📅

Эх үрийг эрэмдэглэсэн шүүх эрх мэдэл

🕔 2016/04/07 19:33

Эх үрийг эрэмдэглэсэн шүүх эрх мэдэлС.УЯНГА

Эх, үр гэдэг юугаар ч сольж, хэмжиж бүр үгээр илэрхийлж болшгүй тийм ариун нандин харилцаа, хувь төөрөгтэй хүмүүс байдаг. Арван сар тээж биеэсээ бие таслан төрүүлээд ангир уургаа хөхүүлэн өсгөдөг эхийн хайр энэрэл, халуун сэтгэлийг юутай зүйрлэх билээ.

Гэтэл ийм л ариун нандин харилцааг эрэмдэглэж, эх хүнээс төрүүлж өсгөсөн хоёр хүүхдийг нь шүүх эрх мэдлээр далайлган булаасныг илчилсэн хагацлын нулимстай захидал миний өмнө байна. Захианы эзэн эмэгтэйтэй уулзаад элэг нь эмтэрч, өр зүрх нь урагдаж, шаналж  зовж буй эх хүний сэтгэлийг илүү тод мэдэрсний зэрэгцээ хөрөнгө чинээтэй хүн шүүхийн өмнө худал хуурмаг, гүтгэлэг доромжлол, заль мэх ашиглан өөрийн талд бүх асуудлыг шийдвэрлүүлж болдог, хөрөнгөгүй, танил талгүй нь хохирч үлддэгийн бас нэгэн гашуун үнэнтэй нүүр тулсан юм.

Марина Валерьевна Жданова жирийн л нэг орос бүсгүй. Тэр Монголд суурьшсан ОХУ-ын иргэн, хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн ээж. Хүний нутагт амьдралын төлөө зүтгэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, хоёр хүүхдээсээ салж амьдын хагацал үзнэ гэж төсөөлөө ч үгүй нэгэн.

Марина 14 жилийн өмнө гэрлэсэн. Түүний нөхөр Былиновский А.Ю Монголд төрж өссөн бидний нэрлэдгээр "местный” орос. Тэд гэрлээд 12 жил хамтдаа амьдарч хоёр хүүхдийн аав ээж болсон улс.

 Гэвч одоо бол шүүхээр заргалдагч талууд. Марина Жданова түүний нөхөр А.Былиновский нарын маргааныг Монголын шүүх бүхэл бүтэн нэг жил есөн сар шат шатандаа дамжуулаад ч шударгаар шүүж чадахгүй байгаа юм. Ингэж хэлж буйд минь учир бий. Тэдний маргааны шалтгаан гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй. Былиновский эхнэрээ байнга зодож, орилж хашхирдаг, үүнээс нь болоод хүүхдүүд нь цочролд орж эцгээсээ айдаг болсон гэдгийг хажуу хавирганых улс, хөршүүд, танил нөхөд гээд гэрчлэх хүмүүс ч хангалттай олон. Хүүхдүүдийнхээ төлөө бүгдийг тэвчиж амьдарсан Марина 2014 оны долдугаар сарын 1-ний орой нөхрийнхөө балмад авирыг тэсэлгүй охиноо авч гэрээсээ зугтан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж. Ингэснээр олон удаа давтагдсан хүчирхийлэл ил гарч Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс Былиновскийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Марина нэгэн дунд сургуулийн захирлын нарийн бичгийн даргаар 16 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа. Харин Былиновский түүнтэй танилцахдаа машин угаагч зэрэг олдсон ажлаа л хийдэг жирийн л нэгэн байж. 2006 онд гадаадын компанид жолоочоор орж сүүлдээ гүйцэтгэх захирал болж тушаал дэвшсэнээр амьдрал нь ч, ааш авир нь ч эрс өөрчлөгдөж эхэлсэн байна. Их хэмжээний мөнгө орж ирж, танилын хүрээ өргөжихтэй зэрэгцээд компанийн ажил ихэнхдээ шөнийн цагаар ресторан, саунд явагдана.

