📅

Монгол ардын нам онц их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй болжээ

🕔 2018/12/17 10:46

Монгол бол парламентын засаглалтай улс юм. Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох дээд байгууллага нь Улсын Их Хурал. Гэтэл Засгийн газар нь парламент дээрээ мордоод зайдалчихсан, төрийн эрх барих дээд байгууллагаа бойкотлоод дээрэлхэж дарангуйлаад сууж байдаг. Ямар сайндаа Их хурлын дарга нь "Бид шатахуун, валютын ханшны асуудлыг Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоног руугаа орж байна. Өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурав дахь долоо хоног руугаа орж байна. Засгийн газрын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд УИХ бэлэн байна. Цаг агаар хүндэрч байна, өвөлжилтийн байдал амаргүй байна, улс орон даяар мал тооллогын ажил эхэллээ” хэмээн Монгол төрийн индрээс царайчилсан, өрөвдөлтэй нь аргагүй асууж суухав дээ. Үнэндээ төр нь ч төр биш болсон, түшээд нь ч түшээд биш болсон ийм л нэг эрээ цээрээ барсан дампуу улс болж дууслаа, хөөрхий.

Монгол ардын намыг удирдаж 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан М.Энхболд өдгөө парламентыг удирдаж байгаа. Энэ хүнээр парламентыг удирдуулахгүй, хэрвээ удирдах юм бол УИХ-ын чуулганд суухгүй гэдгээ нэр бүхий гишүүд мэдэгдсэн. Үндсэндээ Их хурлын даргыг өөрөө өргөдлөө өгч огцрохыг шаардан Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд төрийн ордонд суулт зарласан. Тэд "УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах шаадлагыг хүлээж аваагүй, жаран тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийгээгүй, мөн Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурж өөрөө өөртөө өргөн барьсан нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзээд огцрох өргөдлөө даваа гаригт буюу өнөөдөр гаргахыг шаардсан. М.Энхболд огцрохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдээд байгаа.

Их хурлын даргын зүгээс УИХ-ын 32 гишүүн огцор гэдэг шаардлагыг тавиагүй гэдгийг хэлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт М.Энхболд гарын үсэг зурсан, түүнийгээ өргөн барихад нь өөрөө хүлээж авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзсэн. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Их хурлын чуулганыг удирдах ёсгүй гэж үзээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулснаа хэлсэн. Жаран тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гэхэд нь Их хурлын даргын зүгээс хориглосон зүйл байхгүй гээд энэ долоо хоногт төрийн байгуулалтын байнгын хороо 60 тэрбумаар нээлттэй сонсгол хийхээр болж байх шиг байна.

Ээлжит бус чуулганы тухайд бол өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр бичиг ирсэн аж. Ээлжит бус чуулган хуралдуулахад УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 26 буюу түүнээс дээш тооны гарын үсэг зурсан байх ёстой. Л.Оюун-Эрдэнийн өгсөн бичгийг М.Энхболд УИХ-ын Тамгын газрын даргад цохож өгчээ. 22 гишүүн гарын үсгээ зурсан бичгийг өгсөн гээд байгаа. Гэвч Л.Оюун-Эрдэнэ 26 гишүүн гарын үсэг зурсан дөрвөн гишүүний гарын үсэг хаачив, та жаран тэрбум шигээ далдлаад нуучихлаа гээд Их хурлын даргыг гөлөлзүүлээд байна лээ. Дөрөв тавхан сарын өмнөх асуудалд хэн хэн гарын үсэг зурсан, зураагүй гэдэг нь тодорхой л баймаар юм. Наад зах нь Оюун-Эрдэнэ нар өргөн барихдаа гишүүдийнхээ гарын үсгийг баталгаажуулж гар утсан дээрээ зургийг нь ч болтугай авсан баймаар юм. Гэтэл энэ асуудал нь хүртэл Монгол төрийн ажлыг гацаах бас нэг хэрүүл нь болчихоод байдаг.

