, Монгол-Орос зэрэг тулгуур толь бичгүүдийг хэдэн арваар тоологдох хэмжээнд зохион хэрэглэж ирсэн нь бидний эх хэл- монгол хэлний царааг илтгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж "Монгол хэлний их тайлбар толь”-ийг цахим хэлбэрээр бүтээж, өнөөдөр өргөн түмэндээ дэлгэн барьж байна. Анх Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 6 дугаар сард хэл шинжлэлийн эрдэмтэдтэй уулзахдаа Монгол хэлний цахим толь бүтээх тухай ярилцаж байсан нь ийнхүү өнөөдөр бодит биеллээ олсонд баяртай байна.

Энэ удаад бид нийт 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй хоршоо үг, холбоо үг, хэлцийг багтаасан "Монгол хэлний их тайлбар толь”-оос Та сонирхсон

  • үгийнхээ утгыг тайлж мэдэх,
  • утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, хэллэгтэй танилцах
  • худам монгол бичлэгийг харах,
  • Үгийн авиа дуудлагыг сонсох боломж бүрдэж байна.
  • Мөн Та - ТА өөрөө уг толь дахь үгсийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, нутаг, нутгийн аялгууны өвөрмөц нандин үгс, холбогдох мэргэжлийн нэр томьёо, шинэ үгийг утгын тайлбар, жишээ, зургийн хамтаар толийн санд нэмэн оруулах боломжтойг хэлэхэд таатай байна.

Ингэснээр бид монгол хэлнийхээ эрсэн үгийн утгыг эндүүрэлгүй, хайсан үгийн утгыг хуудуугүй зааж өгдөг "нэгдмэл тайлбар толь”-ийг хамтдаа бүтээх, хамтдаа баяжуулж байх нэгэн сайн үйлсийн  үрийг тарьж, соёолуулж  чадлаа.

"Монгол хэлний их тайлбар толь" төслийг хичээнгүйлэн гүйцэтгэсэн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд болон эрдэм шинжилгээний нийт ажилтнууддаа гүн Талархал илэрхийлж,  буянт үйлс нь дэлгэрч байхын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлж,  "Монгол хэлний их тайлбар толь"-ийн нээлтийн ёслолын  ажиллагааг нээснийг мэдэгдье.

Энэхүү толь бичиг нь /УИХ-аас баталсан, шинэ оны эхнээс эхлэн мөрдөгдөх/ Төрийн хэлний хуулийн үзэл санаанд нийсэн/ монгол түмний оюун санааны эв нэгдэл, соёл, сэтгэлгээний дархлаа, бахархал болсон эх хэлний нийгмийн үүргийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой тул түүнийг нэмэн баяжуулах ажлыг ч цаашид үргэлжүүлэх болно” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ "Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Өнөөдөр Монгол хэл, монгол заншил, соёл, уламжлалыг хүндэтгэдэг хүн бүрт маш их том баяр тохиож байна. Энд оролцож байгаа, энд ирсэн хүмүүс бол насаараа энэ үйлсэд зүтгэж ирсэн хүмүүсийн төлөөлөл юм.

Төр, засаг гэдэг бүтцээс Монгол Улсын, Монголын ард түмний уламжлал, соёл, зан заншилд анхаарал хандуулж, ярьж явах ёстой бүтэц нь Монгол Улсын Ерөнхийлөгч гэж би хувьдаа ойлгодог. Миний анхаарал хандуулж ажиллах ёстой нэг салбар бол монгол үндэсний уламжлал, зан заншил, аугаа түүх юм. Үүнийг аль болох дэлгэрүүлэх, энэ чиглэлд гарч байгаа сайн санаачлагуудыг дэмжих нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, бидний ажил юм гэж үздэг. Үүнийг та нарын ажил биш гэсэн ч мөн гэж л хэлнэ. Битгий хий гэсэн ч хийх л болно. Ингэж цаашаа уламжлагдаасай гэж бодож байгаа юм.

