“Лалын улс”-ын санхүүгийн төвийг устгажээ
Террорист "Лалын улс” бүлэглэлийн их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан Иракийн Мосул хотын барилгад Америкийн Агаарын цэргийн хүчин цохилт өгсөн байна. Энэ тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын /СЕНТКОМ/ албан ёсны төлөөлөгч, хоёрдугаар зэргийн ахмад Бен Тисдейл мэдээлжээ. Тэрбээр лалын шашинтнуудын санхүүгийн төвийг бөмбөгдсөн тухай урьд нь хэвлэлүүдэд гарсан мэдээллийг нотолсон байна.
"Лалын улс” бүлэглэл энэ объектыг террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхэд олгодог бэлэн мөнгийг хадгалах зориулалтаар ашиглаж байсан” гэж Ирак, Сири дэх лалын шашинтнуудыг дарах цэрэг-агаарын ажиллагааг хариуцаж буй бүс нутгийн командлалын төлөөлөгч болох тэрбээр хэлжээ.
Мосул хот дахь "Лалын улс” бүлэглэлийн санхүүгийн төв дээр "900 кг жинтэй хоёр бөмбөг” хаясан гэж телевизийн "CNN” компани Америкийн цэргийнхний мэдээллийг иш татан урьд нь уламжилсан байна. "Лалын улс” бүлэглэлийн улс орон шиг үйл ажиллагаа явуулах боломжийг нь үгүй хийхийн тулд АНУ санхүүгийн бусад ийм объектод цохилт өгөхөөр төлөвлөж байна” гэж тус улсын нэрээ нууцалсан албан ёсны төлөөлөгчийн хэлснийг иш татан "CNN” онцлон тэмдэглэжээ.
Д.Жаргал