📅

Сүлжээний улс төр

🕔 2018/02/22 09:24

 

Төрийн эрхийг ээлжлэн барьдаг МАН, АН-ынхан НАМ хэмээх улс төрийн байгууллагын утгыг алдуулж байна.

МАН-ынхан хоорондоо, АН-ынхан дотооддоо зөрчилтэй. Зөрчил нь тэмцэл болж, тэр нь явсаар өс хонзонгийн асуудал болж хувирч байгааг бид харж байна.

Хэдэн жилийн өмнө иймэрхүү сөргөлдөөнийг хоёр намын хооронд явж буй улс төр хэмээн үздэг байлаа. Тэр үед улс төрийн зүүн, барууны үзэл нь улстөрчдийг ангилж ялгаад өгдөг байв.

Харин өнөөдөр хэн хэний тухай, чухам юу яриад байгаа нь тун чиг ойлгомжгүй болов. МАН нь МАН-аа, АН нь АН-аа "нухдаг” болсон байна.

Яг үнэндээ энэ гүнзгийрсэн тэмцэл сөргөлдөөний цаана ямар нэг байдлаар хувийн эрх ашиг нуугдаж байгаа нь л харин өдрөөс өдөрт тодорч байгаа юм.

МАН-ын ч, АН-ын ч харьяалалтай улстөрчдийн бие биеэ шууд нэр зааж байгаад үзэлцдэг явдал 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөөс ил цагаандаа гарсан.

Эмх замбараагүй, бие бие рүүгээ дайрсан үйлдлүүд нь явсаар илүү аюултай, бас бүлэглэл хоорондын тэмцэл  байдалтай болоод байгаа юм.

2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "…Монгол Улсынхаа эрх ашиг, шударга ёсны төлөө үгсэн хуйвалдсан, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил тод хэлэхээс өөр аргагүй боллоо. Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж юм. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй болохоор тэр хүн магадгүй "Авлигатай тэмцэхэд хэцүү боллоо” гэх зэргээр хэлэх байх. Гэвч бодит байдалд төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна” гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа "…Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй.Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” хэмээн бичсэн байдаг.

Түүнчлэн Н.Алтанхуяг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан АТГ-ын дарга Н.Ганболдод хандаж "…Ганболд та МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад Цагдаагийн газрын дарга байсан.  Намайг АН-ын дарга байхад Ерөнхийлөгчийн саналаар Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилж, дэд даргаар нь Б.Хурцыг томилж байсан. Энэ бүх хүмүүс нийлээд өнөө хонгилыг үүсгэсэн. Үнэн үг хэлсэн хүнд Ерөнхийлөгч хүртэл өшөөтэй.   Ганболд даргаа, Та хоншоор гаргаж чадаагүй, хонгил нээдэг хүн л болсон. Би таныг өрөвдөж байна. Та хожим дурсамжиндаа бүх үнэнийг бичээрэй” гэж байв.

Н.Алтанхуяг улмаар 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "…Цөөн хэдэн хүн Монголын хамаг баялгийг сорчлоод, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг том ордуудыг атгаад байна гэж хэлснээс хойш ийм үйл явдлууд ар араасаа цуварч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэдний бүлэглэл их амь тавьж байх шиг байна. Ер нь Ерөнхийлөгч болон тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор "хонгил” байдаг гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлж байсан. Намайг Ерөнхий сайд байх үеэс л тэр хонгил руугаа шахаж оруулах гэж олон жил оролдож байгаа” гэсэн юм.

Тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 26-нд "…Ц.Элбэгдорж, Миеэгомбын Энхболд гэдэг хоёр хүн Монголын хамаг баялгийг хамж сорж, сорчилж идэж байгаа. Энэ хоёр нөхрийн толгойлсон бүлэглэлтэй үхтэлээ тэмцэнэ” гэсэн байдаг. Маргааш нь УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргасан. Тэрээр "…Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд хэдэн жил хамт суусны хувьд Н.Алтанхуяг гадарлах учиртай. Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна” гэсэн юм.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц 2017 оны аравдугаар сарын 26-нд хэвлэлийн бага хурал зарлаж "…Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэлд байдаг. Энэ бүлэглэл бол хүчтэй. Энэ бүлэглэл өөрсдөө Эрдэнэттэй холбоотой, маш их бизнес шахаа хийдэг. Мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, сайттай. Бидэнд байгаа мэдээллээр, Эрдэнэтийн захирлыг "Хаан жимс” дээр дуудаж, энэ гэрээг үргэлжлүүл гэж шахсан байгаа юм” гэж мэдэгдсэн.

