📅

Эдийн засгийн хичээл заалгах гурван жил

🕔 2017/02/20 10:32

Эдийн засгийн хичээл заалгах гурван жил

 

Олон улсын валютын сангаас манай улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр буюу Extended Fund Facility хөтөлбөрийг гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр боллоо.

 

Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш зургаан сарын турш Олон улсын валютын сангаас зээл, тусламж авч чадах уу, үгүй юү, "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү зэргээр олон таамаг дэвшүүлж байв. Тэгвэл зургаан cap хүлээсэн асуултын хариуг ОУВС-гаас манай улсад ажилласан ажлын хэсгийн ахлагч Коши Матай, болон Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нар өшөө. Шинэ Засгийн газар бий болсоор өнгөрсөн оны наймдугаар сард Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтийг албан ёсоор явуулсан. Үүнээс хойш ОУВС-гийн ажлын хэсэг хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ юм. Манай улс өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагатай хэмээн "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү, үгүй юү гэдэгт гол анхаарлаа хандуулж байсан ч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр буюу Extended Fund Facility хөтөлбөрийг гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр боллоо. Тус хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болов. Энэ нь бидний таамаглаж байснаас хэд дахин их мөнгө. Үүнд Хятадын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлэлцээр багтсан аж. Харин 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон зэрэг хандивлагч орнуудаас босгох аж.

 

Хөтөлбөрийн хүрээнд гурван үндсэн бодлогыг хэрэгжүүлэхээр ОУВС-тай тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, төсөв, мөнгөний бодлого, банкны салбарт арга хэмжээ авахаар тохирсон байна. EFF хөтөлбөрийг сонгосон бас нэг шалтгаан нь эргэн төлөлтийн хугацаа. Тодруулбал, "Стэнд бай” хөтөлбөрийн эргэн төлөлтийг зээл орж ирснээс 3.2 жилийн дараа эргэн төлж эхэлдэг бол EFF хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд төлж болдог аж. Өөрөөр хэлбэл, илүү урт хугацаатай гэсэн үг.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Үндсэн хоёр нөхцөлд буюу төсвийн хүндрэл, төсвийн тэнцлийн хосолсон бэрхшээл тулгарсан тул дээрх хөтөлбөрийг сонгосон” гэв. Мөн тэрбээр "ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр хэлэлцээрийг батлуулахаас өмнө урьдач нөхцөлийг биелүүлэх ёстой. Тодруулбал, төсвийн тодотголыг батлуулах, Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрт шинээр санхүүжилт хийхгүй, шинээр гаргах зээлийг улсын төсөвт суулгах, Монголбанк төслийн шинж чанартай зүйлийг санхүүжүүлэхгүй байх гэсэн гурван нөхцөлийг биелүүлэх ёстой” гэсэн юм. Санхүүжилт олгох байгууллагууд баталгаагаа өгч, эрх баригчдын урьдчилсан нөхцөлийг биелүүлж, ОУВС-гийн захирлуудын зөвлөл баталснаар албан ёсоор баталгаажина. Манай улсын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг ОУВС-гийн захирлуудын зөвлөл ирэх сард авч хэлэлцэх аж. Үүнээс гадна хэт их зардалтай төсвийг эмх, журамд оруулах зорилгоор Төсвийн зөвлөл байгуулах талаар Сангийн сайд дуулгасан юм. Үүнээс гадна Хятадын Ардын банк Монголбанктай хийсэн своп хэлцлээ гурван жилээр сунгах боломжтойг илэрхийлжээ.

 

 

Энэ үеэр Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай "Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг зээлийн хөтөлбөрүүдийн дунд томоохон байр суурь эзэлдэг. Манай байгууллагаас 440 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт олгоно. Бусад донор орнуудаас гурван тэрбум ам.долларын санхүүжилт авах боломж бүрдсэн. Банкны салбарт хийх үнэлгээг эхлэх хэрэгтэй. Төсвийн бодлого сул хэрэгжсэнээр эдийн засагт хүндрэл бэрхшээл тулгардаг. Тиймээс энэ бүгдийг шийдвэрлэх зорилгоор ажиллалаа. Үүнээс гадна Хөгжлийн банкны үйл ажиллагааг эмх цэгцтэй болгож, цаашдаа зах зээлийн нөхцөлөөр ажилладаг байгууллага бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна” гэв. Монголбанк төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд найман их наяд төгрөг зарцуулжээ. Энэ нь төсөвт тусгаагүй мөнгө аж. Тиймээс цаашдаа энэ төрлийн санхүүжилт хийхгүй. ОУВС-гаас авах Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зээлийн хүү нь хөвөгч хүү байх бөгөөд дээд тал нь хоёр хувь байх юм. Санхүүжилтийг хөтөлбөр хэрэгжих гүйцэтгэлээс шалтгаалан олгох юм байна. Үүнтэй холбоотойгоор ОУВС-гаас гурван cap тутамд үнэлгээ хийх юм байна. Удахгүй төлөх ёстой Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлтийг Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор сольж өгөх хэлбэрээр төлөх саналыг ОУВС-д тавьсан байна.

