📅

Авьяастнуудын эцэг, эхчүүд: Багш биднээс 1000 төгрөг ч авч үзээгүй

🕔 2015/12/15 09:58
"Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар тодроод байгаа "Эгшиглэнт чимээ” хамтлагийнханд шагналын 100 сая төгрөгийг гардуулах ёслолын ажиллагааны үеэр хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзсан юм. Бяцхан авьяастнуудын ээж, аавууд "Хүүхдүүд маань Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, телевизийн бичлэгт орж, Боловсрол, шинжлэх ухааны сайдтай уулзана гээд бидэнд ч олдохгүй байна. С.Жамъянхорол багштайгаа ч тухтай уулзаж чадаагүй байна. Ямартай ч өнөөдөр/өчигдөр/ оройдоо "Эгшиглэнт чимээ” автобусандаа сууж гэрийн зүг буцна даа. Дарханчууд маань хүлээж байгаа” гэцгээн дараах яриаг өгсөн юм.

Дархан-Уул аймгийн иргэн Б.Ууганбаяр: Багш биднээс 1000 төгрөг ч авч байгаагүй

-Охиноо анх хэзээ С.Жамъянхорол багшийн шавь болгосон бэ?

-Миний охин У.Итгэлт долоон настай. Гурван жилийн өмнөөс буюу цэцэрлэгт байхаасаа  хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Анх оихн маань С.Жамъянхорол багшийн охиноор төгөлдөр хуур заалгадаг байсан. Тэгээд дараа нь багшийн хамтлагт орсон доо.

-Ямар хөгжим тоглодог вэ?

-Миний охин хуучин эвхдэг цагаан орны төмрөөр хийсэн төмөр царгил хөгжим тоглодог.

-Шүүгч нар "Хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлж байгаа эцэг эхчүүдэд тусгайлан талархаж байна” гэж байсан. Охин тань долоон хоногт хэдэн цагаар хичээллэдэг вэ?

-Шүүгч нарыг тэгж хэлэхэд бас охиныгоо тайзан дээр байхад хэлэх үг олдохгүй тасралтгүй уйлаад л байсан. Хамтлагийн хүүхдүүд маань зарим нь өглөө зарим нь өдөр хичээлтэй. Тэгээд аль болох хичээлийнхээ зав зайгаар дугуйландаа явдаг. Мөн амралтын өдөрт бол тогтмол нэгээс хоёр цаг хичээллэдэг.

-Монголын ард түмэн С.Жамъянхорол багшаар бахархаж байна.


-Бусад бүх дамжаа, дугуйлан сарын 70-80 мянган төгрөгийн төлбөртэй байдаг. Бид нарын хүүхдүүдээс багш маань ганц мянган төгрөг ч авч үзээгүй. Цагаан сар, шинэ жил, хүүхдийн баяр болоход хувиасаа бэлэг авч ирээд бүх хүүхдүүддээ өгдөг. Тэр ч байтугай "Хүүхдүүд минь өлсөх вий, ядрах вий” гээд гэрээсээ хүртэл боорцог авч ирээд тараадаг юм билээ. Эцэг эхчүүд бид багшаараа бахархаж, талархаж байна даа.

"Эгшиглэн чимээ” хамтлагийн гишүүн А.Идэржавхлангийн ээж Ш.Ариунсанаа: Хамтлагийн ганц хүү болохоор нь ард түмэн хүүг минь илүү өхөөрдсөн

-Таны хүү хүү хамтлагийн ганц хүү. Тэр ч утгаараа хүмүүс илүү өхөөрдөж харагдсан.

-Хүү маань "Эгшиглэнт чимээ” хамтлагт ороод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа. Анх шагшуур хөгжим дээр тоглож байсан бол одоо модон царгил хөгжим тоглож байгаа. Харин сая төмөр шиддэг "шидтэй” болсон/инээв/. Гэхдээ тэр төмрөө эгнүүлж тавьж байгаад дуу оруулдаг. Тайзан дээр ганц банди гэдэг утгаар нь хүмүүс илүү хайрлаж байгаа санагдсан.

-Анх хэрхэн С.Жамъянхорол багшид шавь оруулж байсан бэ?

