📅

Эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийт ард түмний хэлэлцүүлэг эхэлж байна

🕔 2017/08/01 09:21

 

Үндсэн хуульд  оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ард нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Үүнээс урьд зөвлөлдөх санал асуулгыг  санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 хүний дунд зохион байгуулж, эндээсээ Үндсэн хуульд оруулах зургаан чиглэлийн өөрчлөлтийг тогтоод байгаа билээ.  Одоо эхэлж буй ард нийтийн санал асуулгаар энэ зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж буй.

Өнөөдрөөс эхэлж буй энэ санал асуулгад Монгол Улсын  18 нас хүрсэн бүх иргэнийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа.

Аймаг, сум, баг, хороо бүрт харилцан адилгүй цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 5 гэхэд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, есдүгээр сарын 10 гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр товложээ. Түүнчлэн баг, хороодын хэлэлцүүлэгтээ оролцож амжаагүй хүмүүс онлайнаар болон шуудангаар саналаа илгээж болох ажээ.

Хэлэлцүүлэгт зөвхөн Монгол Улсын иргэд оролцоно. Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа http://forum.parliament.mn цахим хаягаар өгч болох юм.

Өнөөдрөөс эхэлж буй энэ хэлэлцүүлгийн сэдэв ганцхан Үндсэн хууль, түүний заалтууд байх бөгөөд өөр бусад хуулийн талаарх саналыг хүлээн авах боломжгүй юм.

Энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэрбээр төсөл өргөн барих үеэрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь дараах хүрээг хамарч байгааг дурдсан. Үүнд:

-Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;

-Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;

-Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байна.

Эцэг хуулиа өөрчлөхөд иргэн бүрийн санаа оноо чухал бөгөөд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдгийг санах учиртай байх.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?