Тэр үеэс Былиновскийн зан догшин, хэрцгий болж, өөр бүсгүйтэй ч болсон байна. Бүхий л цаг хугацаагаа бизнестээ зориулж хүүхдүүдээ унтсан хойно ирж, сэрэхээс нь өмнө ажилдаа явж, ихэнхдээ л эзгүй. Харин Марина хүү Бориславаа 2003 онд, охин Марияг 2007 онд төрүүлээд ээлжийн амралтаа ч авалгүй ажлаа хийж, өөрийнхөө ээжтэй хамт хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байсныг хөршүүдээс нь эхлээд найзууд нь, сургууль, цэцэрлэгийнхэн гээд гэрчлэх хүн олон байгаа.

Гэтэл хэрцгий авирыг нь тэсэлгүй эхнэр нь гэрээсээ зугтсаны маргааш буюу 2014 оны долдугаар сарын 2-нд Былиновский шүүхэд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргахдаа хүний санаанд ч багтамгүй худал зүйлийг эгээ л үнэн мэт шүүхэд мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Былиновский эхнэрээ 2007 онд хүүхдүүдээ хаяад явсан, гэр бүлтэйгээ цагийг огт өнгөрүүлдэггүй, гэр бүлийн баярт оролцох байтугай хамт амьдарч байгаагүй хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдаж, тэр ч бүү хэл шүүхэд худал мэдүүлэг өгчээ. Үүнийх нь эсрэг Марина хүү Борислав, охин Маша нарыгаа өсгөж хүмүүжүүлэхийн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулж, тэднийхээ төрсөн өдөр, шинэ жил, март, хоёр талын эцэг эхчүүдийн төрсөн өдөр, гадаад дотоодод амралт зугаалгаар явж байсан мөчүүдийнхээ гэрэл зургууд хангалттай олныг шүүхэд нотолгоо болгохоор өгсөн байдаг.

Анхны шүүх хурал 2014 оны долдугаар сарын 24-нд болжээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид  Былиновскийг хүчирхийлэгч гэдгийг тодорхойлж шүүхийн шийтгэврийг гаргажээ. Гэтэл энэ шийдвэрийг шүүх танхимд уншиж сонсгосноос ердөө тавхан хоногийн дараа бүх зүйл өөрчлөгдөж, Былиновскийн худал хуурмаг хүсэлтийг үндэслэн мөн дүүргийн анхан шатны шүүхийн Ж.Алтантуяа шүүгч долдугаар сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэр эцэслэн гартал хүүхдүүдийг нь эцгийн асрамжинд өгөхөөр захирамж гаргаж орхисон байдаг юм. Хамгийн хачирхалтай нь эрхэм шүүгч  нөхрийнх нь хүсэлтийг биелүүлэхийн тулд хэрэгт байгаа нотлох баримт, бусад зүйлсийг огт нягталж шалгалгүй захирамж гаргаад түүнийгээ үзэгнийх нь үзүүрээр хувь заяа нь шийдэгдэж буй хүүхдүүдийн ээжид огт мэдэгдээгүй. Ж.Алтантуяа шүүгчийн захирамжийг үндэслэн наймдугаар сарын 5-нд гүйцэтгэх хуудас бичигдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас урьдчилж мэдэгдэлгүйгээр ердөө маргааш нь Маша охиныг нь  Маринагаас хүчээр авч явжээ. Үүнээс хойш нэг жил есөн сар сунжирч буй энэ хэрэг дээр шүүх байгууллага ганц ч удаа ийм түргэн шуурхай ажиллаагүй нь анхаарал татахгүй байхын аргагүй. Түүнээс гадна шүүгч Ж.Алтантуяа нь эх охин хоёрыг хүчээр салгах энэхүү захирамжийг гаргахдаа хүүхдийн комиссийг анхнаасаа зохих газраар нь томилуулан ажиллуулаагүй байдаг нь мөн л анхаарахгүй өнгөрч боломгүй баримт. Энэ талаар Марина захидалдаа "Иргэний хэрэг үүссэнээс хойш бүтэн зургаан сарын дараа, тэр тусмаа миний өмгөөлөгчийн асар их хүчин чармайлтын үр дүнд хүүхдийн комиссийг томилуулан ажиллах болсон. Намайг хүүхдүүдээс минь салгах гэсэн оролдлого, нөхрийн талаас гаргасан гүтгэж, доромжилсон өчүүхэн зүйл миний хүүхдүүддээ нэгэнд нь долоон жил, нөгөөд нь 11 жилийн турш өгч байсан эх хүний хайр, анхаарал халамж, сэтгэлийн хүч тэнхээ, тэдэнд зааж сургаж, зөв хүн болгохын төлөө зүтгэж явсантай харьцуулж болно гэж үү? Хүүхдүүдийн анхны цахиур гарч, хэлд орж байсан анхны алхам хийж цэцэрлэг сургуульд орж байсан үед байнга дэргэд нь байсан цаг үеийг хааш нь хийх гээд байгаа юм бол. Былиновский шүүх хурал дээр гэрчээр оролцсон Машагийн багшийг ч таниагүй. Учир нь тэр хэзээ ч хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй байсан. Ийм байтал шүүх хэний ч нүдэнд дэндүү илт байгаа зүйлсийг олж харахаас татгалзаад төрсөн эхээс нь хүүхдүүдийг хүчээр булааж байгааг огт ойлгож, төсөөлж чадахгүй байна” хэмээн бичжээ.   

