📅

Хоёр Дарханыг холбосон шинэ авто зам бол хамгийн том бүтээн байгуулалт

🕔 2015/12/24 12:16

Дархан-Уул аймгийн "Өсөх-Урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоотой ярилцлаа.

-Танайх шинэ хуучин хоёр Дарханыг хойт хэсгээр холбосон авто замыг барьж дуусгалаа. Энэ ажил хэдийд эхлэв? Ямархуу хэмжээтэй ажил байсан бэ?

-Энэ ажил маань 2014 оны есдүгээр сараас энэ оны 11 дүгээр сарын нэгэнд эхний ээлжийн зорчих хэсгийн хучилтыг хийж дууссан. Хоёр Дарханыг хойт хэсгээр нь холбосон нийт чиглэлийн дагуу 2.5 км, хоёр эгнээтэй, хашлага, ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, гурван уулзвар, зуун хувь гэрлэн дохиотой, ус зайлуулах хоолойг нь газар дор далд байгууламжтай. Мөн замын далангаар хөндлөн гарсан төмөр бетонон цуугуул долоон ширхэг, хоёр уул сэтлэсэн энэ нь ойролцоогоор 250 мянган метр кубын цул хад чулууг сэтлэж байгуулсан зам.-Яг хэдийнээс хэдийн хооронд хийсэн ажил бэ? Бас хэчнээн хүн хүч ажиллав?-Яг үндсэн хийцийн ажил бол өнгөрсөн зургадугаар сарын нэгнээс эхлэж 11 дүгээр сарын нэгэнд дууслаа. Нийтдээ инженер, техникийн операторчин, ажилчид гээд 100 орчим хүнтэй ажилласан.

-Танай компани хэдийд байгуулагдсан бэ?

-Манайх анх 2007 онд худалдаа үйлчилгээний зориулалтаар байгуулагдаад 2008 оноос барилгын салбарт ажиллаж 2012 оноос замын салбарт бас ажиллаж байгаа.

-Хоёр Дарханыг холбосон энэ том бүтээн байгуулалтыг хийхэд хүндрэл бэрхшээл хэр зэрэг тохиолдож байсан бэ?

-Хамгийн гол хүндрэл гэвэл эдийн засаг, санхүүгийн бэрхшээл л байна даа. Улсын төсөв хүндэрсэн, үүнд зарцуулах хөрөнгө нь орон нутгийн төсвөөс гэж заагдсан. Тавигдсан мөнгө маань энэ нийтийн замын тарссын дагуу хучилтад хүрэхгүй, төгсгөлийн хэсгийн ажил буюу нэг тэрбум гаруй төгрөгийн ажлыг үндсэндээ өөрийн компанийн нөөц бололцоо, мөн энэ салбарт хамтарч ажилладаг компаниудын дэмжлэг олон жилийн итгэлцэл дээр тулгуурлан ажиллаж дуусгалаа. Энэ зам маань Дархан-Уул аймагтаа хийгдээгүй бүтээн байгуулалт, замын хувьд гэвэл хоёр давхар хучилттай, дөрвөн сантметрийн суурь асвальт гурван сантметрийн өнгөн асвальт гээд нийт долоон сантметрийн зузаан хучилттай даацын зам болж чадсан. Хүмүүс энэ замыг 2.4 км гэж ойлгоод байдаг. Гэтэл хэмжээд үзвэл 4.5 км болж байгаа бол гурван том уулзвартай. Энэ замд орсон 7500 тонн асвальтын хэмжээг бодоод үзвэл хот хоорондын зургаан метрийн өргөнтэй таван сантметрийн зузаантай 12.5 км зам хучих хэмжээний асвальт орсноороо онцлогтой. Мөн 700 гаруй метр газар төмөр бетонон ус зайлуулах далд хоолойтой бол гадаргуу дээрээ мөн байгаа. Хийцлийн хувьд нэлээн өндөр зэрэглэлийн зам болсон.

-Ийм зам урьд өмнө нь барьж байсан туршлага танай компанид байсан уу? Аль эсвэл бусдаас туршлага судлаж хийв үү?

-Манай компанийн хувьд урьд өмнө нь ийм хэмжээний том бүтээн байгуулалт хийж байгаагүй ч 2010 онд Дархан хотын Хараа голын эрэг дагуух айлуудын усанд автаж байгаа хэсгийн 1.8 метрийн өндөртэй 1.3 км даланг барьж дотор талаар нь төмөр бетоноор доторлогоо хийж хүлээлгэж өгсөн. Үүний ажиллаврын хувьд яг замын хийцлэлтэй адилхан технологиор явдаг. Бага зэрэг тохижилтын ажлуудыг хийж байсан туршлага дээрээ үндэслэж энэ замыг хийлээ.

-Нийгмийн хариуцлагын хувьд танайх аймагтаа бас багагүй хувь нэмэр оруулдаг гэж сонссон. Чухам ямар ажилд оролцож юу хийв?