-Нөхөрт маань дугуйлангийн талаар хүн хэлээд, анх шавь болгоно гэхээр нь анхандаа би дургүйцэж байлаа. Тэгээд С.Жамъянхорол багшид дагуулж очоод шалгуулахад "Сонсголтой хүү байна” гээд хамтлагтаа авсан даа. Анхандаа би "Энэ төмрөөр тоглоод юу л гийгүүлэх вэ дээ” гээд хамтлагаас нь гаргах гэтэл багш маань гаргаагүй. Тэгээд л жил гаруйн хугацаа өнгөрч ийнхүү амжилтанд хүрлээ. Одоо бол хичээлийнхээ зав зайгаар, хичээлээ тараад "Ээж би дугуйландаа явлаа” гээд л утасддаг.

С.Жамъянхорол багш маань хэдэн шавь нараа юмны захад хүргэе, аль болох юм заагаад өгий л гэж боддог багш. Хүүхдийг чадах, чадахгүй гэж ялгахгүйгээр хэдэн хүүхэд байсан ч би үзх хүүдээ аваад явна л гэдэг. Анх тэмцээнд ороход гайгүй тоглодог хэдэн хүүхдээ шилээд оролцуулъя гэхэд багш заавал "Бүх хүүхдээ оруулна. Би хүүхдээ ялгахгүй” гээд бүгдийг нь оруулсан даа.

-Өмнө нь шилдгээр шалгарсан тохиолдолд шагналын 100 сая төгрөгөө юунд зарцуулна гэж ярьж байсан бэ?

-Манай багш хөгжмийн танхимаа томруулна, хөгжмөө олон болгоно гэж ярьдаг. Одоо бол бид нараас юу ч авахгүйгээр, өөрөө л бүхнийг олоод хийдэг. Эцэг эхчүүд бид ядаад "Та фондын мөнгө” гээд хэдэн хүүхдээсээ хэдэн төгрөгийн төлбөр авахгүй юм уу ч гэж гyйж үзсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг авч байгаагүй.

С.Жамъянхорол багшийн хүргэн Х.Эрдэнэбаатар: Эхнэр маань "Эгшиглэнт чимээ” хамтлагийн ууган гишүүн

-Охин маань цэцэрлэгт явдаг таван настай. Өвөөгийнхөө дугуйланд хамрагдаж, хөгжим сурч байгаа гэсэн үг. Би өөрөө С.Жамъянхорол  багшийн хүргэн. Эхнэр маань бас хөгжмийн багш төдийгүй "Эгшиглэнт чимээ” хамтлагийн ууган гишүүн юм.  

-Хадам аавынхаа талаар ярьвал?

-Хадам аав маань Завхан аймгийн Тэлмэн суманд төрж, Тосонцэнгэл сумын циркийн анхны циркчдийн нэг хүн. Улмаар хөгжмийн багшаар мөн ч олон жил ажиллаж байна даа. "Эгшиглэнт чимээ” хамтлагийг 15 жилийн өмнө байгуулж улмаар тус хамтлагаас үе үеийн олон авьяастангууд төрж гарсан даа. Олон  жилийн нөр их хөдөлмөрийн үр шимээ хүртэж байгаад нь туйлын баяртай байна. Би аавтайгаа гурван жил хамт багшилсан. Тэгэхэд би залуу хүн хирнээ аавын хурдыг гүйцэхгүй шүү дээ. Аав бол цаг ямагт л шогшоод л гүйгээд л байна шүү дээ. Хамт олноо байнга баярлуулж, ерөөл хайрлан урмын өгээр тэтгэж байдаг хүн дээ. Аавын хувьд бидний үлгэр дууриалал болсон хүн юм.

Миний охин "Эгшиглэнт чимээ” хамтлагт ороод гурван жил болж байна. Энэ хугацаанд маш их зүйлийг сурч мэдсэн. Миний том охин мөн энэ хамтлагт байж байгаад Хөгжим бүжгийн коллежид орсон. Тиймээс охидын минь замыг гэрэлтүүлж өгсөн С.Жамъянхорол багш маань үнэндээ их бурханлаг хүн юм. Багш багшийн дотор дээд нь болсон багш даа/уйлав/.

Д.Жаргал
 
Эх сурвалж: Zaluu.com
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?