 

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө хүүхдийн шинжээчийн хоёр ч комисс томилогдон ажилласан. Эхний комиссийн дүгнэлтэнд хоёр хүүхэд удаан хугацааны туршид зөвхөн эцэгтэйгээ амьдарсан болохоор ээждээ хандах хандлагыг үнэн, зөв зүйтэй тодорхойлох боломж хомс учир нэг хэсэгтээ эхтэй нь хамт амьдруулсны дараа бүрэн дүүрэн дүгнэлт гаргах боломжтой гэсэн байдаг. Гэтэл Былиновский энэхүү дүгнэлтэд гомдол гаргасан учир хоёр дахь комиссийг Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хөгжлийн төвөөс томилуулан ажиллуулсан бөгөөд тэд хүүхдүүдийн ирээдүйд ганц талыг баримталж хандан хүүхдүүдийг эцэгт нь өгөх дүгнэлт гаргасан юм. Ингэхдээ хоёр хүүхдийг эцгээсээ ямар их айдаг, сэтгэл санааны ямар дарамтанд байдаг талаар авч хэлэлцээгүй гагцхүү Борислав, Мария хоёрын эцгийнхээ дарамт, шахалтын үр дүнд өгсөн мэдүүлгийг /аавтайгаа амьдрахыг хүссэн тухай/ үндэслэн дүгнэлт, зөвлөмжөө шүүхэд ирүүлсэн байдаг. Эхний комисс нь охин Марияг ээжээс нь шийдвэр гүйцэтгэгч нар авч явснаас хойш бүтэн зургаан сарын дараа, хоёр дахь нь арван сарын дараа л ажилласан. Энэ хугацаанд хоёр хүүхдийг ээжтэй нь ганц ч удаа уулзуулаагүй, байнга ээжийг нь муулж, тэднийг хаяад явсан мэтээр ойлгуулахыг оролдох замаар сэтгэл санааны дарамтанд оруулж байсан гэдгийг нэг биш хүн Маринад дуулгасан. Эцгээсээ айдаг  хүүхдүүд арга буюу л аавтайгаа амьдармаар байна гэж хэлнэ гэдгийг мэргэжлийн  сэтгэл зүйч байтугай хүүхэдтэй ажилладаг хэн бүхэн мэдмээр.

Жданова, Былиновский хоёрын гэр бүлийн маргааныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдэхдээ хүү Бориславыг эцэг нь, охин Машаг ээж нь асран халамжлах тухай шийдвэрийг бүтэн нэг жил гурван сарын дараа гаргасан. Хоёр хүүхдийг нь салгах шийдвэр ээжид нь хүндээр туссан. Тиймээс энэ шийдвэрийг зөвшөөрөөгүй. Гурван сарын дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хоёр хүүхдийг нь зөвхөн эцгийнх нь асрамжинд үлдээх шийдвэрийг эрхэм шүүгч нар ганц удаагийн алхны тогшилтоор гаргаж эх үрийг үүрд салгаж амьдын хагацалд хүргэсэн бусармаг явдлыг хуульчилж өгчээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид хавтаст хэрэгт нотлогдсон баримтуудыг огт хайхралгүйгээр шийдвэрийг орвонгоор нь өөрчилснийг зөвхөн нэг талыг барьж Былиновскийд үйлчилсэн гэж хардахаас аргагүй. Ганцхан жишээ дурдахад шүүхэд Маринагийн талаас мэдүүлэг өгсөн 48 гэрчийн долоо нь  шүүх хурлын танхимд, Былиновскийн талаас мэдүүлэг өгсөн таван гэрчийн хоёр нь шүүх хурлын танхимд мэдүүлэг өгсөн байдаг байна.

