📅

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын ерөнхийлөгч Франсуа Олланд нарын хамтарсан мэдэгдэл

🕔 2015/11/20 10:43

Парис хот, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.

1. Энэхүү айлчлал нь Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа чухал ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцан тэмдэглэв.

 "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай” 1996 онд байгуулсан Хэлэлцээрийн үзэл санаанд тулгуурлан хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Талууд харилцан илэрхийлэв.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Францын харилцааг дараах нийтлэг зорилтод нийцүүлэн хөгжүүлэхээ дахин нотлов. Үүнд: Хүний эрх, ардчиллыг дээдэлсэн тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон талт яриа хэлэлцээг дэмжих, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх, байгаль орчин, соёлын олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах зэрэг болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын 21 дүгээр бага хурал хоёр долоо хоногийн дараа хуралдах гэж байгаатай холбогдуулан хоёр улсын Төрийн тэргүүн нар улс орнууд энэхүү бага хурлаар дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад хоёр хэмээс дээшлүүлэхгүйгээр барих тухай урт хугацаанд мөрдөгдөх түгээмэл эрх зүйн тохиролцоонд хүрэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Франц Улс нь Ази дахь онцгой түнш болох Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгдгийг Франц Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. 1990 оны хувьсгалаас хойш Монгол Улсын сонгосон ардчиллын замналыг Франц Улс идэвхтэй дэмжиж, Монгол Улстай хамтран ажиллах тэргүүлэх салбарууд нь сайн засаглал, эрх зүйт төр болохыг францын тал онцлов. Цаазаар авах ялыг цуцлах тухай шийдвэр монголын тал гаргасныг Франц Улсын Ерөнхийлөгч Ф.Олланд сайшааж буйгаа илэрхийлээд, энэ чиглэлд дотооддоо эрх зүйн шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа мэдэгдэв. Зүүн Хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүчин чармайлт, дэлхийн хариуцлагатай дипломат болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тус улстай мөр зэрэгцэн идэвхтэй оролцоход бэлэн байгааг Франц Улс сайшаав. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг Франц Улс сонирхон хүлээн авснаа илэрхийлэв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг болох Франц Улсыг өөрийн "гуравдагч хөрш”-өө хэмээн үзэж, харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч дахин нотлов. Өндөр технологи, төрөлжсөн эдийн засагтай Франц Улс нь эрчим хүч, хот байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, сансар судлал, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, харилцаа, холбоо, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг салбарт Монгол Улсад шаардлагатай мэдлэг, чадамжийг нэвтрүүлэн нутагшуулах чадвартай түнш болохыг монголын тал нотлов. Францын аж ахуйн нэгжүүдийн олон чиглэлийн байр суурь, оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн ирээдүйтэй салбаруудад хамтын ажиллагааг дэмжих нь хоёр талын худалдаа, эдийн засаг, техникийн солилцоог улам бүр идэвхжүүлэх боломжийг олгоно. Францын эрх зүйн систем, хэм хэмжээг жишиг болгон өөрийн гэсэн газар зүйн заалт бүхий загвартай болох, хуульчдыг бэлтгэх зэрэг Монголын хүсэл эрмэлзлэл нь хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх нь дамжиггүй.

2.Энэ хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцаа, хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт түлхүү хөгжүүлэхээр тохиров. Хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх боломжийг нээх шинэ баримт бичгүүдийг айлчлалын үеэр байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа Төрийн тэргүүн нар илэрхийлэв. Монгол, Францын Улс төрийн зөвлөлдөх уулзалт, Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн механизмаар дамжуулан улс төр, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр Ерөнхийлөгч нар тохиров. Франц Улсын Ерөнхий сайдын 2016 онд Монгол Улсад хийх айлчлал нь энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх, улмаар хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах боломж олгоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэнд, харилцаа холбоо, ус цэвэрлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хөгжлийн зарим төслийг хэрэгжүүлэхэд Франц Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлж ирснийг Монгол Улс талархав. Хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр Төрийн тэргүүн нар харилцан тохиров.

Монгол Улсад хэрэгжих эрчим хүчний томоохон төслүүдэд Францын аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгааг Төрийн тэргүүн нар тэмдэглээд Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээр тогтов.

Франц дахь Монгол судлалыг дэмжих зорилгоор тус улсад Монголын соёлын төв байгуулахыг францын тал сайшааж буйгаа илэрхийлэв. Монгол дахь "Альянс франсэз”-ийн үйл ажиллагаа, шинэ байршилтай болоход бүрэн дэмжлэг үзүүлэхээ монголын тал илэрхийлэв. Хоёр улсын Төрийн тэргүүн нар Францын их, дээд сургуулиудад суралцах Монгол залуу оюутнуудад олгодог тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлахаар тохиролцов. Мөн Монгол, Францын археологийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтов.

Талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа монголын талын энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар НҮБ-ын шинэчлэл, Аюулгүйн Зөвлөлийн өргөтгөлийн асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн хүрээнд үй олноор харгислах явдал гарсан тохиолдолд вето эрхийг хязгаарлах тухай Франц Улсын санаачилгыг Монгол Улс дэмжиж буйгаа нотлов.

Түүнчлэн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг хоёр улсын Ерөнхийлөгч нар дахин нотлов. Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид түлхүү бэхжүүлэх боломжийг олгосон "Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-т 2013 онд гарын үсэг зурсныг Талууд сайшаан тэмдэглэв.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг 2016 онд өөрийн эх оронд зохион байгуулах шийдвэр Монгол Улс гаргасанд Франц Улсын Ерөнхийлөгч баяр хүргээд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа нотлов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНСУА ОЛЛАНД

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?