ЗҮРХЭН ДЭХ ИЛД (Хятадын домог)
Эртний Хятадад бүр хамгийн итгэлтэй бие хамгаалагчдадаа хүртэл өөрийнхөө дэргэд зэвсэгтэй байхыг зөвшөөрдөггүй дэндүү их хардан сэжиглэгч нэгэн эзэн хаан байжээ.
Гэсэн ч тэр эзэн хаан өөрийнхөө аминд халдах явдлаас зайлсхийж чадсангүй. Сэм илгээгдсэн алуурчид нь харин эзэн хааны бие хамгаалагчид зэвсэггүй байдгийг л ашигласан байжээ...
Ордны хамгаалалтын дайчин ган төмөр харшилдахыг сонсоод түгшүүр зарлажээ. Харуул манааныхныг эзэн хааны ордонд ороход тулаан нэгэнт дууссан байв. Эзэн хаан, нэг бие хамгаалагч хоёр л амьд үлдсэн байжээ.
Ордны харуул хамгаалалтын дарга "тулааны талбарыг” анхааралтай тойруулан хараад дараа нь эзэн хааныг аварсан өнөөх бие хамгаалагчийг өөр дээрээ дуудаад:
- Зэвсгээ чи хаана нууж байсан юм бэ? гэж асуув.
- Довтлогчдын нэгнээс булааж авсан, гэж бие хамгаалагч хариуллаа.
Хамгаалалтын дарга мушилзав.
- Алагдсан бүх алуурчид гартаа илдээ барьсан байна гэж тэр хэллээ.
Бие хамгаалагч мөрөө хавчаад юу ч хариулсангүй...
Нэгэн уран чадварлаг багш эзэн хаанд зориулан цэрэг дайчид бэлтгэж өгдөг байжээ. Тэр багшийн бүх шавь нар нь шилдэг дайчид болцгоож нэг бус удаа эзэн хаадын амь насыг аварч байсан аж.
Гэтэл тэр багшид маш чадвартай, хичээнгүй нэг шавь байсан бөгөөд тэрээр илдний бариулаас бариагүй үедээ самгардчихдаг байж. Багш нь бүхнийг хийсэн боловч түүний бүх л хүчин чармайлт талаар өнгөрчээ. Хэдийгээр энэ шавь нь сэлмийг дэндүү уран чадварлаг эзэмшсэн, хамгийн шилдэг сэлэмчид ч түүнээс зэвсгийг нь алдуулж чаддаггүй байсан боловч дайчин хүнд ямар ч сул тал байж болохгүй гэдгийг ойлгодог учраас тэрээр шавиа албанд тавьж явуулдаггүй байлаа.
Нэг удаа багш нь шавиа дуудаад өөрийг нь бараа болж явахыг хүсэв.
- Би эзэн хаанд маш чухал захидал хүргэж өгөх хэрэгтэй байна. Энэ захидал зөвхөн эзэн хаанд л хэрэгтэй төдий биш учраас надад хамгаалалт хэрэгтэй байна гэжээ.
Шавь нь зөвшөөрөн толгой дохиод өөрийнхөө илдийг авахаар гүйн одов.
Тэд багшийн гэрээс гараад ордон руу яаралгүй алхлаа. Алдартай уран чадварлаг багшийн өмнө хүмүүс хүндэтгэлтэйгээр зам тавин өгч байхад харин шавь нь хүмүүсийн нуугдмал аюул заналыг хайн тэднийг анхааралтай ажиглана.
Гэсэн ч тэд ордон руу ямар нэгэн адал явдалгүй ирлээ.
- За боллоо, энд одоо айх юмгүй боллоо, гээд багш нь санаа амран амьсгал авав.
Ордны үүдэнд харуул хамгаалалтынхан багш шавь хоёрын зэвсгийг хураагаад харуулуудын нэг нь тэднийг эзэн хааны өрөө рүү дагуулан явлаа.
