📅

ПЁНЧАН 2018: НОРВЕГИЧУУД МЕДАЛИЙН ХҮСНЭГТИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

🕔 2018/02/19 13:27

ПЁНЧАН 2018: НОРВЕГИЧУУД МЕДАЛИЙН ХҮСНЭГТИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

БНСУ-ын Пёнчан хотод  23 дахь удаагийн өвлийн олимпийн наадам энэ сарын 9-25-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн наадамд 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд 306 цогц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Өчигдрийн байдлаар 61 багц медалийн эзэд тодорсон бөгөөд Норвеги, Германы баг тус тус есөн алтан медаль хүртсэн амжилттайгаар тэргүүлж байна. Харин удаах байруудад Нидерланд, Канад, АНУ, Шведийн баг бичигдэж буй юм.

Наадмыг зохион байгуулагч БНСУ 3 алт, 2 хүрэл медаль авсан амжилтаар жагсаалтын IX байрт байгаа бол Япон улс 1 алт, 5 мөнгө, 3 хүрэл медальтай X байрт бичигдэж байна.

Норвегичууд Гүйлтийн цанын төрлөөс таван алтан медаль, нийт 11 медаль авч чадсан. Мөн тэд цанын харайлт, сноубордоос алттай буцаж байгаагаараа цасны орон гэдгээ харуулж буй юм. Ингэснээр Норвегичууд  тэмцээний өмнө тавьсан 30 медаль хүртэх зорилгодоо хүрэх нь бараг л ойлгомжтой болж байна.

Өчигдрийг хүртэл Германы шигшээ баг, медалийн хүснэгтийг 9 алт, 4 мөнгө, 4 хүрэл медальтайгаар итгэл төгс тэргүүлж байсан. Биатлоноос хос алтан медаль авсан Л.Далмайер болон зөвхөн чарганы төрлөөс авсан гурван алт, нийт 6 медаль нь тэдний хувьд тооцоонд байсан медаль гэхэд хилсдэхгүй. Гэхдээ уран гулгалтын хосын төрлөөс 5 дахь олимпдоо оролцож буй А.Савченко болон Б.Массотыг түрүүлнэ гэж тийм ч олон хүн санаагүй байх. Наадмын сүүлийн хагаст тэдний ихээхэн найдлага тавьж буй бобслэйн төрлийн тэмцээн эхлэх учир Германы баг тэргүүллээ хадгалж үлдэх магадлал өндөр байна.


 

Тэгвэл 15 медальтай буцах "даруухан” зорилготой ирсэн Нидерландчууд аль хэдийн 13 медаль хүртэж, гуравдугаар байрт бичигдэж байна. Зөвхөн тэшүүрийн төрлөөс улбар шарууд нийт 6 алтан медаль, 11 медаль хүртсэн нь гайхалтай амжилт юм. Тэшүүрийн төрөл дөнгөж талдаа л орж байгаа учир тэдэнд медалийн тоогоо нэмэх боломж бий.

Өнөөдрийн байдлаар 26 орон өвлийн олимпийн наадмаас ямар нэгэн медаль хүртээд байна.

Эх сурвалж: МҮОХ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?