Хаврын Хөдөлмөрийн яармаг боллоо
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, иргэдэд мэдээлэл хүргэх, сул чөлөөтэй ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэх зуучлах зорилгоор Хөдөлмөрийн яармаг, үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг жил бүр аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтсээс хамтран зохион байгуулдаг билээ.Хөдөлмөрийн яармагийн тухайд өмнөх жилүүдэд 300 гаруй ажлын байрны захиалга ирдэг байсан бол энэ удаад 70 гаруй ажлын байрны захиалга ирээд байна. Энэ нь улс орны эдийн засаг хямарсан уул уурхай барилгын компаниудын үйл ажиллагаа доголдсон зэрэг байдалтай холбоотойг албаны хүмүүс хэлж байлаа. Гэсэн хэдий ч аймгийн удирдлагуудын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих орон нутагтаа гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор олон ажлуудыг хийж байгаагийн нэг нь анх удаа зохиогдож буй гуравдугаар сарын 28, 29-ны өдрүүдэд болох "Дарханы хөгжил” эдийн засгийн форум гэдгийг нээлтийн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд онцоллоо.
Зөвлөгөөнөөр холбогдох яамны мэргэжилтнүүд шилэн данс, татварын хуулийн нэмэлт өөрчлөлт, аж үйлдвэрийн салбарт холбогдох хууль тогтоомж хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллүүдэд өгөв.
2015 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг олгон ажиллаж, 2000 гаруй ажлын байранд иргэдийг зуучилсан талаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэдээллэв. Харин захиалгат ажлын байранд ажилгүй иргэдийг зуучлах ажлын хүрээнд өнгөрөгч онд нийт 2100 гаруй иргэн ажлын байртай болсон бол оны төгсгөлд ажилд зуучлагдсан иргэд ажлын байрандаа тогтвортой байгаа эсэхэд хяналт хийхэд 98 хувь нь тухайн ажлын байрандаа ажилласан хэвээр байна гэдэг эерэг үр дүн гарсан байна.