Хийн баллоныг дулаан үүсгэгч хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулах ёстой
Ихэнх айл өрх цахилгаан плетка, нэгдсэн цахилгаан халаагуурыг оронд шингэрүүлсэн шатдаг хий буюу хийн баллонтой газыг ашиглах болсон.
Тэгвэл мэргэжлийн хяналтын газраас иргэдийг аюулгүй ажиллагаагаа сайтар хангах, худалдан авахдаа анхаарах зүйлсийн талаар мэдээлэв.
Шингэрүүлсэн шатдаг хий буюу газын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэрэглээгээ дагаад ашиглалтын зөрчил, алдаа эндэл багагүй гарах, шатдаг хийн буруу хэрэглээнээс үүдсэн осол аваар гарч, хүний амь нас эрүүл мэнд эрсдэх өндөр магадлалтайд тооцогддог ажээ.
Тиймээс шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч иргэн, аж ахуйн нэгж нь батлагдсан зураг төслийн дагуу тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар,тхолбогдох дүрэм, журам, стандартын дагуу суурилуулах, шаардлага хангасан баллон ашиглах хэрэгтэйг санууллаа.
Түүнчлэн хийн алдагдал илрүүлэх автомат хаалт, хамгаалах хэрэгслийг суурилуулах, хий алдагдсан тохиолдолд цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч, холбогдох газруудад мэдэгдэх ёстойг МХГ-аас анхааруулж байна. Хэрэглэхдээ анхаарах зүйлсэд маш олон зүйл дурдагддаг бөгөөд онцлох заалтуудад хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээх 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байруулах ёстой ажээ.
Мөн бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг ажиллуулахгүй байх, нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй гэх зэрэг аюулгүйн ажиллагаан олон дүрмийг хангах учиртай гэж Дархан-Уул аймгийн МХГ-ын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөр хамгааллын хэлтсийн дарга Б.Оюунтуяаонцолж байна.
Түүнчлэн иргэд шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж худалдан авахдаа тодорхой мэдлэгтэй байж, баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он сар, өдрийг хянах, мөн баллоны хаалт эвдрэлгүй байгаа эсэх, баллон бүрэн будагтайд анхаарлаа хандуулж худалдан авах ёстой аж.
Хэрэв баллоны баталгаажилтын хугацаа дууссан, хаах хэрэгсэл бүрэн бус, баллоны их биеийн 1/3 нь будаггүй, хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй, металл хийцэд өөрчлөлт орсон бол ашиглахыг шууд хориглодог гэдгийг анхаарах хэрэгтэй.21 нас хүрээгүй хүнд шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалахгүй байх, хэрэглэгчдэд ахуйн хэрэглээний хийг аюулгүй зөв хэрэглээний зааврыг танилцуулан худалдаалахыг хийн баллон борлуулдаг ААН-үүдэд сануулжээ.
Дашрамд Дархан сумын 12 багт 9 давхар байрны 7 давхарт шингэрүүлсэн ахуйн хийн баллон дэлбэрч эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байсан тохиолдол гарч байсан билээ.