“Хүүхэд хамгаалал” сарын аян үргэлжилж байна
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын "Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба”-наас өсвөр үеийнхнийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж хамгаалах зорилгоор "Хүүхэд хамгаалал” аяныг энэ сарын нэгнээс эхлэж хагас жилийн хугацаанд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд эцэг эх асран хамгаалагчдад "Хэрхэн сайн эцэг эх байх вэ?”, "Та хамгийн сайн аав”, "Гэр бүлийн хүчирхийлэл”, "Би гэр бүлдээ хайртай” насанд хүрээгүй хүмүүст зориулж "Та үүнийг мэдэх үү” , "Гэмт хэрэг ба гэм хор”, "Бидний үгийг сонсооч” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран явуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг, өөрийн үзэл бодлоо тулгаж хүүхдийнхээ юу хүсч мөрөөддөгийг нь мэддэггүй, алдаа дутагдлаа засч, хүүхдийн хүсэл сонирхол, сонголтыг хүндэтгэж хүүхдийн сайн дурын байгууллага, хөдөлгөөнд эвлэлдэн нэгдэх, дугуйлан секц, клубт хамрагдах, уралдаан тэмцээнд оролцохыг нь дэмжих шаардлага гарч байна. Иймд "Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлцгээе” уриан дор явагдаж буй "Хүүхэд хамгаалал” аянд идэвхтэй оролцохыг эцэг эхчүүдэд уриаллаа.
Б.Норовсамбуу