ОУВС ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТЫГ ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ
Манай өнгөрөгч хоёрдугаар сард ОУВС-ын өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдаж, эхний ээлжинд 38.6 сая ам.доллар аваад байгаа билээ. Үүнийг Төвбанкны валютын нөөцөд нийлүүлснээр эдийн засаг тодорхой хэмжээгээр эерэг үр дүнгээ өгөөд байгаа юм. Улирал тутам орж ирж уг санхүүжилтээс өмнө ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягтлаж, урьдач нөхцлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байна.
Энэ жишгээр ОУВС-гийн шинжээчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж байна. Шинжээчдийн бүрэлдэхүүнд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй зургаан төлөөлөгч багтаж байгаа аж. Тэд яамд болон Төв банкинд тусгай графикийн дагуу ажиллаж, холбогдох уулзалтуудаа хийж буй юм байна.
Тэгвэл сонгуулийн өмнө ард иргэдэд амлалт өгч, тараасан хүүхдийн мөнгийг нэн даруй зогсоохыг шинжээчид Засгийн газарт даалгажээ. Түүнчлэн үүгээр ч зогсохгүй тэтгэврийн насыг уян хатан болгох агуулга бүхий хуулийг УИХ-аар оруулан, улмаар автомашинд ногдуулах гаалийн албан татварын хэрэгжилтийн хугацааг хоёр сараар сунгаж, нөхөн төлөлтөд 600 гаруй сая төгрөг зарцуулсан юм.
ОУВС-аас анх манай улсыг хөтөлбөрт хамруулахдаа хэд хэдэн нөхцөл тавьж, биелүүлсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн. Үүнийг нь ч манай талаас зөвшөөрч, энэ дагуу УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн даруйд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулна хэмээн эрх баригчид болоод эдийн засагчид тооцсон юм.
Уг тодотголоор нэмэгдсэн хэд хэдэн татварын хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжсэн. Тухайлбал,
-Хувь хүний онцгой албан татвар буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс таван хувийн татвар авах,
-100 саяас дээш төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах,
-Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татвар,
-Приус машины татварыг 50 хувь чөлөөлөх /одоо 100 хувь чөлөөлж байгаа/
-Хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн 40 хувьд олгох бөгөөд заримд нь хүнсний талон өгөхөөр болсон билээ. Гэвч үүнээс хоёр хууль нь сонгуулийн өмнөхөн хэрэгжихээ больсон нь тус сангийн шинжээчдийн анхааралд ороод байна.Шинжээчид манай Засгийн газрыг тохиролцсон зарим нөхцөлүүдээ зөрчиж, хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учруулсан хэмээн үзэж буйгаа хэлжээ. Мөн дээр хэлсэнчлэн яаралтай хүүхдийн мөнгийг зогсоохыг шаардсан тул Засгийн газар дотооддоо зөвшилцөж байгаа аж.
Ямартай ч сонгуулиас өмнө 48.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөний нөхөн олголтод зарцуулсан байна. Эрх баригч намын зүгээс эдийн засгийн байдал харьцангуй сэргэж байгаа тул нийгмийн халамжийн бодлогоо зөөлрүүлэх нь ОУВС-гийн шаардлагатай зөрчилдөхгүй хэмээн тайлбарлаж байсан билээ.