Сонгуулийн үеэр Төрийн банкнаас гаргасан 20 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан бэ?
Өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоо энэ Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн нарын Засгийн газрын гишүүд "…Монгол Улсын эдийн засаг сайжирсан” гээд мэдэгдэж байв. Улмаар сонгуулийн санал хураалтын өмнөхөн Хүүхдийн мөнгийг нэлд нь тарааж байлаа.
Энэ сонгуулиас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Засгийн газар огцров.
Харин эдийн засаг сайжраагүй, ирэх оны нэгдүгээр сард төлөх бондын 500 сая ам.долларыг дийлэхгүй гэсэн мэдээлэл яваад эхэллээ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа нар ээлж дараалан ингэж мэдэгдээд байна. Тэр бүү хэл, ирэх оны эхээр Монгол Улс дефольт буюу дампуурал зарлахад бэлэн болсон тухай Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хэлсэн байна.
Ингэхээр сонгуулийн үеэр "…Амьдрал сайхан байна” гэсэн нь албан ёсоор тараасан мессэж болж таарав уу гэмээр байгаа биз.
Үүнээс гадна сонгуулийн үеэр "амьдрал сайхан” байсан байж мэдэх нэгэн баримт бидэнд олдлоо. 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханд нэгэн бичиг хүргүүлжээ. Тэр бичигт "…Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессын төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэжээ. Ингэхээр Сангийн сайдын энэ зөвшөөрлийн дагуу 20 тэрбум төгрөг Төрийн банкнаас гараад явчихсан гэсэн үг. Энэ мөнгийг гаргахдаа "…Зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр” гэсэн байгаа. Энэ нь учиртай. Юу гэвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд Төрийн банкны ТУЗ-ийн дарга Б.Нямаагийн нэр дээр Чиглэл өгөх тухай албан бичиг явуулжээ. Энэхүү Б.Нямаа нь өөрийнх нь яамны Төрийн нарийн бичгийн дарга юм л даа. Тэгэхээр Сангийн сайдаас Төрийн нарийн бичгийн даргадаа Төрийн банкны ТУЗ-ийн даргынх нь хувьд чиглэл өгсөн гэсэн үг. Гэхдээ энэ нь бичиж буй асуудалд хамаагүй юм.
Сангийн сайдын энэхүү чиглэлд "…Танай байгууллагын ТУЗ-өөс "Хүсэлт гаргах тухай 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 01а/11235 тоот албан бичигтэй танилцлаа. Танай банк нь хувьцаа эзэмшигчийн зүгээс өгсөн чиглэлийн дагуу банкны шаардлага, зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах ажил, банкны үйл ажиллагааны хэвийн, тогтвортой байдлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгээд байгааг харгалзан үзэж, банкны хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулалгүйгээр дараах чиглэлийг баримтлан ажиллах чиглэлийг үүгээр хүргүүлж байна. Үүнд:
-Банкнаас олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дүн 5.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх
-Нэг зээлдэгчид болон банкны холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив, хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь 5.0 тэрбум төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш дүнтэй биш байх
-Зээл шийдвэрлэх эрх хэмжээг Зээлийн ерөнхий хороонд бүрэн шилжүүлэх.
Ингэхдээ хувьцаа эзэмшигчийн зүгээс танай банкинд 2016 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 7-1/5765 тоот албан бичгээр хүргүүлсэн зарим чиглэлүүд, Монголбанкнаас танай банкинд Банкны тухай хуулийн зарим заалтууд, "Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-ын хүрээнд хийсэн шалгалт болон ээлжит шалгалтын дүнгээр тус банк нь зээлийг холбогдох журмын дагуу ангилаагүй, зээлийн эрсдлийн санг дутуу байгуулсан, Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл дутуу, зөрүүтэй, давхардуулан нийлүүлсэн, чанаргүй зээлийн хэмжээ өссөн зэрэг зөрчлүүдийг арилгах талаар Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны долдугаар сарын 22-ны өдрийн тушаалыг тус тус үндэслэн дээрх үүргүүдийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг улирал тутам Сангийн яаманд ирүүлж байхыг үүрэг болгож байна” гэсэн аж.