-Манайх энэ замыг барих явцад далан буюу уулсыг сэтлэхэд доороос нь зам тавихад дэвсгэрлэх стандартын чулуун материал гарсан. Түүгээрээ бид Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон тус сумын ЗДТГ-аас шинэ Дарханы алслагдсан гэр хороолол болох Хабитат хорооллоос шинэ Дарханы зүүн хэсэгтэй холбох тэр замыг сайжруулсан зам болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу бид компанийхаа инженер, санхүүтэйгээ ярилцаад 1.5 км хайрган хучилттай авто замыг өөрийн хөрөнгөөр барьж сумын захиргаанд хүлээлгэж өгсөн. Бид үүнийг хийхдээ нэгэнт орон нутагтаа ажиллаж амьдарч байгаагийн хувьд сумын хүсэлт Хабитатын 15 дугаар багийн иргэдийн тав тухтай зорчих боломжийг сайжруулж иргэнд хүрсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хийсэн ажил болсон гэж үзэж байгаа. Мөн Дархан сумын Наймдугаар багийн үеэрт идэгдсэн гуу жалгуудыг бас бөглөж нягтруулах ажлыг хийх зэргээр орон нутагтаа хувь нэмрээ оруулж байна.

-Цаашдаа танай компани бүтээн байгуулалтын ямар ажил хийх вэ? Бодож төлөвлөсөн ажил бий биз дээ?

-Ирэх жилээс улс орны эдийн засаг сэргэж гайгуу болж орон нутаг маань мөнгө төгрөгөө тавиад өгвөл энэ замыг бас тэмдэг тэмдэглээ, тохижилт, гэрэлтүүлэг гэрлэн дохио гээд хийх ажил зөндөө байгааг гүйцээх зорилготой байна.

-Цаашдаа энэ бүхнийг хийхэд хэчнээн хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа вэ?

-Энэ зам чинь бүхэлдээ нийт 6.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үндсэндээ 2014 онд нэг тэрбум, 2015 онд 2.3 тэрбум гээд нийтдээ 3.3 тэрбум төгрөг л тавигдчихаад байгаа. Цаашдаа дахиад гурван тэрбум төгрөг шаардлагатай. Одоогийн байдлаар бодитоор хийгдчихээд байгаа энэ ажил маань 4.8 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн гэсэн үг. Манайх орон нутгаас авах авлагатай явж байгаа.

-Орон нутаг санхүүжилтийг хэр зэрэг саадгүй хийж байгаа вэ?

-Яахав орон нутаг маань яг дэмжиж байгаа гэж хэлэхэд хэцүү. Янз бүрийн шалтаг шалтгаанаар тэр бүр санаа тавихгүй л байна. Уг нь бид нэгд иргэдийнхээ төлөө энэ зам Дархан-Уул аймгийн ард түмэнд зориулагдсан зам шүү дээ. Эхлээд энэ ажилдаа анхаараад дараа нь өөр асуудал байдаг бол түүнийгээ хийхэд болно биз дээ. Тиймээс манай компани эхлээд энэ замын зардлын төсөв буюу асвальтан хучилтыг бүрэн дуусгах ёстой л гэж бодож байна. Нийт 6.4 тэрбум төгрөгийн ийм их ажил хийчихлээ гээд шуугиулаад байгаа. Үүнд би нэг тайлбар хиймээр байна. Хэдэн жилийн өмнөхөн Дархан-Улаанбаатар чиглэлд Хустайн давааны замын хучилтыг сольсон. Түүнийг улсаас нэг км бүрийг нь 380 сая төгрөгөөр зассан. Үүний зардлыг нь маш бага тавилаа гэж байсан. Би түрүүн хэлсэн энэ замд орж байгаа асвальтын тоо хэмжээ бол 12.5 км зам барих 6 метрийн өргөнтэй, дөрвөн сантметрийн зузаантай хийх тийм тоо гарч ирж байнаа гэдэг энэ маань үндсэндээ энэ ухмал, хашлага, хучилтын ажил бүгдийг базаад үзвэл 12.5 км-ийн хэмжээний зам хийчих боломжтой харагдаж байгаа л даа. Эргээд харьцуулж үзвэл 4.5 км замыг км тус бүрийг 380 сая төгрөг зарцуулаад үзэхээр тоо нь бариад гарч ирнэ. Үүнийг мэргэжлийн хүмүүс бол ойлгоно харин ард иргэдэд буруу ойлголт явж байгааг хэлэх гэсэн юм. Тийм буруу ойлголтыг өгч байгаа хэсэг бүлэг хүмүүс ч бий. Ямартай ч манай компани Дархандаа ийм том бүтээн байгуулалтыг хийж чадсан нь манай хамт олны хүйтрэхээс өмнө дуусгах гэж чармайсны нөр их хичээл зүтгэл гэж бахархаж байна гэв.

                                                                                                                                                       Б.Норовсамбyy

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?