📅

Тав дахь "Ерөнхийлөгч" нарын хүсэл хясал болох нь

🕔 2016/03/09 10:16


Энэ 2016, ирэх 2017 онуудад хоёр томоохон сонгууль болно. Эдгээр сонгуульд хоёр гол нам АН, МАН-аас гадна маш том зорилго тавин оролцох намууд хоёрын зэрэг байна. Үүнийгээ ч тэд зарласан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын удирдаж байгаа ХҮН болон Н.Энхбаярын МАХН-уудыг нэрлэж болох юм.

С.Ганбаатар өөрийн удирдаж байгаа ХҮН-ыг парламентын нам төдийгүй бүр эрх баригч хүчний нэг болно гэж мэдэгдсэн. Тэгээд ч зогсохгүй өөрийгөө 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялан Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч болно гэсэн билээ.

Гэвч түүний эсрэг талд нь байгаа нөхдүүд популистуудын хаанаар "өргөмжилж” улмаар дараа дараагийн ажиллагааг явуулсаар байна. Түүнийг сургууль төгсөөгүй байж эрдмийн зэрэг цол авсан гэдгээс эхлээд олон хэл ам дагаж яваа.

Гэвч ХҮН дотооддоо асуудалтай байгаа нь хамгийн гол аюул юм. Манай улстөрийн намууд төлөвшиж байгаагаагаараа бахархдаг ч үнэндээ төлөвшсөн нам бараг байхгүй. Гэтэл сүүлийн ганц хоёр жилд улс даяар олны дэмжлэг авч эхлээд байсан ХҮН ч ийнхүү дотоод асуудалдаа баригдаад эхэллээ. Энэ бүхэн С.Ганбаатарын тав дахь болох хүслийг хясал болгож магадгүй байна.

Тэр янз бүрийн судалгааны дүнгээр улстөрчдийн чансааг тэргүүлж байгаа учраас өөрийгөө "тасарчихсан” гэж үзэж байгаа нь ойлгомжтой. Гэвч 2-3 мянган хүний саналд л тулгуурлан гаргадаг судалгааны дүнд хэтэрхий бас найдах хэрэггүй билээ.

Тэгвэл өөрийгөө одоог хүртэл Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч гэж цоллуулах дуртай МАХН-ын дарга Н.Энхбаяр 2017 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож тав дахь болох хүсэлтэй нь тодорхой. Гэвч түүний хүсэл бас л хясал болов бололтой.

Өмнөх 2012 оны сонгуулиар түүний байгуулсан эвсэлд боломжийн санал өгсөн сонгогчид ахин түүнд итгэл хүлээлгэж өнөөгийнх шиг бүлэгтэй болгох эсэх эргэлзээтэй. Тэр ирэх 10 жилд Монгол улсыг дэлхийн 30 дахь эдийн засаг бүхий хүчирхэг орон болгох амлалт өгч сонгуулийн сурталчилгаагаа бараг нээчихээд байгаа ч түүнийг өөрийг нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх боломжийг өрсөлдөгчид нь эрэлхийлсээр.

Засгийн газраас АТГ-т явуулсан бичигт түүний ялтай хугацаа 2017 онд дуусах тухай өгүүлсэн нь санамсаргүй хэрэг биш юм.

Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр 2017 оны 8 дугаар сар хүртэл төрийн аливаа албыг хаших эрхгүй гэсэн үг. Ингэснээр тэрбээр энэ оны УИХ-ын сонгуулийг болоод 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ч өнжихөд хүрэх ажээ.

Тэр байтугай уг бичигт Н.Энхбаярыг АТГ-т шалгагдаж байгаа тухай ч өгүүлж. Тэгэхээр өмнөх сонгуулийн өмнө бор оймстой хөлийг нь гозолзуулан байж баривчилж байсан нөхдүүд энэ удаагийн сонгуулийн өмнө дахин тэр аргаа хэрэглэж мэдэхээр дүр зураг ч тодорч байгаа нь энэ болов уу.

Тэгэхээр Н.Энхбаярын хувьд хэдий тав дахь болох хүсэл байлаа ч тэр нь хясал болох зам руу орж байна.

П.Дорж

Эх сурвалж: Gereg.mnскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?