 

EFF (Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр) -ийг хэрэгжүүлснээр ОУВС, Монголбанк, Засгийн газар хамтран энэ оны эдийн засгийн өсөлтийг -0.0 хувьтай байхаар тооцоолсон байна. 2018 онд эдийн засгийн өсөлтийг 1.8, 2019 онд 8.1 хувьд хүргэх тооцоолол гаргажээ. Мөн Хэрэглээний үнийн индексийг энэ он болон ирэх жилд 6.1 хувь, 2019 онд 6.9 хувь байхаар тооцжээ. Харин гадаад худалдааны тэндлийг 2017 онд 1.2 тэрбум ам.доллар, 2018 онд 968 сая, 2019 онд 709 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй байхаар тооцоолсон байна. Экспорт, импортыг ч өсөлттэй байхаар тооцжээ. Хөтөлбөр хэрэгжүүлснээр ханш тогтвортой байлгах үүднээс энэ оны төгсгөлд гадаад валютын цэвэр нөөцийг 1.6 тэрбум болгохоор төлөвлөсөн бөгөөд 2020 он гэхэд 3.8 тэрбум ам,долларт хүргэх төлөвлөгөө гаргасан байна. Энэ оны төсвийн алдагдал ОУВС-гийн тооцооллоор 14.2, 2018 онд 13.3, 2019 онд 11.1 хувь байхаар тооцоолжээ. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж өрийн тогтвортой байдал үүсгэх зорилтын хүрээнд төслийн тэнцлийг энэ онд 3.4 хувь, 2018 онд 6.4, 2019 онд зургаан хувиар сайжруулах эдийн засгийн тооцоолол хийжээ.

 

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Төсвийн бодлогын хүрээнд орлого нэмэгдүүлэх найман арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

• Шатахууны онцгой албан татварыг өнгөрсөн онд болон энэ онд бууруулсныг хүчингүй болгоно. Тодруулбал, энэ оны долдугаар сараас эхний удаа бууруулсныг хуучин хэвээр нь мөрдөх бол аравдугаар сараас хоёр дахь удаа бууруулсныг буцааж нэмнэ.

• Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно. Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээнээс хамаарч 10, 15, 20 хувь болгох аж. Үүний хажуугаар татварын хөнгөлөлтийг тооцож буй 84 мянган төгрөгийг үе шаттай нэмэгдүүлж 240 мянга хүртэл нэмэгдүүлнэ.

• Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018, 2019, 2020 онд 2,1,2 хувиар нэмэгдүүлнэ.

• Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаараад 3-15 хувиар нэмэгдүүлэх аж. Цилиндрийн багтаамж нь 4501 кубсм-ээс илүү байгаа нөхцөлд мөн насжилтаас нь хамаараад 40-250 хувиар нэмэгдүүлнэ.

• Тамхи согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019, 2020 онд таван хувиар нэмэгдүүлнэ.

• 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах байсан ч хугацааг нь энэ оны дөрөвдүгээр сарын 1 болгожээ.

• Импортын тамхинд ноогдох гаалийн албан татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон хэмжээнээс 30 хувиар нэмэгдүүлнэ.

• Татварын орлогын удирдлага, менежментийг сайжруулж, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авах аж.

Эдгээр татварыг нэмснээр улсын төсөвт энэ онд 203.4 тэрбум, 2018 онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.

 

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зардлууды ингэж танана

• Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлснээр үр дүнд өртгийг нь 10 орчим хувиар бууруулахаар тооцжээ.

• Тэтгэвэрт гарах насыг 2026 онд эрэгтэй 65,2036 онд эмэгтэй 65 настай тэтгэвэрт гарах тооцоолол гаргажээ.

• Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй.

• Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт буюу 40 хувьд мөнгөн хэлбэрээр олгоно. Хэмнэлт хийж илүү гарсан 20 хувийг ядуу бүлгийн хүүхдүүдэд хоолны талоноор олгох аж. Өөрөөр хэлбэл, одоо нийт хүүхдүүдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгож байгаа бөгөөд үүнийг 40 хувь болгоно. Харин 2019 оноос үлдсэн хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй гэсэн үг.

• Нийгмийн халамжийг давхцуулахгүй олгоно.

• Цэргийн алба хаагчдын эрхзүйн байдлын тухай хуулиар орон сууцаар хангах, түрээс төлж байсныг хүчингүй болголоо. Дээрх зардалд жилд 50 тэрбум төгрөг төсөвт суулгаж ачаалал үүсч байгаа тул үүнийг хүчингүй болгох аж.

• Одоо байгуулагдсан Концессийн гэрээнд хөндлөнгийн аудитын дүгнэлт оруулж, үүний дараа ирэх оны төсөвт Концессийн нөхөн төлбөрийг олгох шийдвэр гаргажээ.

 

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк дараах дөрвөн чиглэлээр ажиллана

• Одоо хэрэгжүүлж буй мөнгөний бодлогоо үргэлжлүүлэх.

• Ипотекийн хөтөлбөрөөс бусад зүйлд зардал гаргахгүй, санхүүжүүлэхгүй.

• Банкны салбарт үнэлгээ хийнэ.

• Банк санхүүгийн эрхзүйн орчинг боловсронгуй болгоно.



Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?