БИЧИЛ УУРХАЙ- ДАРХАН-УУЛ АЙМАГТ
Х.Соёл-Эрдэнэ
Манай улсад уул уурхай хөгжөөд 20 орчим жил болж байна. Товчхондоо, бид хувиараа ашигт малтмал олборлогч буюу бичил уурхайчидтай танилцаад 20 жил болжээ. Улсын хэмжээнд нийт 6500 гаруй зохион байгуулалтад орсон бичил уурхайчин байдаг гэсэн тоо баримт бий. Тэгвэл Дархан-Уул аймагт Шарын гол суманд бичил уурхайн чиглэлээр дөрвөн нөхөрлөл /36 гаруй гишүүдтэй /гэрээ байгуулан 2017 оны 8 дугаар сараас ажиллаж эхэлж байна.
Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг албажуулан нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, бичил уурхайн зориулалтаар ашиглах газрын асуудлыг шийдвэрлэх болон гуравласан гэрээ байгуулан, бичил уурхайчдыг ажлын байраар хангах, бичил уурхайн талаар аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Мөн Монгол Улсын Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Тогтвортой бичил уурхай (ТБУ) төслийг хэрэгжүүлж байна. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүстэй ярилцлаа.
С.БАЯСГАЛАН: ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧ ИРГЭД ХУУЛИЙН ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БОЛСОН
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалантай ярилцлаа.
- Аймгийн хэмжээнд бичил уурхайн өнөөгийн байдал ямар түвшинд байна. Өнөөдрийн байдлаар хичнээн иргэн хувиараа ашигт малтмал олборлож байгаа вэ. Үүнээс хэд нь бичил уурхайн бүртгэлтэй ажиллаж байна вэ?
- Дархан-Уул аймагт 2017 оны 11 дүгээр сарын байдлаар Шарын гол сумын нутаг Цагаан хөтөл гэх газарт "Хайрханы алтан буудай”, Хавчуу гэх газарт "Хайрханы багачуул”, Шар хөндий гэх газарт "Жалым хайрханы түшиг”, Бурхант гэх газарт "Хайрханы хүчирхэг залуус” гэх нийт хуулийн дагуу албажсан 4 нөхөрлөл бичил уурхайн чиглэлээр ажиллаж байна. Дээрх дөрвөн нөхөрлөлүүд нь Шарын гол сумын 2014 оны ИТХ-ын 26-р тогтоолоор бичил уурхайн чиглэлээр тусгай хэрэгцээнд авсан газарт Монгол Улсын Засгийн газрын 151-р тогтоолын дагуу Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тус сумын Засаг даргатай байгуулж ажиллаж байгаа хэдий ч Засгийн газрын уг тогтоолын дагуу аймгийн ИТХ-аар дээрх газруудыг Шарын гол суманд бичил уурхайн чиглэлээр аймгийн тусгай хэрэгцээнд авах шаардлагатай байна. Хонгор суманд 1 нөхөрлөлийн газар аймгийн ИТХ-аар баталгаажсан, 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
- Иргэдийн дунд нинжа гэдэг ойлголт яваад байдаг. Тэгвэл нинжа, бичил уурхай эрхлэгч хоёр нь ямар ялгаатай вэ?
- Нинжа, "ХАМО” болон "бичил уурхай эрхлэгчид” хоорондоо маш их ялгаатай. Бичил уурхайчид бол холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулалтад орж, тухайн сумынхаа Засаг даргатай гэрээ байгуулан, албан ёсоор дүгнэлт нь гарсан газар аюулгүй байдлаа хангаж ажиллаж байгаа хүмүүсийг хэлж байгаа. Мөн тухайн газартаа олборлолт явуулаад, нөхөн сэргээлтээ өөрсдөө хийн буцааж хүлээлгэн өгдөг, Хоргүй технологи ашигладаг, Монгол банкинд алтаа тушаадаг хүмүүсийг хэлнэ. Харин нинжа нар бол хувь хүний үйл ажиллагаа. Татвар даатгалд хамрагддаггүй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, явуулын техниктэй ажилладаг хүмүүс. Хувиараа ашигт малтмал олборлогч буюу "ХАМО” иргэдийн хувьд хууль бусаар ажилладаг, зохион байгуулалттай хэдий ч бүлгээрээ явуулын, тогтсон газар байхгүй, байгалийн баялагыг сорчилдог, ХАБЭА баримталдаггүй, хууль бус хүмүүс юм.
