📅

Ээлжит бус чуулган хуралдана, хуралдахгүй

🕔 2018/08/09 09:55

Ээлжит бус чуулган хуралдана, хуралдахгүй

 

УИХ-ын хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна. Тиймээс олны анхаарлыг татаад буй сэдвийн нэгэнд ээлжит бус чуулган зарлах эсэх тухай асуудал ороод байгаа юм. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, АТГ-ын даргыг чөлөөлөх саналыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 26 гишүүн гаргаж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш хувь нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлэх ёстой гэсэн хуулийн заалттай. Мөн үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий гишүүдийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, "60 тэрбум"-ын гэх хэрэгтэй холбогдуулан АТГ-ын даргыг огцруулах асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналаа УИХ-ын даргад хоёр удаа хүргүүлээд байна.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, нарын хүсэлтийн дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн сарын 30-нд хуралдсан. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид хандан ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан нь хуралдах үндэслэл биш гэж тэрбээр үзсэн юм. Тодруулбал, "АТГ-ын дарга, дэд даргыг өөрөө өргөдлөө өгөх, эрүүл мэндийн шалтгаан, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос бусад тохиолдолд чөлөөлөх үндэслэлгүй гэж хуульд заасан. Тиймээс энэ асуудлыг холбогдох хуулийн заалттай нь уялдуулж үзэхээс аргагүй" гээд хэрэв ээлжит бус чуулган зарлаж, УИХ хуульд үл нийцсэн байдлаар шийдвэр гаргавал цаашид хууль хяналтын байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангаж чадахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй. Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн юм. Ямартай ч ээлжит бус чуулган зарлах шаардлага гарвал гишүүдийн ирц бүрдэх эсэх талаарх мэдээллийг УИХ-ын Тамгын газраар гаргуулсан байдаг. Гэвч гишүүдийн олонх нь тойрогтоо ажиллаж байгаагаа мэдэгдсэн бол зарим нь томилолтоор гадаад, дотоодод ажиллаж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Мөн зарим нь хуулийн дагуу ээлжийн амралттай байгаагаас ирц бүрдэхэд хүндрэлтэй байгааг холбогдох газраас тайлбарлаж байгаа. Нэг хэсэг нь ээлжит бус чуулган зарлах хүсэлт гаргаад байгаа ч нөгөө хэсэг нь зарлах шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс ээлжит бус чуулган хуралдах эсэх нь УИХ-ын гишүүдийн хуралдаа ирэх эсэхээс шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганыг товлон зарлалаа ч УИХ-ын гмшүүд өөрсдийн итгэл үнэмшлээр асуудалд хандах эрх нь нээлттэй учраас хуралдаандаа ирэхгүй бол ээлжит бусаар чуулах боломжгүй болох юм. Ямартай ч ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай эсэх тухайд УИХ-ын зарим гишүүн хэрхэн хандаж буйг сонирхлоо.

НЭГ ОЙЛГОЛТОД ХҮРСНИЙ ДАРАА ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛНА БАЙХ

Я.Содбаатар: -УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах эсэх асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч санал хүргүүлсэн. Хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар мөн нийт гишүүний гуравны нэг буюу 26 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус чуулган зарлах нөхцөл үүсдэг. Ийм нөхцөл үүссэн. Тиймээс ээлжит бус чуулган хуралдах байх гэж бодож байна. Харин цаг хугацааны хувьд хуулийн маргаантай асуудал бий. Гишүүдийн зүгээс тавьж байгаа, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор ойрын үед нэг ойлголтод хүрсний дараа ээлжит бус чуулганыг хуралдуулна байх гэж бодож

 

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ

 

Н.Оюундарь: -УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Уг хурлаас гаргасан шийдвэрийг би зөв гэж харж байгаа. Ээлжит бус чуулган хуралдуулах нөхцөл, шаардлага нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулган хуралдуулах гэж буй үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, ээлжит бусаар хуралдуулах хуулийн шаардлага хангаагүй гэсэн үг. Миний хувьд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ээлжит бус чуулган хуралдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДИЙН НЭГ НЬ БИ

Ц.Даваасүрэн: -Зарим гишүүн ээлжит бус чуулганыг хуралдуулах асуудлаар хуулийн дагуу шаардлага тавьсан. Би ээлжит бус чуулган зарлах ёстой гэж шаардлага тавьсан гишүүдийн нэг. Тиймээс хуульд юу гэж заасан байна тэр дагуу л арга хэмжээ авч ажиллах ёстой. Хууль зөрчсөн гэх асуудал байгаа бол Үндсэн хуулийн Цэц шийднэ биз.

АЛБАН ТУШААЛТНЫ АСУУДЛААР ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛУУЛАХ ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

Д.Хаянхярваа: -Ээлжит бус чуулган зарлахгүй байлгүй дээ. Чин үнэнийг хэлэхэд одоог хүртэл амарч чадаагүй байна. Энэ их хэрүүл тэмцэл намжиж УИХ, Засгийн газар ажлаа хийх л чухал байна гэв. Хэрэв ээлжит бус чуулган зарлахаар бол хуулийн дагуу, хуулийн хүрээнд болох биз. Ер нь бол албан тушаалтны асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлуулах гээд байгааг би хувьдаа ойлгохгүй байгаа.

ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАХ НЬ ЗӨВ

Т.Тэрбишдагва: -Миний хувьд ээлжит бус чуулган зарлаж хуралдах нь зөв гэсэн бодолтой байгаа. Чуулганаа завсарлуулахгүйгээр долоо юм уу, 14 хоногоор сунгаад асуудлаа шийдээд явах боломж байсан.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХ ШААРДЛАГАГҮЙ

Н.Амарзаяа: -Миний хувьд ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй гэж үзэж байна. Чуулганыхаа хүрээнд УИХ хариуцсан, хэлэлцэх ёстой бүх асуудлаа хэлэлцээд албан ёсоор дууссан. Хууль дүрмийнхээ дагуу намрын ээлжит чуулганаар хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэх байх. Хаврын чуулганы төгсгөлд энэ асуудлыг ярьсан. Энэ үеэр УИХ, Хууль зүйн байнгын хороо ч байр сууриа илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ байх ёстой гэж бодож байна.

 ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАВАЛ ОЧНО

М.Билэгт: -Чуулган хуралдуулах асуудлаар ямар нэг мэдээлэл ирээгуй. Харин ээлжит бус чуулган ийм асуудлаар хуралдуулах гэж байна гэвэл яваад очно. Гэтэл ямар асуудлаар, хэзээ ээлжит бус чуулган зарлах талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байна. Хэрэв хуралдуулах дээрээ тулбал, ээлжит бус чуулганыг хэзээ яаж хийх нь хуулийнхаа хүрээнд шийдэгдэх байх.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАВАЛ ОЧИХГҮЙ

Л.Элдэв-Очир: -Ээлжит бус чуулган зарлавал би очиж амжихгүй. Учир нь, "Нэг баг -нэг өдөр" өдөрлөгийг хийхээр жил орчмын өмнөөс төлөвлөж, тойргийнхоо баг бүрт уулзалт зохион байгуулж байна. Үүнийгээ УИХ-ын Тамгын газарт хэлсэн. УИХ-ын гишүүд ялангуяа орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо хийх ажилаа төлөвлөсөн. Тиймээс чуулган хуралдуулахад ирц бурдэхэд хэцүү болов уу.

 

М.Энхцэцэг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?