📅

Тагнуулч нь ор сураггүй болж хуульч нь шүүхийн хаалга татах уу?!

🕔 2018/02/14 09:28
 
Загасчин усандаа, модчин ууландаа гэх үг бий. Үүнтэй адилхан хуульч нь шүүхийн хаалга татаж, тагнуулч нь эрэн сурвалжлагдах үе иржээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийгөө хуульч мэргэжилтэй гэдгээ байнга шахам тодорхойлж, "Би шударга үнэний төлөө ажилладаг” хэмээн чээжээ дэлддэг.
Гэтэл мань эр эхлээд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилогдох сургаар л "болохгүй, бүтэхгүй нөхөр” хэмээн зүтгэсээр, УИХ-ын хэсэг гишүүнтэй хамтран "Нээлттэй сонсгол”-ыг хүртэл зохион байгуулсан удаатай. Мэдээж эдгээрийг өөрөө бол иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хэмээн тайлбарлаж байсан ч түүний хэлсэн үг, хийж .буй үйлдэлд нь "эгдүүцсэн" Б.Хурц мань хуульчийг шүүхэд өгсөн билээ.
Харин Б.Хурцын нэхэмжлэл бүхий гомдлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ сарын 13-ha хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцыг гүтгэсэн, нэр алдрыг нь гутаасан гэх шийдвэрийг гаргасан юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан анх мэдээлэл тараасан арга замаараа буюу хэвлэлийн бага хурал зарлаж, нийгмийн сүлжээний цахим хуудсаар гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой боллоо.

Хачирхалтай нь, эрхэм гишүүн энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай Шүүх мэдэхгүй гэнэ. Энэ талаар Цагаан сарын дараа хариулт өгнө өө. Уучлал гуйх тухай ойлголт байхгүй. Миний байр суурь хэвээрээ” хэмээн хариу мэдэгджээ.
Гэтэл "дарин дээр давс” гэгчээр мань гишүүнийг шүүхэд өгч буйгаа илэрхийлж Ерөнхий сайд асан С.Баяр ил захидлаар дамжуулан түүнийгээ уламжиллаа. Тэрбээр захидалдаа "...Ж.Батзандан гишүүн ээ, сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно.
Харин өөрөө тодрон асаж харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна. УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дахь таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ...

...Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж.барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харлуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү.энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу...

...Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр "энэ ингэсэн”, "тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү... гэсэн байна.

Ерөнхий сайд асны ил захидалд Ж.Батзандан гишүүн мөн л цахим хуудсаараа дамжуулан "Баяр гуайн захидлыг бүрэн эхээр нь уншлaa. Шүүхдээ өгөөд ариун нэр төрөө цэвэрлэж ав даа. Ах минь. Би очно оо. Дуудсан газарт чинь” хэмээн тайлбар хийжээ.
Ийн хуульч гишүүний дуулиан тасраагүй шахам байхад түүнийг анх шүүхэд дуудсан нэхэмжлэгч Б.Хурц ор сураггүй "алга болсон” бололтой. Уг нь, Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг УИХ-аас дэмжчихээд байгаа юм. "ЮМ" гэсний учир нь тэр хүн одоо байхгүй. Алга болчихсон гэж байгаа. Энэ талаар Монголын шүүх засаглалаас тэгж дүгнээд, эцэст нь нэхэмжлэгчийн шаардлагаар эрэн сурвалжлахаар болоод байна. Гэхдээ Элчин сайдаар томилогдох гэж буй хүн олдохгүй байна гэдэг тун хачирхалтайн дээр Б.Хурцыг хэр "том” хүн бэ гэдгийг ч давхар харуулсан явдал боллоо.
Учир нь, УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр гомдол гаргасан боловч хачирхалтай үндэслэлүүдээр гурван удаа нэхэмжлэлийг нь буцаажээ. Мэдээж Л.Болд гишүүний хувьд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр Б.Хурц өөрийг нь гүтгэсэн гэж үзсэнтэй холбоотой.

Гэтэл шүүхээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэхэмжлэлийг эхний удаа "хаягийг тодорхой бичиж өг”, дараагийн удаа "иргэний нэр хүндэд биш УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан учир УИХ-ын гишүүний хувиар өргөдлөө гарга”, эцэст нь "хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул оршин суугаа газрын хаягаар өргөдлөө гарга’’ гэсэн үндэслэлээр гомдлыг нь буцаажээ. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болд дараагийн нэхэмжлэлээ Б.Хурцын амьдардаг гэх АСЕМ Вилла хотхоны хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргатал "хаяг дээрээ оршин суудаг нь тогтоогдоогүй” хэмээн нэхэмжлэлийг мөн л буцаасан байх юм.
Үүнээс гадна нэгэн цагт Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоо Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалыг хашиж байгаа Н.Алтанхуяг ч ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр хүндэд халдсан гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ, Гэтэл мөн л оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэдэг хариуг шүүхээс сонссон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нарын өмгөөлөгчид тавьсан хүсэлтийг тавьж Б.Хурцыг эрэн сурвалжлуулж эхэлжээ.

Энэ бүхнээс үзэхэд "загасчин усандаа, модчин ууландаа” гэдэгчлэн өнөө цагт эсрэгээрээ үйлчилж хуульч гэж чээжээ дэлддэг эрхэм нь шүүхийн шийдвэрийг үл ойшоож, тагнуулч нь эрэн сурвалжлагдах хэмжээнд хүртлээ нуугдаж тоглодог үе ирсэн үү гэлтэй дүр зураг харагдаж эхэллээ.
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?