 

Мөн Былиновскийд эхнэр Маринаг зодсон хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст үүсгэсэн эрүүгийн хэрэг их сонирхолтойгоор хаагдсан байдаг. 2014 оны аравдугаар сарын 17-ны баасан гаригт прокурор Н.Мөнхнаран хохирогч Маринаг өмгөөлөгч болон орчуулагчийн хамт дуудаж хэргийг даваа гаригт шүүхэд шилжүүлэхээр болсныг мэдэгджээ. Гэтэл хэрэг шүүхэд очоогүй. Маринагийн өмгөөлөгч арав хоног хөөцөлдсөний эцэст прокурор Н.Мөнхнарангийн туслах Эрдэнэ-Очиртйо уулзаж хэрэг яагаад шүүхэд очихгүй байгааг асуухад эрүүгийн хэргийг хаасан гэдгийг хэлжээ. Учрыг тодруулахад прокурор Н.Мөнхнаран баасан гаригт хохирогч талыг дуудаж хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн хэрнээ амралтын хоёр өдөрт шийдвэр нь эрс өөрчлөгдөөд аравдугаар сарын 20-ны даваа гаригтаа хэргийг хааж орхиод ээлжийн амралтаа аваад явчихсан болж таардаг. Ном журмаараа бол эрүүгийн хэргийг хаах тухай тогтоол гаргах гэж буйгаа гурав хоногийн дотор талуудад мэдэгдэж гарын үсэг зуруулах ёстой. Энэ талаар Н.Мөнхнаран прокурорын туслах Эрдэнэ-Очироос лавлахад "Шийдвэрийг танилцуулахаа мартсан байна” гэсэн атлаа сэжигтэн Былиновскийд танилцуулаад зөвшөөрсөн хэмээн гарын үсгийг нь зуруулаад авчихсан байдаг нь шударга хуульчдын үйлдэл мөн гэж үү.

Энэ мэтээр цагдаа, шүүх, прокурор бүгд л Былиновский гэж энэ эрийн худал хуурмаг баримтыг огт шалгаж нягтлахгүйгээр үнэмшин өсвөр насны хоёрын хоёр хүүхдийг төрсөн эхээс нь шүүх эрх мэдлийн хүчээр булаагаад байгаагийн учрыг юу гэж ойлгох вэ. Эхнэрээ зодож гарын чилээгээ гаргадаг харгис эрийн хэлсэн бүхэн үнэн болж, үр хүүхдийнхээ төлөө гутлынхаа улыг баргдтал гүйж яваа ээжийн хэлж ярьсныг худал болгохын тулд Монголын цагдаа, шүүх хэр ихийг авсан байж таарах бол гэсэн хардлага эрхгүй төрнө. Эх үрийн харилцааг шүүхийн шийдвэрээр салгаж хувь заяагаар нь тоглож чаддаг харгис шүүх засаглал ганц манайд байдаг байх гэмээр үйлдлүүдийг Марина Жданова гэж энэ орос бүсгүй өнгөрсөн нэг жил есөн сарын хугацаанд хангалттай амсчээ. Одоо түүнд найдаж хүлээх ганц л зам байгаа. Дээд шүүхийг л хүлээж байна. Былиновскийгээс өмч хөрөнгө биш үр хүүхдээ л өөртөө авахыг хүсч өнгөрсөн хугацаанд Монголын шүүхийн модон хаалгыг мянгантаа татсан энэ ээжид Дээд шүүх татгалзвал үхэхээс өөр гарц үгүй гэсэн. Тэр хоёр хүүхэдгүйгээр хорвоогийн амьдралыг төсөөлж чадахгүй яваа юм...

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: www.polit.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?