Энэ чиглэлд бидний ойрмогхон хийж байгаа таван зүйлийг хэлэхэд монгол бичигтэй холбоотой зарлиг гарч хэрэгжээд, ажил болоод явж байгаа. Хүүхэд төрөхөд өгдөг төрсний гэрчилгээ, оюутан сурагч төгсөхөд олгодог гэрчилгээ, диплом, гэрлэлтийн баталгаа гээд бусад бүх зүйлийг монголоор бичдэг болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гаргаж, илгээж байгаа захидал монгол, кирилл бичгээр хамт явдаг заншилтай болсон. Гадаад орны Төрийн тэргүүнд явж байгаа захидлууд ингэж явдаг болсон. Энэ нь монгол төрийн уламжлалаар цаашаа үргэлжилнэ гэж итгэж байгаа.

Өөр нэг санаачилж хийсэн ажил бол "Мөнх тэнгэрийн бичиг” гэж үзэсгэлэн гаргадаг болсон. Тэр үзэсгэлэнБг гаргах, түүнийг хийх гэж маш олон хүнийг хамарсан бүтэн жилийн нөр их хөдөлмөр болдог. Энэ ажлууд уламжлал болоод тогтчихсон. Монгол хэл, соёл, уламжлалыг хүндэтгэдэг хүн бүрийн баяр болдог ийм зүйл байгаа юм.

Дээрээс нь бас нэг зүйл бол Монголын түүх. Манай түүхэнд янз бүрийн ангич, намч үзэл санаагаар хандаж ирж байсан учраас янз бүрийн нөхцөл байдал үүссэн байдаг. Тийм учраас бодит хүмүүсийн бичсэн түүхийн цувралыг сэргээж гаргаж байгаа. Манай өвөг дээдэс, Инжинашаас авахуулаад нэн шинэ түүх хүртэлх үеийг үзэж судалсан эрдэмтэд, судлаачдын гаргасан түүх, бүтээлийг цуврал болгон эмхэтгэж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ ажилд хамтарч ажиллаж байгаа. Үүнд төсөв, мөнгө, хүндрэлтэй зүйлүүд бий. Гэхдээ сайн санааг хэрэгжүүлэхэд хэрэгжиж болдог гэдгийг бид эндээс харж байгаа.

Дараагийн нэг хэрэгжүүлсэн ажил бол энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жил, Чөлөөлөх дайны ялалтын 70 жил гэсэн хоёр том ой тэмдэглэсэн. Дэлхийн II дайнд монголчууд ямар үүрэгтэй оролцсон юм бэ гэдгийг аваад үзэхэд ямар аугаа үүрэг гүйцэтгэсэн юм бэ гэдэг нь харагдаж, бахархах сэтгэгдэл төрдөг. Түүнд зориулсан толь бүтээж, монгол, орос, англи хэлээр хийж Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд оролцохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өгсөн. Тэгэхэд "Монголчууд гайхамшигтай хувь нэмэр оруулсан шүү” гэж үнэхээр баярлаж байна лээ. Монголчууд Чөлөөлөх дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бид харийн түрэмгийлэгчдээс БНХАУ-ын газар нутгийг чөлөөлж явсан юм шүү. Үүнд манай 24 мянган цэрэг эрс оролцсон юм. Дээрээс нь их хэмжээний хүч хөрөнгө хаясан юм гэдгийг хоёр гурван жилийн өмнөөс ярьж эхлэхэд өмнө нь хүлээж авдаггүй байсан БНХАУ хүлээж авсан. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулж бид дахиад альбом гаргасан. Гайхамшигтай баялаг материалтай альбом болсон. Цагаан хэрэмийн өмнөхөн маршал Х.Чойбалсан өөрөө зогсоод, ялалтын парад хүлээж авч байгаа, ард нь Цагаан хэрэм байгаа зураг анх тэр альбом дээр гарсан.  "Монголчууд ялсан цэргүүдээ өмнүүрээ жагсаагаад, чөлөөлөөд явж байсан юм байна шүү дээ” гэж судлаачид маш их гайхаж байсан. Бидний өвөг дээдсийн, ахмад үеийнхний өмнө нь хийсэн, бидний мэдэхгүй гайхамшигтай сайхан зүйлүүд их байна. Эдгээрийг гаргаж хүмүүсийн хүртээл болгох нь бидний ажил юм гэж бодож бид ажилласан.

