Эквадорт газар хөдлөлтийн уршгаар 272 хүн амь насаа алдлаа
Андын нурууны хормойд орших Эквадор улсад болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга байшин, автозам эвдэрч, цахилгаан тасарчээ. Газар хөдлөлтийн улмаас 2068 хүн гэмтэж бэртсэн бөгөөд хөнгөн бэртэлтэй хүмүүст газар дээр нь тусламж үзүүлж, ноцтой бэртэлтэй хүмүүсийг л эмнэлэгт хүргэж байна.
Эквадор улс дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаас шалтгаалж эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм. Газар хөдлөлтөөс улбаалан Эсмералдас нэртэй газрын тос боловсруулах үйлдвэр түр зогсож, автозамын сүлжээ доголдож, усан тээвэрт ачаалал үүссэний улмаас гадил жимс, баглаа цэцэг, какоа, загасны экспорт алдагдаад байна. 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа 230 удаагийн чичиргээ мэдрэгдсэн бөгөөд байгалийн гамшиг тохиолдсон эмзэг цаг үеийг ашиглан 130 хоригдол хорих ангиас оргосон байна. Эквадор улсад эмх журам сахиулахаар 14 мянга орчим цэрэг, цагдаанийн хүчин ажиллаж байна. Венесуэл, Чили, Мексик зэрэг ойролцоох бүс нутгийн орнууд аль хэдийн хүн хүч, эд материалын тусламж илгээсэн бөгөөд олон улсын зээлдэгчид 600 сая ам.доллар олгожээ. Нас барсан 272 хүний дунд Канад улсын хоёр иргэн байгаа юм. Эквадор улсад газар хөдлөлт болохын өмнө Япон улсад хоёр ч удаа хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амийг авч одсон. Эквадор, Япон хоёр улс нь Номхон далайн Галт цагираг буюу газар хөдлөлтийн хүчтэй бүсэд оршдог байна. АНУ-ын Геологийн хүрээлэнгээс энэ хоёр улсад болсон газар хөдлөлт хоорондоо холбоогүй болохыг мэдэгдээд байна.