Гэвч замын дунд харуул гэнэтхэн дуу алдаад шалан дээр навтасхийн унав. Түүний гэдэснээс тахир хутга цухуйж байх аж. Тэр даруй харанхуйгаас зэвсэглэсэн хэдэн хүн гарч ирээд тэдний замыг хаалаа. Шавь зэвсгээ авахаар буцаж гүйх гэсэн боловч зэвсэглэсэн хүмүүс ард нь ч бас зогсож байжээ.
Ганцхан багш л уужуу тайван зогсоно.
- Захидлыг нааш нь өг, хэмээн занга тавьсан хүмүүсийн нэг нь сөөнгөтөн хэлэв.
- Ав л даа, хэмээн багш хэлээд захиаг бүснийхээ ард хийлээ.
Тэгээд багш тулааны зогсолтоор зогсоод гараараа илдээ хуйнаас нь сугалах мэт хөдөлгөөн хийв. Гэхдээ түүнд илд байсангүй. Үл таних хүмүүс дайрч эхэллээ.
Шавь нь юу ч хийхээ мэдэхгүй сандарчихсан, шавар бурхан шиг л зогсож байлаа. Багш нь түүнийг хөнгөн түлхээд өөртөө орон зай гаргав.
"Тэр юу хийж байна аа?” хэмээн гайхсан шавь нь үнэхээр л багшийнх нь гарт илд байгаа юм шиг, тэр зэвсэгт өртчих вий гэсэн шиг хананд нуруугаараа наалдан зогслоо.
Эхний дайрсан хүмүүс бултан зайлаад багш нь өөрөө цохилт хийхэд... үнэхээр л довтолсон дайсан илдэнд цавчуулсан мэт шалан дээр үхэтхийн унав.
Бусад довтлогчид тэр даруй зогтусан гэдрэг зайлсхийсэн нь ердөө дахиж бүлэглэн хуваарилагдах гэсэн байжээ. Эд бол сайн дайчид байсан бөгөөд дайсных нь гарт үл үзэгдэх илд байгаа нь тэднийг айлгасангүй.
Гэлээ ч тэд багшийг дийлж, гартаа оруулж чадсангүй, дахин хоёр дайчнаа алдаад яг л анх гарч ирсэн шигээ харанхуйд нууцлаг маягаар уусан алга болов.
- Багш аа! - хэмээн гайхаж биширсэн шавь нь дуу алдлаа. - Та шидэт зэвсэгтэй юм уу?! Үл үзэгдэгч илд үү?!
- Тийм ээ, - гээд багш үл үзэгдэх илдээ үхсэн дайснуудын нэгнийх нь хувцсанд арчаад үл үзэгдэх хуйнд нь хийв. - Чамд ч бас яг ийм зэвсэг бий.
- Надад уу?! хэмээн шавь нь бүр ч их гайхширчээ.
- Жинхэнэ дайчны зэвсэг нь түүний бүсэнд зүүлттэй байдаг юм биш, харин түүний зүрхэнд байдаг гэдгийг санаж яваарай.
Шавь нь багшийнхаа хэлсэн үгийг ухаж ойлгохыг хичээн хөмсөг зангидав.
- За тэгээд, юунд шон шиг зогсчхов! - гэж багш хашхираад, - Илдээ сугалаач! гэжээ.
Шавь тулааны зогсолтоор зогсоод гараараа огт байхгүй илдний бариулыг шүүрэн аваад болгоомжтой сугалав. Тэрээр үнэхээр л сэлэм хуйнаасаа сугарах мэт хөнгөн эсэргүүцлийг мэдрээд, тэр ч бүү хэл ган төмрийг модонд үрж буй зөөлөн чахрах дууг сонсох шиг болов. Тэрээр илдийг сугалж аваад дээш нь хөнгөн шидээд тэр даруй барьж авлаа.
"Яасан төгс илд вэ! Ямар оновчтой тэнцвэр вэ!” хэмээн шинэ зэвсэгтээ сэтгэл татагдан бодов.
Тэрээр өөрийнхөө бодол санаанд дэндүү их автаад бүр үхэгсдийн нэг хэрхэн багш руу инээмсэглэн нүд ирмэхийг анзаарсангүй ээ ...
"Цэцэн мэргэн үлгэрийн чуулган"-аас...