- Та ярианыхаа эхэнд Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу гэрээ байгуулан ажиллаж байгаа гэлээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын талаар товчхон танилцуулаач?
- Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” шинэчлэн батлагдсан.
Журмаар бичил уурхайд чиглэсэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилготой салбар хоорондын зөвлөл байгуулагдсан. Түүнчлэн аймгийн Засаг даргын үүрэг, оролцоог нэмэгдүүлж өгснөөр бичил уурхайчдад тухайн аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох боломж олгож, улмаар бичил уурхайд ашиглах техникийн хүчин чадлыг долоо дахин нэмэгдүүлж, ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбай дахь ашигт малтмалыг дуусах хугацаагаар байгуулах боллоо. Шинэчлэгдсэн журам бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлт хийхийг бичил уурхайчдад үүрэг болгож ингэснээр тэдний байгаль орчны хариуцлагыг дээшлүүлж өгсөн.
- Бичил уурхайчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, үнэмлэхжүүлэх асуудал яригдаж байна. Үнэмлэхжүүлснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?
- Аймгийн Засаг даргын 2017 оны А/18 захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хонгор, Шарын гол, Орхон сумдад ажиллаж бичил уурхайг албажуулан нэгдсэн зохион байгуулалтад оруулах, бичил уурхайн хууль эрх зүйн орчин, алтны нийлүүлэлтийн сүлжээний талаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд мэдээлэл өгч сургалт зохион байгуулж байна. Ингэснээр бичил уурхай эрхлэх талаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хүсэл эрмэлзэлтэй болох, албажин баталгаажихын ач холбогдолыг ойлгож байна. Үүнийгээ дагаад хууль бус олборлолт багасах үр дүн харагдаж байна. Мөн 4 бичил уурхайд нийт 36 орчим хүн ажлын байраар хангагдаад байна.
"Хайрханы багачуул” бичил уурхайн нөхөрлөл нь нийт ажилчдаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, жишиг бичил уурхайн нөхөрлөл болох зорилттой ажиллаж байна. Бусад 3 бичил уурхай ажилтан албан хаагчдынхаа бичиг баримтыг бүрдүүлэх шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, тухайн сумын Засаг дарга бичил уурхайн ажилтнуудад үнэмлэх олгохоор журам, дүрмээр зохицуулж өгсөн байгаа.
Үнэмлэх олгосноор тухайн орон нутагт бүртгэлтэй бичил уурхайн нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон иргэд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд ямар нэгэн хяналт, шалгалтын үед тухайн талбайд ажиллахад ямар нэгэн айх юмгүй ажиллана гэсэн үг. Нөгөөтэйгүүр үнэмлэх авснаар бүртгэлд хамрагдаж нийгмийн халамж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж, албан ёсны бичил уурхайн ажилтан болно.
- "Бичил уурхай” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна. Хөтөлбөрөө батлуулсан уу?
- Өнгөрсөн сард буюу 10 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт "Бичил уурхайг хөгжүүлэх дэд хөтөлбөр, бичил уурхайн талаар аймгийн хөгжлийн бодлого, баримт бичигт тусгах хэлэлцүүлэг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт боллоо.
Энэ ондоо багтаж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулна.
Д.БАЯНМӨНХ: БИЧИЛ УУРХАЙЧИД ХАРИУЦЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн БОАЖГазрын Газар, газрын хэвлий, тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан мэргэжилтэн Д.Баянмөнхтэй ярилцлаа.
-Бичил уурхайг дэмжих төслийн хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж байна?
