📅

Хөрөнгө оруулалтын банк Хөгжлийн банкны хоёр дахь хувилбар уу

🕔 2017/04/20 10:45

Хөрөнгө оруулалтын банк Хөгжлийн банкны хоёр дахь хувилбар уу

 

Монгол Улсын банк сан­хүүгийн зах зээл дээр тусгай эрхтэй бас нэг тоглогч нэмэгдэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, гадаадын банкууд Мон­голд салбараа нээж, ма­най үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хаалга нээгдлээ гэж хэлж болно. Энэ харилцааг зохицуулж өгсөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын оны өмнөхөн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг Байнгын хорооны хурал­даанаар албан ёсоор хэлэл­цэж эхэллээ. Олон нийтийн зүгээс гадаадын тэр дундаа хятадын банкийг оруулж ирэх гэж байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаа ч хууль санаачлагчдын зүгээс гаднаас хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээл дээр илүү өрсөлдөөн бий болгох шаардлагатай. Эрсдэлтэй гээд зах зээлээ хаачихаад суугаад байж болохгүй. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны хуулийг энэ сал­барыг зохицуулж байгаа Банкны тухай хууль зэр­гээс заавал тусад нь батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 100 ТЭРБУМААС ДООШГҮЙ БАЙНА

Манай улсад үйл ажил­лагаа явуулж бай­гаа 14 банкнаас найм нь га­даадын хөрөнгө оруулалттай ба эдгээрээс гурав нь гадаад банкны хувьцаа эзэмшигчтэй зэргээр гадаадын банк, санхүүгийн байгууллагууд хувь эзэмших хэлбэрээр нэгэнт дотоодод нэвтэр­сэн учраас цар хүрээг өргөтгөсөн байна. Хөрөнгө оруу­лалтын банкны хуульд гадаадын банкийг зөв­хөн хөрөнгө оруулал­тын чиглэлээр до­тоо­дын зах зээлд нэвт­рэхийг зөвшөөрөх, ин­гэх­дээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гар­гах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Хууль бат­лагдсанаар банкны сис­темийн өрсөлдөөн нэмэгдэж хүү буурна. Зээлийн хуваарилалтын үр ашиг нэмэгдэж, валютын урсгал сайжирч эдийн засаг хүндрэлтэй үед эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд өөрийн болон бусад орны хууль тогтоомж зөрчиж банк, түүний нэгж байгуулах зөвшөөрөл нь хүчингүй болж, санхүүгийн хүндрэлд орж байгаагүй. Мөн Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж нэгээс доошгүй жил ажилласан, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхэд оролцож байгаагүй, зээлийн батал­гаа, батлан даалт, үнэт цаасны нийт дүн­гийн нийлбэр нь өөрийн хөрөнгийг 20 да­хин нэмэгдүүлснээс хэт­рэх­гүй. Эдгээр шаард­лагуудыг хангасан бол Монголд Хөрөнгө оруу­лалтын банк байгуулах эрх нээлттэй. Энэ талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагууд орж ирснээр манайд хамгийн их дутагдалтай байгаа гадаад валют, капиталын урсгал нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Хадгаламжийн хүү өндөр байх тусмаа бусад санхүүгийн зуучлалын өртгүүд буурах ямар ч боломжгүй. Үүнийг задалж, банкны системд төвлөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь бодлогын цөм байх учиртай. Хөрөнгө оруулалтын банк энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна. Гол зааглаж байгаа зүйлүүд гэвэл хөрөнгө оруулалтын чиг­лэлээр ажиллах банк нь гадаадаас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авчирч манай зах зээл рүү нийлүүлэх ёстой. Түүнээс дотоодын банкууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү ороод бусад банктай өрсөлдөөд хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэврийн зээл өгөхгүй” гэв.

 

Дотоодын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, арилжааны банкуудад зээл олгох Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 50 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар хуульд тусгажээ. Харин зээлийн хэмжээ 100 тэрбумаас доошгүй байх юм. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банк нь төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд урт хугацааны зээл олгохоос гадна өөрийн нэрийн өм­нөөс баталгаа гар­гах, үнэт цаас худал­дах, худалдан авах, Монгол­банкнаас зөвшөөрсөн сан­хүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болох гэнэ.

 

ХӨГЖЛИЙН БАНКНААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

Тэгвэл Монгол Улсад хэзээ мөдгүй байгуулагдах Хөрөнгө оруулалтын банк одоо үйл ажиллагаа явуулж байгаа Хөгжлийн банктай тун төстэй. Өмнөө "Гадаадын” гэх тодотгол авснаас бусдаар Хөгжлийн банкны хоёр дахь хувилбар гэж хэлж болохоор. Ялгаатай тал нь Хөгжлийн банкны хуульд "Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд” гэж заасан бол Хөрөнгө оруулалтын банк тодорхой хэмжээгээр ашиг олж болно.

 

Хөрөнгө оруулалтын банк, Хөгжлийн банк хоёулаа үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Хөгжлийн банк нь зээлийн ямар нэг хязгаар тогтоогоогүй бол Хөрөнгө оруулалтын банк 100 тэрбумаас доошгүй хэмээж буй. Мэдээж Хөрөнгө оруулалтын банк "гадны” гэдэг утгаараа олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгоно.

 

Түүнчлэн хоёулаа төсөл хөтөлбөрөөс өөр иргэд рүү чиг­лэсэн үйлчилгээ үзүүлж арилжааны бан­кууд­тай өрсөлдөхгүй. Хө­рөнгө оруулалтын банк Хөгж­лийн банкнаас юу­гаа­раа ялгаатай талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос тодруулахад "Хө­рөнгө оруулалтын банк Хөгжлийн банктай төстэй. Манайх ганцхан Хөгжлийн банкийг хараад суух юм бол явахгүй. Манай зарим арилжааны банк их хэмжээний зээл гаргаж төсөл санхүү­жүү­лэх чадваргүй. Хөрөн­гө оруулалтын банк банкуудад зээл олгохоос гадна томоохон төсөл хөтөлбөрүүдийг ч санхүү­жүү­лээд явна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын банкаар дамжуулж гадны банкуудыг Монголд орж ирэх боломжийн нээж, хөрөнгө оруулагчдыг татах юм. Түүнээс Хөгжлийн банкнаас ялгараад байх зүйлгүй” гэлээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн 92.5 хувийн саналаар дэмжлээ.



С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?