📅

Үндсэн хуулийн хямрал гүнзгийрч М.Энхболд огцрохгүй гүрийсээр УИХ тарах уу

🕔 2018/11/23 11:02

Үндсэн хуулийн хямрал гүнзгийрч М.Энхболд огцрохгүй гүрийсээр УИХ тарах уу

 

Өнөөдөр УИХ төсвийн хориг болоод Засгийн газар огцруулах асуудлыг хэлэлцэх учиртай. Гэхдээ хурал хуралдах эсэхийг хэлэхэд эрт байна.

Өчигдөр УИХ-ын 40 орчим гишүүд М.Энхболд даргыгаа огцруулахаар бойкот зарласнаа мэдэгдсэн ч  чуулган 38 гишүүнтэйгээр буюу 52 хувьтай өчигдөр хуралдаж Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийн тухай асуудлыг хэлэлцлээ.

 М.Энхболдыг огцруулах тухай асуудлыг тавьсан гишүүдийн шаардлагын нэг хэсэгт нь тэрбээр тайлбар хийсэн.

Бойкот хийж буй гишүүд М.Энхболдыг өөрөө гарын үсэг зурсан бичгээ өөрөө хүлээн авсан, ахиад Засгийн газрыг огцруулах хурлыг удирдах нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын дарга М.Энхболд үүнд "Бусад гишүүдийн адил Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурах эрхтэй. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед хурлыг удирдалгүй хоёр дэд даргын нэгээр удирдуулчихаж болох байх” гэв.

Мөн М.Энхболдыг "60 тэрбумын” хэрэг зэргээр нээлттэй сонсгол хийх гэсэн гишүүдийн хүсэлтийг удаа дараа хууль зөрчин хийлгээгүй. Ээлжит бус чуулган хуралдуулах гишүүдийн болон Ерөнхийлөгчийн санал ёсоор хурлыг хуралдуулаагүй.

УИХ-ын даргыг чөлөөлж болох заалт "Үндсэн хууль” болон УИХ-ын тухай хуульд байгаа ч тэдгээрт тохирох үндэслэл олдохгүй байна. УИХ-ын даргын хувьд нэгэнт өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхгүй. Хамгийн боломжтой хувилбар нь хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гаргах замаар чөлөөлж болно.

Олон хууль тогтоомж зөрчсөн ч М.Энхболдын асуудлыг Үндсэн хуулийн цэц авч үздэггүй. Үнэхээр ч ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр л бий гэдэг байсан бол эдүгээ М.Энхболд дарга байгаа гэлцдэг болсон. 

Түүний ҮХЦ-ийн даргаар томилуулсан Д.Одбаяр ачийг нь сайн хариулж байгаа тухай ч яригдаж байна.

Тиймээс өнгөрсөн зун М.Энхболд УИХ-ын дарга байсан цагт хуралд суухгүй хэмээн мэдэгдэж байсан Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ удаа 30 гаруй гишүүдийн хамт бойкот зарлаад байна. Тэдний тоо 40-д үгүй юм гэхэд 38-д хүрэх юм бол УИХ хуралдах боломжгүй болно.

Учир нь одоо УИХ 75 гишүүнтэй байгаа учир 38 гишүүн олонх болж буй хэрэг юм. Ингэвэл "Үндсэн хууль”-ийн хямрал улам даамжирч УИХ-ыг тараах нөхцөл байдал бодитой болох болно.

Х.Самбаа

 
Gereg.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?