📅

АН-ын даргын шалгуур нь МАН-ын дарга М.Энхболд

🕔 2016/09/07 09:42

АН-ын даргын шалгуур нь МАН-ын дарга М.Энхболд

 

МАН төр төвхнүүлэх гээд будилж суугаа. Харин АН намаа төвхнүүлэхээр бужигнаж байна. Сонгуульд ялагдал хүлээснийхээ маргаашаас л "Шинэчилье” гэж хашгиралдаад эхэлсэн энэ намынхан өнөөдрийг хүртэл ҮЗХ-гоо хуралдуулж чадаагүй л байна. Учир нь сонгуулийн бужигнааны үеэр нэг дарга нь ҮЗХ-доо баахан гишүүн "автомат”-аар нэмчихсэнийг нөгөө дарга нь сонгуулийн дараа мэдсэн. Тэгээд өөрийнхөө хүнээр өргөдөл өгүүлж зарга хийсээр сүрэглэн орж ирсэн ҮЗХ-ны гишүүдийг АН-ын эрх бүхий нэгж нь хүчингүй  болгочихсон. Гэтэл нөгөө нэг дарга ҮЗХ-ны хурлыг хойшлуулж орхисон. Ийм л үйл явдлын үргэлжлэл дунд АН-ынхан "амьдарч” байна.

 

Яг үнэндээ АН-ын шинэчлэл хэмээх удахгүй болох гээд байгаа ямар нэг процесс нийгэмд хүлээлт үүсгэчихээд байна. Гэхдээ яаж гэдэг нь олон нийтэд тодорхойгүй. АН-ынхан өөрсдөө ч бараг мэдэхгүй байгаа гэлцэнэ.

 

Шинэчлэлийн тухайд АН-ын дарга нар хааяа нэг бие биеийнхээ эсрэг бригад явуулан хэвлэлийн бага хурал хийлгэж яриулна. Ямар ч байсан л шинэчилнэ гэдгээ энэ намынхан том жижиггүй ойлгочихсон байна. Харин яаж...?

 

Угтаа АН-ынхны өмнө намын даргаа олж сонгох, улмаар удахгүй болох Орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуульд олигтойхон оролцох явдал л чухал байгаа. Магадгүй, энэ сонгуулиудад намаа авч орох удирдагч хэн байх вэ гэдэг нь тэдний хүлээгээд байгаа шинэчлэл гэсэн үг.

 

Тэд сонгуулийн дараахан З.Энхболдтой хариуцлага тооцож огцруулсан. Гэхдээ З.Энхболд ажлаа өөрөө өгсөн гэвэл үнэнд илүү нийцнэ. Сонгуулийн дүн гарах агшинд л мань хашир маргаашийн уур амьсгалыг мэдэрчихсэн. Тиймээс түрүүлээд дуугарсан хэрэг.

 

Одоогоор АН-ын даргын үүргийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат түр гүйцэтгэж байна. Намын дарга л болж үзээгүй болохоос АН-ыг тоглоомын гадна Засгийн газар орж нэг, гарч нэг явахад намынхаа буурийг сахисаар 2012 онтой золгосон хүн бол тэр. АН-ын генсек байхдаа ялж, ялагдаж үзсэн түүнд мэдээж туршлага бий. Гэхдээ одоо тэрээр намын тамгыг түр зуур л атгаж байгаа. Учир нь энэ сарын 17-нд болох ҮЗХ-ны хуралдаанаар намын шинэ дарга тодрох учиртай.  Харин хэн болох вэ?

 

АН-ын энэ удаагийн даргын сонгууль ихээхэн онцлогтой. Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдтой өрсөлдөж ялах хүн л АН-ын даргаар тодрох учиртай. Одоогийн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэнээс ч нуухаа больсон. Тийм болохоор АН-ын ялалт байгуулах боломжтой хамгийн ойрын сонгууль болох Ерөнхийлөгчид зүтгэх лидер л хэрэгтэй. Шинэчлэл нь тэр болж байгаа юм.

 

Үнэн хэрэгтээ М.Энхболд бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том өрсөлдөгч. Түүнд албан тушаал, эрх мэдэл, ялсан нам, ер нь Монгол төр тэр чигээрээ байна. Харин АН-ын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдөх хүнд янз бүрийн но л байх хэрэггүй.

 

Ер нь л АН даргаа маш зөв сонгож байж Баабарын хэлснээр их ялалтынхаа эхлэлийг тавина. Үгүй бол унана. Унах унахдаа 2020 онд аз тохиох эсэхийг үзэх хүртлээ нар өөд харахгүй. Гашуун боловч үнэн нь энэ. Өнөөдөр АН-ын нэлээд хэдэн лидерийг хууль хяналтынхан овоо хараандаа авсныг хэвлэлүүд, эх сурвалжууд мэдээлж байгаа. Дараалсан ялагдлын дараа үүнээс ч дор юм болж мэдэх шинж тэмдэг бий. Тэгэхээр намын дарга нь хэн байх вэ гэдгээс АН-ын хувь заяа шийдэгдэнэ гэсэн үг. Хэрэв тэд сонголтоо буруу хийвэл байдал хэсэгтээ л хүндэрнэ гэдгийг ҮЗХ-ны гишүүдээс нь эхлээд жирийн гишүүд хүртлээ мэдэрчихсэн гэж байгаа.