М.Энхболдын зүгээс гишүүдийн тавьж байгаа асуудал хууль бус байна. Их хурлын дарга өөрөө огцрох дөрөвхөн заалт бий гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа. "Эрүүл мэндийн шалтгаан, өөр ажилд шилжин ажиллах, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон талаарх хууль шүүхийн байгууллагын тогтоол шийдвэр гарсан бол, мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулж болно гэсэн хуультай. Эдгээр заалтуудын алинд ч гишүүдийн тавьсан шаардлага байхгүй. Хэрвээ та нарын хэлснээр би огцрох юм бол хууль бус болно. Тиймээс би огцрохгүй” гэсэн.

Ийм л дүр төрхтэй Монгол төрийн ажил гацчихсан Засгийн газрын гишүүд нь чуулгандаа суудаггүй, зарим түшээд нь Энхболдыг огцрохгүй бол орохгүй гээд гэдийчихсэн, улс орны хувь заяа бидэнд огтоос хамаагүй гэсэн байдалтай байна.

М.Энхболдын тухайд огцрох ёсгүй сайн хүн гээд хаацайлж хамгаалаад байх нь юу юм. Монголын парламентыг нэр төртэй удирдаад явчих ноён нуруутай, туршлагатай, зангарагтай улстөрчид байж л байгаа. Энхболдоос өөр гарц байхгүй юм шиг бодохын хэрэггүй. Харин Энхболдыг л зайлуулчихвал шударга ёс тогтоно. Ард түмний амьдрал алга урвахын дайтай сайхан болно, Засгийн газар тогтвортой сайн ажиллана, шатахууны үнэ, долларын ханш эрс буурна, том төслүүд ар араасаа хөдөлнө гэдэг бол худлаа. Энхболд гэдэг хүн байсан байгаагүй Монгол төр явдаг замаараа явах нь жам ёс юм.

Монголын төр засагт яг өнөөдөр нүүрлээд буй асуудал дээр улс төрийн нэг том уршиг бий болчихлоо. Хэрэв зээ хэдэн сүржигнэсэн, тэлчилсэн гишүүд гарын үсэг цуглуулаад өнөөгийн болж буй үйл явц шиг Их хурлын даргаа огцруулна гээд дайрвал хууль тогтоох дээд байгууллага ямар ч чадамжгүй болж, Монголын төр зогсолт хийх аюул нүүрлэж байна. Төр засгийг зориуд ингэж самууруулдаг, дотор нь хагалан бутаргадаг, парламентыг эрх зүйн чадамжгүй болгож цаашлаад Монгол төрийг дархлаагүй болгодог ийм жишиг тогтож байна. Энэ бол улс орон тэр чигтээ сүйрч мөхөхийн хамгийн том дохио юм. Дараа дараагийн парламент дээр өнөөдрийнх шиг зүйл давтагдахгүй гэх баталгаа алга. Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын дархлаанд сэв суулгах, улсаа байхгүй болгох тийм л улс төрийн хор уршигтай жишгийг өнөөгийн тэлчилсэн хэдэн залуу гишүүн Монголын төрд тогтоож байна. Их хурлаас сонгогдсон Засгийн газрын гишүүд нь Их хурлаа бойкотлон чадамжгүй болгож, төрийн ажлыг таг зогсоож буйг бид харж байна.

