📅

АН хэнээр удирдуулах вэ?

🕔 2016/12/07 10:23

АН-ын Их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Үүсэн байгуулагдсан 16 жилийн хугацаандаа Их хурлаа 6 дахь удаагаа хуралдуулж байгаа нь энэ. АН-ын Их хурлын 1210 төлөөлөгчид  өчигдөр дүрмийн төслөө хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж их хурлын хэлэлцүүлэг зөвхөн үндсэн асуудлаа тойрсон. Харин ч улс төрийн сонгуулийн их ялагдлын дараахан цугласан Их хурлын төлөөлөгчид гишүүд дэмжигчдийнхээ үгийг одоогийн удирдах төвшиндээ хүргэж,  шүүмжлэл өрнүүлж байлаа. Үнэндээ Их хурлын төлөөлөгчдөд  өмнөх хийгээд одоогийн дарга нартаа талархах магтаалын ганц үг олдоогүй нь үнэн. Харин намаа шинэчлэн шинэ удирдлагатай болох эрмэлзэл дүүрэн төлөөлөгчид сууж байна.

 

Намын дүрмийн шинэчлэл бодлого гэхээсээ илүүтэй  Их хурлын үндсэн асуудалд тусгагдаагүй, дараагийн ээлжин төлөвлөгдсөн даргын асуудал төлөөлөгчдийн эргэн тойронд өрнөж байлаа.  Ардчилсан намын даргад нэр дэвшихээр горилж байгаа эрхмүүд төлөөлөгчдийг тосон авч, эхнээсээ амлалт өгч, мөнгөөр авлигадсан бололтой. Өчигдрийн тухайд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, экс гишүүн Г.Батхүү нарын нэрс гарч, хэн нь намын дарга болох найраагаа илүүтэй тавьсан талаар таамаглал өрнөлөө.  Их хурлаар даргаа сонгох асуудлыг нэмж тусгах санал оруулахыг төлөөлөгчдөд  дайсан гэх бор шувуу нисч байв.АН-ын даргын суудалд горилогчдын нэр дээрх хоёр эрхмээр зогсохгүй хөвөрч байгаа. 

 

Зарим гишүүдийн зүгээс ч олон нийтийн зүгээс ч дүрмээс гадна ҮЗХ-ны бүрэлдэхүүнд хэр  өөрчлөлт оруулахаас  АН-ын шинэчлэлийг ажиглаж байгаа.  Өнөөдрийн ҮЗХ-ны гишүүддээ жирийн гишүүд төдийгүй доторх багийнхан нь шүүмжилдэг.  Насаараа энэ албанд суух юм шиг дархлагдчихсан хүмүүс ҮЗХ-ны бүрэлдэхүүнд байна. АН энэ гишүүдээсээ салж байж шинэчлэл өрнө. Бүлэглэлээс санал болгосон намын даргыг дэмжихгүй хэмээн АН-ын бие даасан гишүүд болох Р.Амаржаргал, Ж.Батзандан нар байр сууриа удаа дараа мэдэгддэг.  Ямартай ч ҮЗХ-ны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх хувилбар явж байна лээ. Тиймээс өмнөх бүрэлдэхүүнээс хасагдаж, танагдаад байхгүй нь гэсэн хардлага нийгэмд байна.

 

Их хурлын төлөөлөгчид өнөөдөр ч бүлэглэл, фракцын сэм хуйвалдаанд өртөөнд амарч чадаагүй биз.  Их хурлыг зохион байгуулагчдын зүгээс намын даргыг томилох асуудлыг ирэх хоёрдугаар сард шийдэхээр оруулж ирсэн.  Тэр болтол хүссэн ч эс хүссэн ч АН-ын даргын үүрэг ажлыг З.Энхболд нурундаа үүрнэ.  Парламентад цөөн суудал авч, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа намыг хэсэг хугацаанд удирдаад явах нь З.Энхболдын хувьд асуудал биш ч нэгэнтээ "буцах бэрд хонь ямаа нийлэх хамаагүй” гэгчээр  асуудал хандана гэвэл мөн өрөөсгөл. Учир нь улс төрд мөнхийн эрх ашиг үйлчилж байдаг.

 

Он гараад байтугай орон нутгийн сонгуулийн дараагаас л  Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орсон. Өмнөх намын удирдлагууддаа  хариуцлага хүлээгэж, өнөөдрийн ҮЗХ-оо бүрэн  биш гэхэд 60 хувьтай  шинэчлэхээр зорьж байгаа АН-ынхны хувьд өнөөдөр хэн нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж дуугарах нь дэндүү эртдэх асуудал. Гэхдээ нэгэнтээ экс намын дарга Н.Алтанхуяг амбицаа дарж чадахгүй, Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэдгээ урьдчилан мэдэгдсэн. 

 

АН хэнээр удирдуулах вэ?Нөгөөтэйгүүр сонгуулийн жил нэгэнтээ гарчихсан, парламентад суудалтай улс төрийн хүчнүүдээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бараг тодорхой болсон энэ үед  АН-ынхан даргаа ч сонгож чадаагүй байвал нийгэм сөргөөр хүлээж авна.

 

Өмнө УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуулийг сонгуулийн болохоос хэдхэн сарын өмнө засварлаж, Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд намын даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээр оролцсон, угийн муу нэртэй байгаа АН Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийг мөн л намын удирдлагагүй угтахад нийгэм таатай хүлээж авахгүй нь мэдээж.

 

Тиймээс ч дарга болохыг горилогчдын зүгээс гаргасан санал болохоос бус шинэ оныг, Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийг шинэ даргатай угтах нь ялагдсан АН-ын хувьд эерэг талтай.  Гэхдээ нэг талаас  Их хурлыг зохион байгуулагчид , нөгөө талаас төлөөлөгчдийн саналыг намын удирдлагад горилогчид хэр эргүүлснээс шийдэгдэх биз.

 

Ямартай ч намын дүрэм шинэчлэгдэн батлагдана. Дүрмээ ягштал мөрддөг удирдлага сонгогдох нь уу, бүлэг фракцид үйлчлэх эрхмийг даргаар сонгох уу гэдэг АН-ын дотоод асуудал.  Олон нийт бол ажиглагчийн л үүрэг хүлээж, төрийн дээд түвшинд аль намын бодлого илүүтэй хэрэгжих эсэхээс хамаарч сонголтоо хийдэг.  Тиймээс АН-ын хэнээр удирдуулахаас ирээдүй ч хамаарах юм.Түүнчлэн  даргаа өнөөдөр сонгох уу, маргааш уу гэдэг сонгуулийн циклийн жил АН-ын "хувь заяа"-нд ч нөлөөлөх үйлдэл. 

Н.Энхлэн

Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/476735.htm


scaскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?