📅

“Босго”-гүй парламент

🕔 2016/06/21 14:14

gol_15415

-Түмэн олныхоо итгэлийг тээж, ирэх дөрвөн жил улс, эх орныхоо жолоог атгалцах хариуцлагатай үүргийг хүлээх мэдлэг боловсролтой, туршлагатай, тууштай улстөрч горилогчдын дунд цөөхөн байгаа нь парламентын босго ямар ч үнэ цэнэгүй болсныг илтгэж байна-

Угтаа бол ардчилалыг дээдэлдэг гадны оронд төрийнхөө түшээдийг сонгохдоо гэр бүлийн хүмүүжил, амьдралын туршлагаас нь авахуулаад хувь хүний үзэл бодол, ёс зүй, шашин, хуулийг хэр дээдэлж, дагаж мөрддөг гээд олон зүйлийг хардаг байна. Хэдийгээр сонгох, сонгогдох эрх нь Үндсэн хуулиараа нээлттэй байдаг ч горилогчид нь энэ мэтчилэн хүн бүрт байх ёстой наад захын шалгуурыг хангаж байж нэр дэвшигчийн үнэмлэх, батламжаа гардан авдаг байх юм. Үүний дараа л сонгогчид нь тухайн нэр дэвшигчийг хэр мэдлэг боловсролтой, туршлагатай, тууштай улстөрч болохыг нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонжиж, эцсийн сонголтоо хийдэг аж. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам, эвслүүд нь залуу улстөрчийг бэлтгэж гаргах үндсэн үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлж, ажилладаг байна.
Гэтэл ардчилсан нийгэмд шилжээд 26 жилийн нүүрийг үзэж байгаа манай улсад бүх зүйл эсрэгээрээ өрнөж, сүүлдээ хэн дуртай нь сонгуульд нэрээ дэвшдэг буруу жишиг тогтжээ. Үүний тод жишээг энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа нөхдөөс нэрсээс бэлхнээ харж болно. Үнэндээ энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигчээс гадна 69 бие даагч өрсөлдөхөөр батламжаа гардан авч, сурталчилгаагаа хэдийнэ эхлүүлээд байгаа билээ. Харамсалтай нь, түмэн олныхоо итгэлийг тээж, ирэх дөрвөн жил улс, эх орныхоо жолоог атгалцах хариуцлагатай үүргийг хүлээчих чинээний чадалтай, боловсролтой, тууштай, туршлагатай улстөрч горилогчдын дунд арван хуруунд ч багтахааргүй цөөхөн байгаа нь парламентын босго ямар ч үнэ цэнэгүй болсныг илтгэж байна.
Шуудхан хэлэхэд, нэр дэвшигчид сонгогчдыг хэр зэрэг алмайруулж, гайхуулна тэр хэрээр улс төрийн нам нь төлөвшөөгүйг илтгэнэ. Төлөвшиж, томоожоогүй улс төрийн намд төрийн үйл хэргийг аваад явчих залгамж халаа болох шинэ залуу улстөрч ховор байх нь ойлгомжтой юм. Тиймдээ ч улс төрийн мэдлэг дулимаг, болсон болоогүй өөрсдийнхөө хүчээр олонд танигдаж "од” болсон урлаг соёлынхон болон спортынхоныг намдаа элсүүлж, зөвхөн намынхаа эрх ашгийн төлөө олонх болохын тулд улайран зүтгэж байна.

songuuli_14414154541

Энэ бүх зүйл нэр дэвшигчдэд тавих шалгуур, шаардлага сул байгаатай холбоотойг харуулж байна. Учир нь, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн эрхийг хязгаарласан Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлд "Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан байх” эрх зүйн зохицуулалт болох "Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, "Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, "Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн нийтлэг шалгуурыг л тогтоожээ.
Гэтэл дэлхийн бусад улс оронд дээр дурьдсан зүйлээс гадна нийгэм, эдийн засгийн харилцааны онцлог, улс төр, эрх зүйн соёлын хүрсэн түвшнээс хамааран парламентын сонгуульд нэр дэвшигчдэд тавих тусгай шалгуурыг хуульчилсан байдаг аж. Тухайлбал, Турк улсад ажил хэргийн нэр хүндгүй болсон, авлига, хээл хахууль, санаатайгаар дампууруулах, хууль бусаар бараа хил давуулах, нууц хуйвалдаан, төрийн нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн, өдөөн хатгасан, турхирсан, эсхүл ийм төстэй үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээд сонгуульд нэр дэвших эрхгүй. Эдгээр этгээд өршөөлд хамрагдсан байсан ч нэр дэвших эрхийг хязгаарладаг байна.
Харин Энэтхэг улсад төрийн хяналт дор байх аливаа ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхийг нь хязгаарладаг бол Германд шүүхийн шийдвэрээр сонгуулийн эрх нь хязгаарлагдсан, эсхүл парламентын сонгуульд нэр дэвших эрхээ шүүхээр хязгаарлуулсан этгээд төрийн байгууллагад сонгогдох эрхгүй байдаг аж.
Түүнчлэн АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхимын гишүүнд нэр дэвшигчид 25 нас хүрсэн байх ёстой бол сенатад нэр дэвшигч 30 нас хүрсэн, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч 35 нас хүрсэн байх ёстой. Конгрессийн төлөөлөгчдийн танхимын гишүүнд нэр дэвшигч АНУ-ын иргэншилтэй болоод 7 жил, Конгрессийн сенат 9 жил, АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд төрсөн цагаасаа тус улсын иргэн байх ёстой юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нь нэг мужийнх байх ёсгүй зэрэг шалгуурыг тавьдаг байна. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын гишүүн нь ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах ёстой. Энэ ч утгаар нь парламентын сонгуульд нэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хязгаарлалтыг нь өргөжүүлэх шаардлагатай байна. Тэгээд ч УИХ-д нэр дэвших нь хүний төрөлх эрх биш үүсмэл эрх учир түүнд хуулиар хязгаарлалт хийх бүрэн боломжтой билээ.

Эх сурвалж:

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?