📅

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл баримттай тайлбар хийнэ үү

🕔 2016/04/08 09:39


Сүүлийн хэдхэн жилийн дотор Монгол Улсад автомат тоглоомын төв нэрийн дор казино хэлбэрийн мөрийтэй тоглоомын газрууд цэцэглэж, үүнээс болж иргэд хохирсон тухай мэдээлэл их гарах болсон. Манайдаа автомат тоглоомын төв гэж нэрлэгддэг эл газруудад гаднын казинод байдагтай адил тоглоомууд байдгаас гадна их мөнгөөр тоглуулдаг, цагаа хэтрүүлэн ажилладаг, иргэдийг донтуулах үйл ажиллагаа явуулдаг, цаашлаад далд хэлбэрээр хууль тогтоомжийг ноцтой зөрчдөг зэрэг нь нэгэнт тодорхой болсон.

Ийм газруудад иргэн хүн өдөртөө 2, 3 саяыг "тушаачихаад” гарах нь энгийн үзэгдэл мэт болжээ.

 Хамгийн гол нь, ингэж алдаж байгаа залуусын ард эхнэр хүүхэд нь, ээж аав нь хоосон хоносон тохиолдол гарсан юм. Автомат тоглоомын төв нэртэй "казино” байгуулах эрхийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас олгодог бөгөөд уг газрын даргаар дуучин Күйза /Quiza/ буюу Б.Батцэнгэл ажилладаг. Б.Батцэнгэлийн хувьд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар 2013 оны хоёрдугаар сараас хойш ажиллаж байгаа бөгөөд автомат тоглоом нэртэй мөрийтэй тоглоомын газруудын булхай илэрмэгц "Автомат тоглоомын төв байгуулах эрхийг өнгөрөгч 2015 оны наймдугаар сар хүртэл олгож байгаад больсон” гэх мэдэгдлийг өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Соёл, урлагийн газраар дамжуулан хийсэн юм.

 Эндээс /2013 оны 2 сараас-2015 оны 8 сар/ өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд автомат тоглоомын төв нэртэй "казино” байгуулах эрхийг Ноён Күйза олгож байсан гэж хардаж болохоор байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр ийм төвийн эрх 20 сая төгрөгт хүрч байжээ. Тэгвэл олгохоо больсон гэх мэдэгдлийн дараа Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл автомат тоглоомын төв байгуулах эрхийг дахин олгож байна гэх мэдээлэл бидэнд ирсэн. Үүнтэй холбогдуулан манай сайт нийгмийг цэвэрлэх үүргийнхээ хүрээнд "Иргэдийг казинод донтуулагч Күйза эрх дахиад олгоод байгаа гэнэ” хэмээх нийтлэлийг бичсэн.

 

 

Эрхэм дарга эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан хардаж бичсэн энэхүү нийтлэл ихэд эмзэглэж ийм нэгэн мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд, иргэд олон нийтэд худал, ташаа мэдээ, мэдээллийг түгээж төрийн байгууллагын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдлаа хэмээжээ. Мөн сэтгүүлзүйг баримтлаагүй, үнэн зөв тэнцвэртэй мэдээллийг баримт нотолгоонд тулгуурлаагүй, тухайн байгууллага болон удирдлагын нэр төрийг санаатай гутаан доромжилсон хэмээжээ. Түүнчлэн энэхүү гүтгэлгийн чанартай үйлдлээ залруулж, тухайн нийтлэлд тайлбар гаргаж, үнэн бодит мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэнэ үү гэжээ.

Хэвлэл мэдээллийн байгууллага дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж нийгэмд буруу зүйл тарьж буй этгээдүүдтэй хатуу тэмцэх нь зүйн хэрэг. Бид тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл таниас тайлбар хүсч байна. Учир нь, Б.Батцэнгэл таны тайлбарт гүтгэж гүжирдсэн гэхээс өөр тодорхой зүйл нэгээхэн ч алга. Бид хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд хоёр талын эх сурвалжийг нягтлах үүднээс танд дараах асуултуудыг тавьж байна. Та энэхүү асуултуудад баримт нотолгоотойгоор иргэд олон нийтэд ил тодоор мэдэгдэж, амин хувийн эрх ашгийн төлөө ард иргэдийг буруу зүйл рүү түлхээгүй гэдгээ доорх асуултанд хариулан батална уу.

Үүнд:

-Та Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллах хугацаандаа нийтдээ хэдэн автомат тоглоомын төв байгуулах эрх олгосон бэ?

-Таны зөвшөөрлөөр хэдэн автомат тоглоомын төв нээгдэж, хэд нь нээгдээгүй байна вэ?

-Нээгдсэн автомат тоглоомын төвүүдийн хэд нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж, хэд нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Нийслэлд одоогоор хэдэн автомат тоглоомын төв үйл ажиллагаа явуулж байна вэ. Үүний хэдийнх нь зөвшөөрлийг Та олгосон бэ?

-Та жилд хэдэн автомат тоглоомын төвийн эрх олгох эрхтэй вэ? Эсвэл хязгааргүй юу?

-Та ажлаа авснаас хойш 2013, 2014, 2015 /магадгүй 2016/ онуудад тус бүр хэдэн автомат тоглоом төвийн эрх олгосон бэ?

-Автомат тоглоомын төв нээх тусгай зөвшөөрөл олгох болон сунгахад хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ. Авсан төлбөр хаашаа шилждэг вэ?

-Автомат тоглоомын төвтэй холбоотойгоор иргэдээс Нийслэлийн Соёл, урлагийн газарт гомдол санал ирсэн үү? Ирсэн бол яаж шийддэг вэ?

-Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагаас автомат тоглоомын төвүүдэд хийсэн шалгалт болон автомат тоглоомын төвтэй холбоотой хэргүүдийн талаар танд мэдээлэл байна уу? Та цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагатай энэ тал дээр хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?


Эцэст нь, Та энэ бүхнээ иргэд олон нийтэд ил тодоор, баримттайгаар мэдэгдвэл бид Таниас албан ёсоор хүлцэл өчихөд бэлэн байна.

Төгс



 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?