Б.Хурц дараа нь "Цен­зургүй яриа” нэврүүлэгт оролцож энэ талаараа дахин ярьсан байдаг. Иймээс Н.Алтанхуяг нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүхэд гаргажээ. Харин тус шүүх 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хариуцагч Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзжээ. Тиймээс Н.Алтанхуяг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Хан-Уул дүүргийн шүүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ТЕГ-ын дарга асан Батын Хурцыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаад байгаа юм.

ТЕГ-ын дарга Б.Хурц­тай дайтдаг хэд хэдэн хүн бий. Хамгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нэрлэж болно.

Б.Хурц нь Ц.Ням­доржийг сайд болсны дараахан 2017 оны аравдугаар сарын 26-нд "…Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан” гэсэн мэдэгдлийг хийсэн. Ц.Нямдорж ч дуугүй суугаагүй байдаг. Б.Хурцын мэдэгдлийн дараа "…Би ажлын хэсэгт өөрчлөлт оруулж байгаагүй. Харин одоо захиалагчийг илрүүлэх ажлын хэсэгт орсон цагдаагийн төлөөллийг солино. Захиалагчийг нь олоогүй байж хүн захиалгаар алсан гэдгийг тогтоож, шийтгэнэ гэдэг бол хуулийн хүн байтугай жирийн хүн ч ойлгохооргүй үйл явдал л даа. …Б.Хурцын ард зөндөө хүн бий. Наад нам дамжсан бүлэглэл чинь тэр чигээрээ байгаа. …Н.Алтанхуяг, Д.Дорлигжав хоёр надад ямар ч хамаагүй. Бид гурав бас улстөрийн хашааг мэднэ шүү дээ. Би ТЕГ-ын даргыг солино. …Бүгдийг нь хувааж аваад, айлгадаг, дээрэмддэг. Б.Хурц өнөөдөр өөрийгөө илчилчихлээ. Ийм мэдээлэл хийнэ гэдэг нь өөрөө ёс суртахуунгүй асуудал. Бүр жинхэнэ дампуураад болохоо байсны шинж. Тэр дундаа ажлаа өгөхөө мэдээд ийм мэдэгдэл хийнэ гэдэг нь Б.Хурц өөрөө улстөрийн тагнуул байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг” гэжээ.

Дараа нь 2018 оны хоёрдугаар сарын 6-нд "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалж, Лондоны арбитрын шүүх дээр 99 сая ам.долларын өр тавиулсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "…С.Баярын Засгийн газрын үед 51 хувь дээр баталгаа гаргаж өгсөн гэх мэт асуудлууд яригдаад байсан. Уг нь энэ маргаан 2013 онд гарсан маргаан. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан, АН засаг барьж байсан тэр үед "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал энэ шугамаар томилогдсон. Энэ хүмүүс өөрсдөө л энэ маргаанд оролцсон. …Ер нь эндээс нэг юм мэдрэгдээд байна. Эрдэнэтийн 51 хувийг улс төржүүлж байж 49 хувийн хулгайг булах зохион байгуулалттай ажил явагдаад байна. Намайг замаасаа зайлуулж Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг замхруулах гээд байна. Үүнийг хэн хийж байгааг би хэлье. Ц.Элбэгдорж болон Б.Хурцын баг нийлээд үүнийг хийж байгаа. Миний дараа Ж.Батзанданг оролдож эхэлнэ”  гэж байв.

Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн Б.Хурцын дараагийн дайсан нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан юм. Ж.Батзандан 2017 оны арваннэгдүгээр сарын 6-нд хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэр өдөр нь Засгийн газар хуралдаж Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар явуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан байв. Ж.Батзандан үүнтэй холбоотойгоор "…ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэдэг хүнтэй хувийн маргаан, хувийн сонирхлын зөрчил надад байхгүй. Миний бие өнгөрсөн дөрвөн жилд Өргөдлийн байнгын хороонд ажилласан. Энэ хугацаанд Б.Хурцтай холбоотой маш олон гомдол ирж байсныг та бүхэнд  сонордуулъя” гээд дөрвөн шалтгаан нэрлээд "…УИХ-ын гишүүд, олон бизнесмэнүүд Б.Хурц гэдэг хүнээс айдгийг би ойлгож байна. Гэхдээ алийн болгон айж амьдрах юм бэ. Насаараа айж амьдрах юм уу. ТЕГ-ын нэрийг барьж, олон хүний, бизнесийг булаасан гэдэг гомдол бас ирж байна. Б.Хурц гэдэг хүнд газар, лиценз, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс УИХ-д албан ёсоор өргөдлөө өг” гэсэн юм. Харин Б.Хурц дээрх мэдэгдлийг нэр төрд халдсан гэж үзээд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн юм. Тэрээр "…Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргасан байна.