- Монгол Улсын Уул уурхайн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Тогтвортой бичил уурхай (ТБУ) төслийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Дархан –Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар ,Швейцарын ЭСЯамны Хамтын ажиллагааны газартай 2017 онд хамтран ажиллах,Тогтвортой бичил уурхай төслийг хэрэгжүүлж байна. Бичил уурхайн үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, албажуулах,бичил уурхайчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой уг төслийн үр нөлөө маш их байгаа. Төслийн хүрээнд аймаг ,сумын ЗДТГ-ууд, ХОХБТХэлтэс,БОАЖГ, МХГ, НДХ,УБХ хамтран нийт 8 удаагийн сургалт,зөвлөгөөнийг зохион байгуулж давхардсан тоогоор нийт 320 орчим шийдвэр гаргах түвшний төрийн албаны төлөөлөл, бичил уурхай эрхлэгчид болон Байгаль орчныг хамгаалах ТББ-ынхан хамрагдсан байна. Мөн орон нутгийн малчин иргэдтэй уулзан бичил уурхайчдын үйл ажиллагаа малын бэлчээр, хүн малын ундны усанд хэрхэн нөлөөлж байгааг судлан, бичил уурхайн үйл ажиллагааг эерэгээр зөв ойлгуулах, малчид, бичил уурхайчид харилцан ашигтай хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголт өгч байна.
- Малчдаас ямар санал гарч байна?
- Одоогоор үйл ажиллагаа явуулж буй дөрвөн бичил уурхай нь өмнө ашиглалтын үйл ажиллагаанаас үүдэлтэй эвдэрсэн газарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, ашиглалтаас үүссэн нууранд угаалга хийдэг тул орчны нөлөөлөл багатай, иргэдээс гомдол санал гарах нь харьцангүй бага байна.
-Бичил уурхайн талаарх иргэдийн ойлголт муу байдаг. Үүнээс болж хуулийн дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдол байдаг уу?
-Тийм тохиолдол бий. Ер нь хаана алт гарна, тэр сургаар тухайн газарт бөөгнөрөл үүсэх нь элбэг. Хэн бөөгнөрөл үүсгэж байна вэ гэвэл нөгөө зохион байгуулалтад ороогүй, хаа дуртай газраа ухаж явдаг, эргээд нөхөн сэргээлтээ хийдэггүй Нинжа болон ХАМО иргэд ихэнхдээ байдаг. Тэдгээр Нинжа болон ХАМО иргэдийн хариуцлагагүй, хууль бус үйл ажиллагаа нь холбогдох хууль журмын хүрээнд тухайн нэг газартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдыг буруугаар ойлгоход нөлөөлдөг.
Тиймээс бөөгнөрөл үүссэн газарт төр өөрөө хяналтын механизмаа чангатгах хэрэгтэй. Ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Зөрчлийн тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 5 дахь заалтад "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
- Бичил уурхайчид байгаль орчны нөхөн сэргээлтийг ажлыг хэр гүйцэтгэдэг вэ?
- Нэг үеэ бодвол албан ёсоор бичил уурхай эрхэлж байгаа иргэд байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг болсон. Бичил уурхайчид нөхөрлөл, хоршооны хэлбэрт шилжиж, ашигласан талбайгаа нөхөн сэргээдэг туршлага бий болж байгаа.
- Ер нь бичил уурхай эрхлэгчдэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
- Бичил уурхай эрхлэгчдэд нийгмийн асуудлууд ихээхэн тулгамддаг. Жишээ нь эрүүл мэндийн асуудал, нийгмийн даатгалд хамруулах гэх мэт. Энэ чиглэлийг анхааралдаа авах ажлын хүрээнд Шарын гол суманд 3 нөхөрлөл ажилчдаа нийгмийн даатгалд хамруулаад байна.
- Бичил уурхай эрхлэгчдийг албажуулах ажил ямар түвшинд байна вэ?
- Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 4 уурхай албажиж үйл ажиллагаагаа эхлүүлсэн, Хонгор суманд нэг бичил уурхай газрынхаа асуудлыг аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлсэн байна.
Дархан мэдээ сонин /2017.11 дүгээр сарын дугаар III нүүрт/