📅

Уулын Карабахт дахин дайн дэгдлээ

🕔 2016/04/04 10:46

 

Өнгөрсөн бямба гаригт Уулын Карабахт дэгдээд байгаа зэвсэгт мөргөлдөөнд 18 армян, 12 азербайжан цэрэг амиа алдаад байна. "Манай талаас 18 цэрэг амь үрэгдэж, 35 хүн шархадлаа” хэмээн Арменийн Ерөнхийлөгч Серж Саргсян телевизээр ярьжээ. Гэвч Арменийн армийн, эсвэл Карабахын босогчдын аль нь байсныг тодотгож хэлсэнгүй. Азербайжаны тал 12 цэргийн албан хаагч, Ми-24 нисдэг тэргээ алджээ. Ереван, Бакугийн Гадаад хэргийн яам Уулын Карабахт зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, байдал хурцадсанд бие биенээ эрс буруутгалаа. Мөргөлдөөний бүсэд байрлаж байсан Азербайжаны анги нэгтгэлүүд Арменийн их бууны суманд өртсөн хэмээн Баку мэдэгдэж байгаа бол, азерууд эхэлж артиллерийн гал нээж, дараа нь танк, нисдэг тэрэг ашигласан хэмээн Армени улс мэдэгджээ.

Азербайжаны  Батлан хамгаалах яам "Арменийн зургаан танк, артиллерийн 15 төхөөрөмж, мөн 100 орчим армян цэргийг устгалаа” хэмээн мэдэгдсэн ч Арменийн тал энэ мэдээллийг үгүйсгэв. "Баку үнэнд нийцэхгүй мэдээлэл түгээж байна. Арени, Азербайжаны цэргүүд өмнө фронт дээр тулалдсаар байна” хэмээн ярилаа. Уулын Карабахын сайн дурынхан цэргүүдтэй нийлж байлдаж байна хэмээн "Кавказский узел” сайт мэдээлэв.

Карабахын бүс нутагт нөхцөл байдал хурцдаж, дахин зэвсэгт мөргөлдөөнд хүрсэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин харамсал илэрхийлэв. Кремлийн лидер сөргөлдөгч талуудыг хүлээцтэй байж, даруй гал зогсоохыг уриалжээ. Уулын Карабахт байдал хүндэрсэнтэй холбогдуулж Москва Европын холбооны аюулгүйн зөвлөлийн Минскийн бүлгийн гишүүдтэй уулзаж ярилцах санал тавиад байна.

 

МӨРГӨЛДӨӨНИЙ ТҮҮХ

-Карабахт армян, азербайжанууд хэдэн зуун жилийн турш зэрэгцэн амьдарсаар иржээ. Армянууд христос шашин шүтдэг ч бүс нутагт турк болон персийн ард түмний лал шашны нөлөө их байдаг.

-1988 онд Уулын Карабахын автономит мужийн Дээд зөвлөл бүс нутгийг Азербайжаны бүрэлдэхүүнээс гаргаж Арменийн бүрэлдэхүүнд оруулахыг хүссэн шийдвэр гаргаснаар Карабахын дайн мөргөлдөөний эхлэлийг тавьжээ.

-Дайнаас өмнө Уулын Карабахын автономит мужийн хүн амын дөрөвний нэгийг бүрдүүлж байсан азерууд Карабах болон Армениас хөөгдөж, Арербайжанаас ч хэдэн зуун мянган армянууд дүрвэн зугтахаас аргагүй болсон юм. Арменийн цэрэг Уулын Карабахыг тойрсон Азербайжаны бүс нутгийг эзэлсний дараа дүрвэсэн азеруудын тоо нэг саяд хүрчээ.

-НҮБ Арменийн цэргүүдийг Карабах дахь Азербайжаны эзлэгдсэн нутгийг орхин гарахыг уриалсан хэд хэдэн тогтоол гаргажээ.

-1994 онд Москвагийн зуучлалаар энхийн гэрээ байгуулж бүс нутаг дахь байлдааны ажиллагаанд цэг тавьсан ч Карабах болон түүнийг тойрсон Азербайжаны бүс нутаг армянуудын хяналтад үлджээ. 2009 онд Армени, Азербайжаны лидерүүд хэлэлцээ хийсний дараа мөргөлдөөнийг зохицуулах энхийн хэлэлцээ мухардалд оржээ. Сүүлийн жилүүдэд талуудын хооронд хэд хэдэн ноцтой зэвсэгт мөргөлдөөн гараад байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?