Энэ хоёр хүний хэрүүл ингэж эхэлсэн.

Дараахан нь 2017 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ "ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь оруулж ирж байна. Энэ томилгооны талаар нээлттэй  сонсгол хийхээр гишүүдээс гарын үсэг цуглуулах гэхээр зарим нь "Би бизнестэй хүн”, "Би Хурцын найз” гээд зурцгаахгүй байна. Энэ маягаар ихэнх гишүүд нь айдастай, барьцаалагдсан байх юм бол энэ улс хөгжихгүй. Алийн болгон айж амьдрах юм бэ” гэсэн байдаг.

Улмаар 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд сэтгүүлчдэд хандаж "…”УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд өчигдөр намайг явж ороход Б.Хурц гэдэг хүн араас бас орж ирсэн. Ноцтой хоёр зүйлийг хэлсэн. "Чамайг хутгалчихаж чадна шүү” гэж. "Чи хутгалаад алчих би айхгүй байна” гэдгийг би бас хэлсэн. Тэгсэн чинь "Аан тэгвэл чамайг оронд чинь хордуулж алж бас чадна шүү” гэж сүрдүүлсэн” гэж ярив.

2017 оны арван­хоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүд дэмжсэн юм. Яг тэр үед мөн л Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэр хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг нар оролцож байр сууриа илэрхийлсэн байдаг.

Мөн Ж.Батзандан 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд "… Б.Хурцын гар хөл болж ажилладаг таван прокурор, дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагч байна. Мөн татварын байцаагч, аудитын ажилтнууд ч байна. Бид удахгүй тэднийг зарлана” гэсэн юм.

Харин Б.Хурц түүнийг шүүхэд өгчээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны хоёрдугаар сарын 12-нд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу хуралдаад УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан учир уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан цахим хуудсаараа дамжуулан "…Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх л мэдэхгvй байна гэнэ. Xурцын асуудалд Цагаан сарын дараа хариулт өгнөө. Уучлал гуйх тухай ойлголт байхгүй. Миний байр суурь хэвээрээ” гэсэн байна.

Үүнээс гадна 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудлыг хэлэлцсэн. Тэр үеэр Б.Хурц "…Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” гэж мэдэгдсэн юм. Харин Л.Болд 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нд цахим хуудастаа "…Нямдорж сайдаас ийм гүтгэлгийг цагдаад өгдөг юм уу гэж би асуусан. Нэр төрөө бодвол хурдан өгөх естой гэж зөвлөсөн. Хурцын ярьж байгаа шиг надаар хор найруулах гэсэн асуудал байхгүй шүү. Эрдэнэбатын өрөөнд болсон уулзалтын бичлэгийг нийтэд дэлгэхийг Хурцаас шаардаж байна. Гэмгүй хоёр хүн хилс хэрэгт шалгуулсаар амиа алдсан. Тэднийг цагаатгах хохирлыг нөхөн төлөх асуудал би тавьсан гэтэл мушгин гуйвуулж буруу ойлголт өгөх гэж оролдов. Ямар увайгүй хүн бэ. Ядаж дурсгалыг нь хүндэтгэх хүний ес баймаар юм. Уулзалтын төгсгөлд "…Батзандантай орой архи уугаад аргална. Чи найзыгаа уучил би хэтрүүлсэн байна. Алдаагаа засна гээд хоёр ч удаа гар бариад 2020 онд намаасаа УИХ-д гарна дэмжээрэй” гээд салсан хүн шүүдээ. Энэ хүн мөн үү?” гэж бичжээ.

Тэрчлэн Л.Болд нэр төрөө сэргээлгэхээр Б.Хурцыг Хан-Уул дүүргийн шүүхэд гурван удаа хандсан ч шүүх гомдлыг нь хэрэгсэхгүй болгоод байгаа юм.

Энэ орооцолдсон сүлжээний нэг оролцогч болох УИХ-ын гишүүн Ж.Батзанданд Б.Хурцаас гадна нэлээд том нэг дайсан бий. Тэр нь Ерөнхий сайд асан Санжийн Баяр. Энэ хүний тухай Ж.Батзандан 2016 оны есдүгээр сарын 9-нд УИХ-ынэ чуулганы хуралдаан дээр "… С.Баярын гарын үсэг 140 цэцэрлэг барих мөнгө ”Хан Ресурс”-т идүүлж байна” гэж байсан юм.