Аюуш, Жанчив, Данзанваанчиг гээд л зөвхөн хэдэн нэр ярьдаг байсан. Бид түүхэндээ анхаараад ирэхээр Хятад өөрөөр хандаж байна. Жанчхүүгийн даваан дээр амбаар шиг жижигхэн музей байсан. Тэнд дандаа кирилл бичгээр бичсэн тайлбар байдаг байсан. Бусад улсууд кирилл бичгийг Оросын бичиг гэж ойлгодог.

Одоо тэнд Хятадын Засгийн газраас санаа тавьж, таван давхар музейн байшин бариад, тайлбаруудыг монгол бичгээр хийгээд ажил үргэлжлээд явж байна. Бид түүх, уламжлалдаа өөрсдөө ач холбогдол өгөх юм бол бусад нь ч ач холбогдол өгдөг юм байна гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Тавдугаарт, Монгол хэлний их тайлбар толь гарч байна. Энэ бол их гайхамшигтай юм. Хэл бол байнга хөгжиж байх ёстой гэж би боддог. Нэгэнт хүний сэтгэхүй хөгжиж байгаа юм чинь түүнийг илэрхийлдэг хэл байнга хөгжиж байх ёстой л гэж боддог. Я.Цэвэл гуайн тайлбар толь байдаг. "Тэр хаана байдаг бол. Түүнийг олж авах юмсан” гэж бичгийн хүмүүс, юм сэтгэдэг улсууд хөөцөлддөг. Тэгвэл ийм гайхамшигтай хүртээмжтэй, Я.Цэвэл гуайн толиос хэд дахин илүү боломжтой, орчин үеийн нөхцөлд нийцүүлсэн ийм толь гарч байгаа нь үнэхээр хэрэгтэй юм.

Монгол хэлтэй хүмүүс зөвхөн Монгол Улсын хил дотор амьдардаггүй, дэлхий даяар байгаа. 10 сая гаруй хүн монголоор ярьж, өөрийгөө монгол хүн гэж үздэг гэж ярьдаг. Тэднийг нэгтгэдэг зүйл бол монгол хэл, монгол соёл юм. Тэр монгол хэл, соёлоо хамтдаа бүтээгээд явах ийм талбарыг бий болгож байгаа юм.

Сургуулийн сурагч хүртэл энэ толь руу ороод оролцогч болоод, хамтраад явж болно. Сэтгүүлчид, хэвлэлийнхэн, зохиолчид, юм бичдэг, орчуулдаг хүмүүст энэ үгийг яг юу гэж буулгавал болох вэ гэсэн нөхцөл байдал үүсдэг. Тэгвэл монгол хэл, соёлтой нийт хүмүүсийн хамтын бүтээл болсон энэ толь тусална. Энэ ажлыг бид ингээд орхихгүй, цаашаа үргэлжлээд явна.

Монгол хэл баялаг гэдэг ч түүнийгээ өөрсдөө хэрэглэдэггүй. Наад зах нь нэгтгэсэн тольгүй болохоор баялаг гэдгийг нь хэн хэлэх юм бэ. Тэгэхээр энэ тайлбар толь бол их гайхамшигтай ажил гэж бодож байгаа.

Сая Иран руу манай албаны нэг хүн яваад ирсэн. Ираны эрдэмтэд Ил хааны үеийн түүхийг судалдаг. Би дөрвөн жилийн өмнө тэнд айлчилж байсан. Манай түүхийн гайхамшигтай их материал Иранд байдаг. Ираны судлаачид эдгээр материалын зөвхөн эхний үг, сүүлийн үгийг бичсэн 500 хуудас ном гаргачихаад байна. Үүнийг хэдэн үеэрээ судлаад та нар барахгүй гэж байгаа. Бид хамтарч ажиллах гэж бодож л байна. Наад зах нь перс хэлний сургалтад хүүхдүүд явуулах юмсан. Үүний хойноос явах юмсан гэж бодож байна. Ингэж явдаг элэг, зүрхтэй хүний тоо багадаад байгаа юм уу. Явуулъя, мөнгийг нь даая. Ийм үүд хаалга нээчихлээ гэж 2-3 жил яриад байхад ирж байгаа хүн харагдахгүй байгаа юм. Ираны эрдэмтэд хэлж байсан. Манайхан ч хэлдэг. Алунгоо гэдэг нэрийг манайхан ч мэдэхээ болилоо. Энэ нэрийг орчуулаад байна гэж. Тийм байж болохгүй.

