📅

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН 60-ААС ДООШГҮЙ ХУВЬ НЬ ЭКСПОРТЫГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭЖЭЭ

🕔 2017/12/27 07:01
 
 ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН 60-ААС ДООШГҮЙ ХУВЬ НЬ ЭКСПОРТЫГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭЖЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банк 2017 оны тайлангийн хурлаа хийж, энэ жил  хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөр, тэдгээрийн үр дүнгийн талаар хэлэлцжээ. Энэ талаар өнөөдөр тус банкны удирдлагууд сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.

Өнгөрөгч оны 12 сард Хөгжлийн банкны санхүүгийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, гадны зах зээлд төлөх өр төлбөрийг дахин санхүүжүүлэх төлөвлөгөө, тус банкны үйл ажиллагаатай холбоотой хууль, эрхзүйн орчныг сайжруулах арга хэмжээг авчээ. Мөн тус банк зээлийн багцдаа өөрчлөлт оруулснаар хөрөнгийн эх үүсвэрээ нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн гэдгийг Гүйцэтгэх захирал Б.Батбаяр мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр, "Хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлснээр гадны хөрөнгө оруулагчдад Хөгжлийн банк санхүүгийн тогтвортой байдлаа хангаж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж, энэ оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын зах зээлээс татсан 580 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг дахин санхүүжүүлэх арга хэмжээг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Үүнийг дагаад Монгол Улсаас гадны зах зээлд гаргаж буй санхүүгийн хэрэгслүүдийн үнэ цэнэ сайжирч, хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд бид гадны зах зээлийн 10 гаруй эх үүсвэрээс хөрөнгө татан төвлөрүүлсэн. Төлөвлөгөөний дагуу ирэх оны эхний хагас жилд 260 сая ам.долларын гадаад өр төлөх ёстой. Бидний олгосон зээлийн эргэн төлөлт сайн байгаа тул энэ хэмжээний өрийг ямар нэгэн хүндрэлгүйгээр төлөх боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.

Тус банк энэ сарын 22-ны байдлаар 2.45 их наяд төгрөгийн зээл олгожээ. Хөгжлийн банкны зээлийн багцын 60-аас доошгүй хувь нь экспортыг дэмжихэд чиглэсэн байх хуулийн заалттай. Энэ үүднээс нийт зээлийн дийлэнхийг арилжааны банкаар дамжуулан боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгожээ. Үүний дараа газар тариалан, мал аж ахуй, барилга, уул уурхай, эрчим хүчний салбар орсон бөгөөд нийт зээлийн 67 хувь нь экспортыг дэмжихэд чиглэсэн байна. Одоогийн байдлаар зээл авсан аж ахуйн нэгжүүд үндсэн төлбөрийн 796.5 тэрбум, хүүгийн 163.1 тэрбум төгрөгийг барагдуулаад байгаа. Энэ бүхнээс 47 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны хоёрдугаар сард батлагдаж, дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Хөгжлийн банк зөвхөн зээл олгох бус даатгал, баталгаа гаргах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болов. Энэ хүрээнд "Ди Би Эм Лизинг”, "Ди Би Эм Ассет Менежмент” гэсэн хоёр охин компани байгуулсныг банкны удирдлагууд танилцуулав. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилгынхоо хүрээнд хөрөнгө оруулалтын гурван томоохон сан байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тус банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, "Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт 80 хувьтай байна. Тухайлбал, манайхаас их хэмжээний зээл авсан "Эрэл” группын шинээр байгуулсан цементийн үйлдвэр энэ сард ашиглалтад орсон. Мөн ТОСК-иас хэрэгжүүлж буй "Буянт-Ухаа-2” хорооллын 18 барилга ашиглалтад ороогүй байна.Тиймээс эдгээр компаниудтай байгуулсан гэрээний биелэлтийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Засгийн газраас улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүд хуулийн дагуу хэрэгжиж буй эсэхийг шалгах шийдвэр гарсан. Энэ дагуу бүх яам болон Хөгжлийн банкны ажлын хэсэг "Гудамж” төсөл, "Амгалан” ДЦС зэрэг бүхий л салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтаас эхлээд хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явцад шалгалт хийх болно” гэлээ.

Ч.Ариунболд

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?