📅

МОНГОЛ УЛС БИЧИЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭСЭН ЦАХИМ ПЛАТФОРМТОЙ БОЛОВ

🕔 2018/03/02 07:36
 
МОНГОЛ УЛС БИЧИЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭСЭН ЦАХИМ ПЛАТФОРМТОЙ БОЛОВ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Байгаль орчинд ээлтэй  нийгэмд сайн жишиг тогтоох бичил уурхайг хөгжүүлэхэд Швейцарийн Хөгжлийн агентлагийн  "Тогтвортой бичил уурхай” төсөл Монгол Улсад 13 дахь жил хувь нэмрээ оруулж байна. Дээрх төслийн дөрөв дэх шатны хэрэгжилтийн хүрээнд   "Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болгожээ.

"Тогтвортой бичил уурхай” төслөөс бичил уурхайг албажуулахад  хувь нэмрээ оруулах  дээрх цахим платформыг  УУХҮЯ-нд өнөөдөр албан ёсоор  хүлээлгэн өглөө. Энэхүү "Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийн цахим платформыг салбарын яам  ажлын алба байгуулан цааш нь хөгжүүлж авч явах юм байна.

Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэд захирал Илариа Дали хэлэхдээ, "Тогтвортой бичил уурхай” төсөл нь Монгол Улсад эдийн засгийн тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан бичил уурхайн салбарыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн.Өнөөдөр бичил уурхайгаар олборлосон алтны худалдааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхай дахь дэлхийн бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэх, өөрсдийн туршлагаас хуваалцахад гүүр болох ""Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийн цахим платформыг хүлээлгэн өгч байгаадаа таатай байна.  Энэхүү цахим платформ нь хамтрагч талууд мэдлэг, мэдээлэл олж авах,  хуваалцах, суралцах, хадгалах хамгийн тохиромжтой бааз болно гэдэгт итгэлтэй байна.Улмаар уг платформ нийгэм, байгаль орчны хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх түгээх, бичил уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нийтлэх, зохион байгуулах арга хэмжээний зарыг байршуулах  боломжийг бүрдүүллээ. Мөн бичил уурхайн салбарын хамтрагчид мэдээ, мэдээлэл, судалгаа, товхимол нийтлэлийг олон нийтэд хүргэх гол талбар байх болно” хэмээв.



Цахим платформ нь бичил уурхайчдын эрхзүйн орчин мөнгөн ус ба химийн хорт бодисын хор нөлөө, нийлүүлэлтийн сүлжээ ба эдийн засгийн хөгжил, бичил уурхайчид ба орон нутгийн удирдлага ба үр дүн ололт амжилт гэсэн найман сэдвийн  мэдээллийг багтаажээ.  www.asmhub.mn гэсэн вэб хуудас бүхий "Бичил уурхайн мэдлэгийн төв” нь бичил уурхайчид, хэвлэл мэдээлэл, Засгийн газар, олон улсын  байгууллага, хувийн хэвшил, олон улс, бичил уурхайн ТББ-ууд, боловсрол судалгааны байгууллагын оролцоог хангах суурийг тавьсан хэмээн төслийн багийнхан хэлж байна. Дээрх вэб хуудаснаас бичил уурхайтай холбоотой мэдээ, мэдээлэл, цахим сургалт, уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн мэдээлэл  авахаас гадна усан жингийн аргаар алтны сорьцыг тооцоолох боломжийг бүрдүүлжээ.  Мөн  цахим платформын групп  хэсэг нь харилцан яриа хэлэлцүүлэг мэтгэлцээний гол талбар байх бөгөөд бичил уурхайчид гар утаснаасаа цогц мэдээллийг авах боломжтой гэдгийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн  "Тогтвортой бичил уурхай” төслийн эксперт Ц.Тансагмаа хэллээ.

"ӨНӨӨДӨР ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ЦАХИМ ПЛАТФОРМД БИЧИЛ УУРХАЙТАЙ ХОЛБООТОЙ 100 ГАРУЙ НОМ ТОВХИМОЛ, 50 ОРЧИМ ЗУРАГ, 70 ГАРУЙ ВИДЕО, 145 МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН БААЗЫГ ҮҮСГЭЖЭЭ"

Мөн үеэр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлэхдээ, "Өнөөдөр чухал арга хэмжээ болж байна. Юуны өмнө бичил уурхайчдыг цогц мэдээллээр хангах нөхцлийг бүрдүүлж ажилласан Швейцарийн Хөгжлийн агентлагийн  "Тогтвортой бичил уурхай” төслийнхэнд талархал илэрхийлье. Засгийн газар бичил уурхайн эрхзүйн орчныг бүрдүүлэх, хуулийн хүрээнд зохицуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. 2017 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталсан. Эдгээр эрхзүйн актууд болон бичил уурхайн талаарх бусад мэдээ, мэдээллийг "Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийн цахим платформоос авах боломж бүрдлээ. Энэ хүрээнд  платформыг хөгжүүлэхэд бичил уурхайтай холбоотой бүх байгууллага, судлаачид иргэдийн оролцоо идэвх, санаачилга чухал ач холбогдолтой юм" хэмээв.

Ийнхүү Монгол Улс  бичил уурхайчдыг мэдээллээр хангах бааз суурь бүхий цахим төвтэй болсноор  хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх боломж бүрдлээ гэдгийг салбарынхан тодотгов.
 
Б.Заяа

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?