2017 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "…С.Баярын буруу үйлдлээс болж Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан. Одоо 100 сая ам. доллар төлөх гэж байна. "Хан Ресурс”-ын лицензийг цуцалснаас болж Монгол Улс өнгөрсөн жил 70 сая ам.доллар буюу 140 гаруй тэрбум төгрөг алдсан. Энэ бүхнийг ярихгүй юм уу, хариуцлага сахилга батыг тогтоохгүй юм уу” гэсэн байдаг.

Мөн "…С.Баярыг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй, шалгах хэрэгтэй.  Эрх баригч нам хариуцлага тооцож чадахгүй байна. АН муухай гэж ярьдаг, Ардын нам 65-уулаа юм бол хариуцлагаа тооц л доо. Хууль зүйн сайд аа, хариуцлагаа тооц.

С.Баяртайгаа цуг хулгай хийсэн хүмүүсийг хорь. Ч.Ганзоригтой нь цуг хорь.

С.Баярыгаа хэрэгт хол­богдохоор дуугаа хураагаад суучихдаг. Өөр намын хүн хэрэгт холбогдохоор хамгийн чангаар хашгирдгаа болихгүй юм уу” гэж ярьсан.

Хариуд нь С.Баяр энэ сарын 12-нд Ж.Батзанданд захидал илгээжээ. Түүндээ "…УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хорооны хуралдаан, мөн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дахь таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ. …Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр "энэ ингэсэн”, "тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү” гэжээ. С.Баяр түүнийг шүүхэд өгснөө ийн мэдэгдсэн юм. Харин Ж.Батзандан энэ сарын 13-нд цахим хуудастаа "…Би хувьдаа улс төрчдийн нэр төр, алдар хүндийг шүүх гэхээс илүү ард түмэн, иргэд сонгогчид тогтоодог гэж ойлгодог” гэсэн. Мөн "…С.Баяр гуай намайг шүүхэд өгсөн дуулдана. Харин би С.Баяр гуайг Эрдэнэтийн 51 хувь, Хан Ресурсын 150 тэрбум, Америкт авсан найман хаус, Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсголд урья” гэж бичжээ.

Энэ мэтээр нэр бүхий улстөрчдийн бие биеэ хэмлэсэн, дайрсан, доромжилсон. магадгүй хэдэн үедээ арилахгүй өс хонзон болж мэдэх тэмцэл үргэлжилсээр байна.

Ингэхэд тэд юуны төлөө ийн хэмлэлдэнэ вэ. Монгол Улсын төлөө юу, ард түмнийхээ төлөө юу. Үгүй л болов уу. Хэрэлдэж байгаа үг хэл, утга агуулгыг нь харвал хэн хэнийх нь эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдөөд, түүнийгээ хамгаалах гэж л ийм тэмцэлд өдөөгдсөн байж мэдэхээр байгаа юм.

Нөгөө талаар Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Б.Хурц, Н.Алтанхуяг, Ж.Батзандан гээд сүлжилдэж хэлхэлдсэн нэг тойрог үүсээд байгаа юм. Энэ хүмүүс заримдаа тус тусдаа салж "зодолдох” боловч ихэнхдээ бүлэглэл хэмээх малгай үгийн дор багцлагддаг нь хачин.

Юутай ч Монголын улс төрд ийм нэг орооцолдсон улстөрчдийн сүлжээ бий болоод хэдэн жилийн нүүр үзжээ. Ингэхийн учир нь, тэдний ярианд байнга дурдагдаж буй тэр бүлэглэл нь, ууж иддэг, барьж хорьдог үйл ажиллагаа нь, улмаар бий болсон хонгил гээч нь олон жилийн турш оршин тогносоор ирсэн хэрэг.

Харин олны өмнө муу муухайгаа дуудалцаж, нэр цохон үзэлцэнэ гэдэг бол тэр байдал явсаар түүндээ багтаж шингэхээ больж, нэг нь нөгөөгөө дарангуйлснаар тэсэрсэн л гэсэн үг. Гэвч энэ нь тасрахгүй мөртлөө ээрүүлийн утас шиг орооцолдсон тийм нэг сүлжээний улс төрийг бий болгожээ.

Сүлжээ яадгийг манайхан сайн мэднэ. Хамгийн их яригддаг сүлжээний бизнес гэж бий. Сүлжээний бизнесээр ганц нэг хүн л мөнгө олж, баяждаг. Харин бусад нь хохироод үлддэг. Магад­гүй, сүлжээний бизнесийн хохирогч Монголын маань өрх бүрт байж мэднэ.

Энэхүү сүлжээний улс төр үүн лүгээ аюултай, бас хортой. Ганцхан үгээр хэлэхэд, сүлжээний улс төр бол Монгол Улс, Монголын ард түмэнд л халтай юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?