Манайхан хэлний баялаг гэж гайхамшигтай гэж би лав гайхуулдаг л байсан. Адууныхаа зүсийг 600 янзаар дууддаг улс шүү дээ гэж гайхуулдаг байсан. 600 нь юу юм бэ. 60 зүс гаргах гэж оролдохын төлөө явах хэрэгтэй. Бороо гэдэг үгийг 10 янзаар тодотгож нэрлэдэг бол 30 янзаар нэрлэдэг болох хэрэгтэй. Үүний төлөө монголчууд явах боломжтой гэж би боддог.

Энэ толийг ашиглахдаа А үсэг дотор хэсэг үг харж байсан. Жишээлбэл, "аадалзах” гэж миний мэдэхгүй үг байгаа юм. Өөрийгөө мундаг хүн гэж их зан гаргаж байгааг "аадалзах” гэж байна л даа. "Аваглах” гэдэг нь хүн бүрт өөрийгөө гайхуулдаг хүн. "Чи битгий аваглаад бай” гэвэл бас ойлгомжтой л санагдсан. "Энэ бол угийн төрөхийн Авид хүн байгаа юм” гэвэл төрөхийн зоригтой, аймшиггүй хүн ч гэдэг юм уу. "Авлис” гэвэл муу юм, чөтгөр шулам, хамгийн муу юмыг нэрлэдэг. "Агширах” гэж байна. "За би ч агширч, нас өндөр болж яваа хүн. Миний үгийг хэн сонсох вэ дээ” гэвэл бас буумаар санагдаж байсан. "Ажин” гэж байна. Манай баруун аймаг руу "Жирхрээ” гэж ярьдаг. "Нэг тийм яриа яваад байна шүү” гэхийг "Нэг тийм жирхрээ сонсогдоод байна” гэдэг шүү дээ. "Чи яагаад аймраад байна” гэвэл яагаад зайлсхийгээд байна гэсэн үг. Зайлсхийгээд, зугтаад гэснээс аймраад гэдэг нь илүү гоё сонсогдож байгаа биз дээ.

Ингэж хэрэглэж чадвал энэ үг явна. Үүнийг амьдруулах хэрэгтэй. Эрдэмтэд, мэргэдийн олон жил санаа зовсон энэ зүйлийг ажил болгож, өнөөдөр нээлтээ хийж байгаад туйлын их баяртай байна. П.Цагаан дарга энэ ажилд сэтгэл зүрхээ өгсөн. "Энэ маш чухал ажил болж байгаа шүү, Ерөнхийлөгч өө” л гээд байгаа. Энэ ажил цаашаа үлдэнэ. Одоо гар утасны хувилбар руу орж байгаа. Шууд гар утсан дээрээ татаад авдаг болж байна. Ингэж ашиглаад явах сайхан боломж бүрдлээ.

Энэ бол монгол хэл, соёл, уламжлалын төлөө олон жил явсан хүмүүсийн бас нэг хүсэл мөрөөдөл биелсэн, цаашид биелсээр байх сайхан ажил. Энэ ажилд сэтгэл зүрхээ гаргаж, техник технологийг ашиглаж, хүн бүхний өмнө авчирч тавьсан хүмүүст их баярлалаа.

Та бүхний ажил үйлс ирэх жил улам дэлгэрч, улам сайхан байх болтугай. Монгол хэл, соёл гэдэг аугаа зүйл улам өргөжин дэлгэрэх болтугай. Их баярлалаа” гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?