📅

Г.Баярсайхан: АНУ тавьсан саналуудыг минь дэмжсэн

🕔 2016/03/21 17:25

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 8-10-нд АНУ-д ажлын айлчлал хийсэн юм.

Сайдын энэ удаагийн айлчлалын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  чиглэлээр АНУ-тай хамтран ажиллах яриа хэлэлцээг өрнүүлэх байсан бөгөөд айлчлал тун амжилттай болжээ.  Хөдөлмөрийн сайдын айлчлалын багийн хамгийн гол уулзалт Вашингтон хотноо Төрийн департаментын байранд болсон бөгөөд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дэмжих төвийн тусгай зөвлөх Жудит Хеуман болон АНУ-ын Хөдөлмөрийн яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын орлогч дарга Женифер Шейхи, Боловсролын яамны Тусгай болон нөхөн сэргээх боловсролын газрын орлогч дарга Сью Свенсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хуульч Жон Водат, Хууль зүйн яамны Ардчилал, хүний эрхийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан ажилтан Ромеро Мартинес нарын албаны хүмүүс оролцсон байна.

Хоёр цаг шахам үргэлжилсэн уулзалтын үеэр хоёр тал өөр өөрийн оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж буй ажлынхаа талаар танилцуулж, туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцжээ.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ярианыхаа эхэнд Монгол Улсын нийт хүн амын 3.3 хувь буюу 99.5 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа гэсэн статистикийг дурдаад Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сурч боловсрох боломжийг бүрдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулсан байна.  

Тэрбээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний бодлогыг  хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр чамгүй их зүйлийг хийж байгаа төдийгүй 2008 онд нэгдэн орсон "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, 1998 онд соёрхон баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай” ОУХБ-ын 1983 оны 159 дүгээр конвенцийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиглэлд Хөдөлмөрийн яам онцгой анхаарч ажилладаг гэдгээ дурджээ. Түүнчлэн "Улс орны эдийн засгийн байдал сүүлийн үед гадаад хүчин зүйл буюу дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаж буйгаас шалтгаалан сайнгүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн зарим хөтөлбөр, төслөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учруулж байна. Гэхдээ бид эдийн засаг хүнд байна гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах хөрөнгө мөнгөө хасаж танаагүй. Манай яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 2015 онд тав байсан хөтөлбөрийнхөө хүрээг нэмэгдүүлж, зорилтод бүлгийнхнийг илүү олноор нь хамруулах зорилгоор тоог нь нэмж ес болгосон. Эдгээрийн дотор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бие даасан хөтөлбөр бий бөгөөд бид жил бүр боломж бололцооныхоо хэрээр энэ хөтөлбөрт зарцуулах санхүүжилтийг нэмж байна. 2016 онд гэхэд 3,0 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар ажиллах Үндэсний зөвлөлийг байгуулж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар дамжуулан иргэдийн өөрсдийнх нь оролцоог хангахад анхаарч ажиллаж байна. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тоог нэмэх бодлого барьж ажилладаг” хэмээжээ.

Г.Баярсайхан сайд ярианыхаа төгсгөлд АНУ-тай хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллах саналтай байгаагаа танилцуулсан байна. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа, мэдээллийн нэгдсэн төв байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлдвэрлэл, сургалтын жишиг төв байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургах сургагч багш бэлтгэх зэрэгт хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Сайдын хэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах МСҮТ-ийг л гэхэд хараагүй, сонсголгүй, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэх зэргээр хөгжлийн бэрхшээлийн төрлүүдээр нь ялгавартайгаар тохируулгатай ажлын байр бүхий байхаар байгуулах ёстой. Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын 81 байгууллага үйл ажиллагаа явуулж, 193 мэргэжлээр  42 мянга гаруй суралцагч сурч байгаагийн 501 нь буюу нийт суралцагчдын 1.2 хувийг эзлэх тооны хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Энэ хүмүүсийг сургах, тэдэнд шаардлагатай  сургалтын гарын авлага материал, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тал дээр олон жилийн арвин туршлагатай америк нөхдөөс сурах зүйл их байгааг тайлбарлажээ.

Хөдөлмөрийн сайдад хатагтай Жудит Хеуман болон түүний хамтрагчид АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд буйг танилцуулсан байна. АНУ-ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажилгүйдэл эрүүл иргэдийнхтэй харьцуулахад даруй хоёр дахин их байгаа нь өнөөдөр ч санаа зовоосон асуудлуудын нэг байсаар байгаа аж. Тус улсын нийт хүн ам 310 сая. Тэдний 54 сая нь хөгжлийн бэрхшээлтэй. Хэдийгээр Засгийн газраас хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэн ажлын байраар хангах, сурч болорвсрох эрхийг нь хамгаалах ажлуудыг хийж буй ч бүх хүнийг хамарч чадахгүй байгааг ярьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нийт төр засгийн байгууллагууддаа хандан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахыг үүрэг болгосны үр дүнд төр засгийн байгууллагуудад ажил эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж буй ч хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрлөх насны хүмүүсийн 12,5 хувь нь ажилгүй байгаа. Энэ тоог багасгахын тулд иргэдийн боловсролд онцгой анхаарах ёстой бөгөөд Америкийн Боловсролын яамны Тусгай боловсролын газрын үүрэг оролцоо асар их гэнэ. Тэд зөвхөн насанд хүрсэн биш хүүхэд багачуудыг боловсролтой болгоход чиглэсэн хөтөлбөр төслийг Засгийн газар болон хүмүүнлэгийн сангуудаар дамжуулан амжилттай хэрэгжүүлж буй аж.

Үүнд 1975 онд баталсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмшүүлэх тухай хууль тун ч их хэрэг болж буйг онцолсон. АНУ-ын Тусгай боловсролын сургалтын байгууллага буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургадаг МСҮТ нь Хөдөлмөрийн болон Боловсролын яамныхаа хамтын удирдлагад байдаг. Санхүүжилтийн асуудлыг Хөдөлмөрийн яам нь хариуцаж, сургалтын бодлогыг Боловсролын яам мэддэг гэхчилэн олон сонирхолтой мэдээллийг өгчээ. АНУ-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвүүддээ Засгийн газраас жилдээ 3,0 тэрбум ам.долларын санхүүжилт төсөвлөдөг бөгөөд хяналт тавих механизм сайн бүрдсэнийг тэд мөн сонирхуулсан байна.

Уулзалтын төгсгөлд Америкийн талаас Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын тавьсан тодорхой саналуудыг хүлээж авч буйгаа илэрхийлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тогтсон нь энэ айлчлалын хамгийн гол үр дүн.

Хоёр улсын хооронд Санамж бичиг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын цар хүрээ тэлж, бодитой үр дүнд хүрэхэд том алхам болохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцлон тэмдэглэсэн.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?