Ийм бойкот, төрийн үймээн самуун дундуур хэн нэг нь хүссэн хуулиа Их хурлаар батлуулчих бүрэн боломжтой байна. Хэсэг гишүүд төрийн ордонд суулт зарлан шантааж хийж тэлчилж байгаад улс орныхоо хувь заяагаар тоглосон, гадны нөлөөлөлд автсан хууль батлуулчихыг үгүйсгэх аргагүй. Засгийн газрыг Их хурлын гишүүдээр бүрдүүлэх ямар осолтой гэдгийг сайтар мэдэрлээ. Эрх барьж буй Ардын намын хоёр хуваагдсан тал хувь хувьдаа хуулийн гаргалгаа яриад сүүлдээ мухардалд орчихоод байна. Энэ нь Монгол Улсад алс ирээдүйд Үндсэн хуулийн өөрчлөлт гарцаа байхгүй хэрэгтэй болсныг гэрчлээд буй. Засгийн газрын гуравны нэгээс дээш хувь нь Их хурлын гишүүн байж болохгүй, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг парламентаас сонгодог сонгомол парламентын тогтолцоонд шилжих гээд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах олон асуудал бий. Гэхдээ энэ бол өнөө маргаашдаа хийчих зүйл биш л дээ.

Харин давын өмнө юу хийх вэ гэвэл засаг барьж буй Монгол ардын нам Онц их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй байна. Ерэн жил төр барьсан нам нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Монгол төрийг гацаанаас гаргах цаг нь иржээ. Ерэн жилийн түүхтэй энэ нам Монгол төрийг шавар шавхайтай хутган сөнөөж болохгүй. Нийгмийг ингэж айхтар хагаралдуулж, талцуулж, монголчуудыг нэгийг нь нэгээр нь үзэн ядуулж болохгүй. Нэг хэсэг нь М.Энхболд гэж хүн огцрох л юм бол Монгол орон диваажин болно гэж сохроор бодож байна. Төр засгийн өндөрлөгт байгаа нөхдүүд ч ард түмнээ тэмцэл бослогод турхирч байна. Ийм байдал эцэстээ улс орноо сүйрүүлэн, тусгаар тогтнолоо алддаг гунигт тавилангаар төгсдгийг бид мэднэ. Өнөөдөр улс орон үнэндээ мөхдөгийн даваан дээр ирээд байна. Тэгэхээр Онц их хурлыг хуралдуулах нь цаг үеийн шаардлага мөн. "Намын бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсвэл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулна” гэж Ардын нам дүрмэндээ заасан байдаг. Намын бага хурлаар асуудал шийдэгдэхгүй. Удирдах зөвлөлийн хурал шигээ саналаа хайрцаглачихсан байх нь хэнд ч ойлгомжтой.

Онц их хурлаа хуралдуулж, нам дотроо АИХ гэдэг шиг аймаг, сум, дүүрэг хороо бүрийн үүрийн дарга нарыг оролцуулах хэрэгтэй. Намын дарга чинь зөв ажиллаад байна уу, буруу ажиллаад байна уу. Намын дарга байсан Энхболд чинь зөв яваад байна уу, буруу яваад байна уу, төрд гарсан залуу түшээд чинь үнэхээр шударга ёсны төлөө яваад байна уу, эсвэл улс орныг бутарган хагалаад байна уу гэдгийг олон жил сум аймаг удирдсан, бүхий л насаараа төрт ёсны төлөө зүтгэсэн хүмүүс эрх биш мэднэ. Хэрвээ Хүрэлсүхтэйгээ цааш явна гэж үзвэл парламент дахь "32:32”-оор хуваагдсан энэ байдлаа зогсоож Монгол төрийг нэг гарт зангидан нэг талдаа гарч таарна. Харин намын даргаа өөрчилбөл хууль дүрмийн дагуу засаг солигдоно. Аль нь зөв гарц болох, аль зам нь Монгол Улсын эрх ашигт нийцэх вэ гэдгийг Онц их хурлын гишүүд сонгох нь дамжиггүй. Ийм л түүхэн сонголтын өмнө эрх барьж буй ерэн жилийн түүхтэй Монгол ардын нам ирсэн байна. Онц их хурлыг хуралдуулж, улс төрийн гацаанаас гарахаас өөр сонголт өнөөдөртөө алга. Монгол төрийг сэтгэлийн хөөрлөөр самарч, хэн дуртай нь гарын үзүүрээр тоглодог энэ асуудалд цэг тавих цаг нь болсон.

DNN.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?