 

Гэвч энэ намын онцлог, одоо байгаа байдал нь тун зөв, маш оновчтой сонголт хийх эсэхэд эргэлзээ төрүүлж  байна. АН олон фракцтай. Фракцын лидер бүр нь АН-ын дарга болох хүсэлтэй. Бүр мөрөөдөлтэй. Хамгийн том гай нь энэ. Намын даргын суудлын төлөөх фракцуудын дайн аль эрт эхэлчихсэн.

 

Тухайлбал, МоАН-ын фракцаас Г.Батхүү, Л.Болд хоёр АН-ын дарга болно гэж яриад эхэлчихсэн.  Тэдэнд намын дарга болох сонирхол маш их бий гэлцэх юм билээ. Хэрэв энэ хоёрын нэг нь намын дарга болвол АН бүхэлдээ ямар нэг компанийн нам болно гэсэн үг. Яг л өнөөдөр МАН-ыг Уяачдын холбооных болчихлоо гэдэг шиг.

 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Батхүү АН-ын дарга боллоо гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг ядаж нам доторх фракцуудаасаа авах магадлал тун бага. УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд ч адил.

 

Түүнчлэн "Шонхор” фракцаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан нарын нэр явж байна. С.Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлгийн дарга болсноор чимээгүй болсон. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан карьераа өсгөх үүднээс намын даргад өрсөлдөх нь хэвээр байгаа гэдгээ хэлсээр байгаа.

 

МҮДН фракцаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвшиж байгаа бол хэдхэн хоногийн өмнө П.Цагаан нэр дэвшихээ мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хувьд бас ч гэж зангарагтай улстөрч гэгддэг. АН-ын туршлагатай лидерүүдийн нэг. Тиймээс намаа төвөггүйхэн удирдах чадвар түүнд бий. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын  экс дарга П.Цагааны хувьд янз бүрийн таамаг явж байна. Тэрээр албан тушаалаа өгсөн даруйд намын ажилдаа шамдаж орсон. Ингэснээр доторх фракцуудын төлөвлөж байсан бүх ажлууд нурж, ярьж байсан тохироонууд ч өөрчлөгдсөн гэж байгаа. Ер нь л АН-ын дараагийн даргад хамгийн магадлалтай хүнээр П.Цагааныг нэрлэж байна. Болж ч магад. Гэхдээ дээр хэлсэнчлэн АН-ын шинэчлэлийн туг болж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд М.Энхболдыг ялж чадах уу?

 

Яг үнэндээ П.Цагаан хувь хүн талаасаа бус  Ерөнхийлөгчийн хүн гэж л харагддаг. Тэр утгаараа өнөөдөр газарт буугаад байгаа намынхандаа бол хүчтэй харагдаж байж болно. Учир нь өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч нь Цахиагийн Элбэгдорж. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдтой өрсөлдөхөөр жингийн туухай дээр зогсвол яах бол. Энэ бүгдийг харж гаргалгаа хийж буй хүмүүс ч энэ намд байна. Тэдний харж байгаагаар Хотын мэр асан Э.Бат-Үүлийг илүүд үзэцгээж байна. Түүнээс гадна намаа ялалтын тавцанд гаргасан гэх мөнхийн гавьяатай, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бий.

 

Тэгэхээр яг одоо АН-ынхны шинэчлэлийн туг болж харагдаад байгаа нь Э.Бат-Үүл,  П.Цагаан, Н.Алтанхуяг нар юм.  Уг нь З.Энхболд намаа сонгуульд амжилттай оролцуулсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж төлөвлөж байсан гэдэг. Гэвч салхи өөр тийш эргэсэн.

 

Ер нь намын дарга гэж хэн бэ, ийм цаг үед хэрхэн ажиллах ёстой вэ гээд намын даргын анхан шатны ажил үүргийн хувиараас гадна нэмэлт үүргүүд ч бас бий. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ дарга эхлээд Орон нутгийн сонгуульд хүч үзнэ. Бяр, чадлаа харуулна. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль хүлээж буй. Бусад цаг үед  нь ч зүгээр суухгүй. Өнөөдөр нэгэнт газар авсан эдийн засгийн хямралын буруутан бол АН гэдгийг МАН-ынхан улам бүр нотлох гэж оролдоно. Олон ч юм болно доо. Шуудхан хэлэхэд гудамжинд лааз өшиглөж яваа намын л дарга гэж ойлгох хэрэгтэй. УИХ-д дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нь энэ намд хангалтгүй. Ийм хэмжээний хүчээр энэ намынхан МАН-тай тоглож чадахгүй. Чухамдаа үүнд нь өнөөх фракцын хуваагдал л гай болж байгаа. Гэвч тэд үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй юм. Бодит байдал хийгээд бүхний учир нь ердөө л энэ.

 

АН-ын ҮЗХ удахгүй хуралдана. Хэн нэгийгээ даргаар тодруулна. Харин тэр эрхэм нь тэдний хүсээд байгаа шинэчлэлийн туг нь болж чадах болов уу?

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?