Үүгээр 5.0 тэрбумаас дээш санхүүжилтийг Төрийн банкнаас гаргахгүй байхыг үүрэгдсэн байгаа юм. Гэтэл үүнд хамааруулахгүйгээр 20 тэрбум төгрөгийг гаргахыг зөвшөөрсөн нь анхаарал татаж байгаа юм. Тэгээд бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дөхчихсөн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр шүү дээ.
Ийм учраас энэхүү 20 тэрбум төгрөгөөр ямар компанийн, яадаг гэрээг санхүүжүүлэхээр Сангийн сайд өгсөн чиглэлээ зөрчин байж зөвшөөрсний шалтгааныг сонирхохгүй байхын арга алга. Өөрөөр хэлбэл, 20 тэрбум төгрөгийг хэн, яах гэж сонгуулийн үеэр авсан бэ, тэрийг юунд зарцуулсан бэ гэдэг анхаарал татаж байгаа юм.
Энэ талаар бид Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй уулзаж асуусан юм. Тэрээр бидний асуултад "…Эдийн засаг хүнд байсан учраас нэг хүнд олгох зээлийн болон батлан даалтын дүн 5.0 тэрбумаас хэтрэхгүй байх гэсэн албан бичгийг Төрийн банкинд өнгөрсөн оны арванэгдүгээр сард хүргүүлсэн. Харин оны эхний таван сарын байдлаар эдийн засгийн өсөлт гарсан гэдгийг статистикийн мэдээнд дурдсан. Мөн Хөгжлийн банкны энэ оны нэгдүгээр улирлын тайлангаас харахад Төрийн банкнаас нэг хүнд олгох зээлийн хэмжээ 36 тэрбум байх боломжтой болсон байсан. Гэвч бид эрсдэлээ тооцон нэг хүнд олгох зээл болон батлан даалтын хэмжээг 20 тэрбумаас хэтрүүлэхгүй байхаар, ингэхдээ ажлын байрыг олноор бий болгодог салбарт олгох чиглэл өгсөн” гэж хариулав.
Сангийн сайд уг нь 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд зээл, батлан даалтыг 20 тэрбумаас хэтрүүлэхгүй байх чиглэл бус 20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргах зөвшөөрөл өгсөн байгаа юм. Ингэхээр Сангийн сайдын хариулт албан бичгээс зөрж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар, ер нь сонгууль бүрээр төрийн ажил нам гацдаг нь бараг хууль болох шахсан. Мөнгө төгрөгтэй холбоотой элдэв шийдвэрүүд бол ёстой гонж болдог.
Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-ын дарга нэр дэвшчихсэн, энэ намынхан өдөр шөнөгүй даргаа сурталчилж явахад нөхөр Сангийн сайд ийм зөвшөөрөл олгоод сууж байсан болж таарлаа. 20 тэрбум бага мөнгө биш. Маш их. Тэгэхээр ийм хэмжээний мөнгийг гаргуулсан компани маш том хүнийх байх. Эсвэл Сангийн сайдтай холбоотой байж мэднэ. Бүр намынхаа эрх ашгийн үүднээс сонгуульд зориулж 20 тэрбумыг Төрийн банкнаас гаргуулав уу?
Сангийн сайдаас бүрхэгдүүхэн хариулт авсан учраас Төрийн банкнаас асуух хэрэгтэй гэж үзэв. Ингээд Төрийн банкныхантай холбогдоход хоёр өдөр хүлээлгэсний дараа "…Сангийн сайд тайлбар өгсөн юм байна. Өмчийн эзэн тайлбар өгчихөөд байхад биднийх илүүц байх” гэлээ. Бид бас МАН-ынхантай холбогдлоо. Энэ мөнгийг сонгуульд зарцуулчихав уу гэж хардсан учраас МАН-ын Хэвлэл мэдээллийн албанаас албан ёсоор тодруулахыг зорьсон юм. Хэвлэлийн албаны даргын ажилтай Г.Ганбаярын 991174… дугаарын утсанд насныхаа тоогоор залгаад ярьж чадсангүй. Харин тус албаны ажилтан "…Тийм зүйл гэж юу байх вэ” гэсэн юм.
Энэ мэтээр Төрийн банкнаас гарсан 20 тэрбум төгрөгийн учрыг хараахан олж чадсангүй. Гэхдээ тэр их мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Сангийн сайдын зөвшөөрлөөр Төрийн банкны захирал Д.Баярсайхан нэр бүхий компанийн санхүүжилт болгон гаргасан нь гарцаагүй юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР