📅

М.Энхболд: Би үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй

🕔 2018/12/06 16:37

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан нар сандалтай суулт чуулганы танхимын өмнө хийсэн. Тэд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байгаа юм. Харин дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд дээрх таван гишүүнийг хүлээн авч уулзлаа.

УУЛЗАЛТЫН ЭХЭНД УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-УИХ-ын нэр бүхий гишүүд улс төрийн хүрээнд үүсээд байгаа асуудлаар ээлжит бус чуулган зарлахыг өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд хүссэн.  Мөн нийтийн сонсголын хуулийн дагуу БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын талаар нээлттэй сонсгол хийх хүсэлт тавьсан ч та энэ шаардлагыг хүлээж аваагүй. Таныг Үндсэн хууль зөрчиж байна гэж бид үзэж буй. УИХ тарах хэмжээнд хүрэх ийм нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс та ирэх даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл таныг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:

-Бид хаврын чуулганы завсарлагааны хугацаанд ээлжит бус чуулган зарлахыг удаа дараа шаардсан. Мөн УИХ-ын дарга өөрийн хүслээр чуулганд орж, хуралдаа сууж байна. Тиймээс та өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг хүсч байна. Хэрэв та өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхгүй бол УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүд ард иргэдтэйгээ хамт тэмцэж эхэлнэ” гэсэн юм.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд тайлбар хийлээ. Тэрбээр, "60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гэж зургадугаар сард УИХ-ын 19 гишүүн бичиг ирүүлсний дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх талаар хуулийн байгууллагаас хүсэлт авахад энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн. Би бол хувийн зүгээс энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлыг эсэргүүцээгүй. Ер нь энэ 60 тэрбум гэх асуудлаар бид нээлттэй сонсгол хийгээд энэ асуудалд цэг тавих цаг болсон. Ээлжит бус чуулган хуралдуулах талаар бичиг надад ирсэн. Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зурсан бол ээлжит бус чуулган зарлах боломжтой байдаг. Гэтэл тэр бичиг 22 гишүүн гарын үсэг зурсан байдаг. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэд хандсан байгаа. 

 

Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн эсэх шийдвэр гаргасны дараа энэ асуудлыг би хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Тиймээс цаашид та бүхэн асуудлыг үнэн бодитой байдлаар нь олон түмэнд мэдээлж байгаасай. УИХ-ын даргыг огцруулах тухай Үндсэн хуульд таван шаардлага байдаг. Энэ хуулийн зүйл заалтыг дагуу бодитой асуудал үүсвэл би УИХ-ын даргаасаа огцроход бэлэн. Гол нь бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. УИХ-ын чуулганы хуралдаан тодорхой ирц хүрч, хуралдаж байгаа. Та бүхний тавьж байгаа шаардлагыг хуулийн дагуу үндэслэл, шаардлагаа дурдаж, албан бичиг үйлдэж тавиасай гэж хүсч байна. Чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй, бусад гишүүдээ уриалсан байдлаар хуралдаануудыг саадгүй явуулах бололцоог бүрдүүлэх чиглэлд ажиллаасай гэж хүсмээр байна.

 

24tsag.mn 

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?