Хятад улс шатдаг түлштэй автомашиныг хориглохоор төлөвлөж эхэлжээ
Хятад улс удахгүй шатдаг түлштэй автомашиныг зарах, үйлдвэрлэхийг хориглож болзошгүй байгааг Блүүмберг суваг мэдээлжээ.
Оронд нь цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг дэмжих гэнэ.
Бямба гарагт болсон авто машины салбарын чуулган дээр Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн дэд сайд Шин Гуобин дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинуудын үйлдвэрлэл, худалдааг зогсоох хугацааг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
Хятад улс нь автомашины дэлхийн хамгийн том зах зээлд тооцогддог бөгөөд 2016 онд 28 сая шинэ автомашин борлуулагдсан гэх тоо бий.
Одоогийн байдлаар Франц, Британи улсууд 2040 оноос эхлэн шатдаг түлштэй машиныг борлуулахыг бүрэн хориглох зорилт тавиад байна.
Нөгөө талаас машин үйлдвэрлэгчид ч цахилгаан хөдөлгүүр рүү бүрэн шилжих төлөвлөгөөгөө зарлаж эхлээд байгаа. Тухайлбал Volvo компани 2019 оноос эхлэн дан цахилгаан болон хайбрид автомашин үйлдвэрлэхээр болсон. Jaguar болон Land Rover 2020 оноос, Aston Martin 2025 онд цахилгаан хөдөлгүүрт бүрэн шилжихээр болсноо зарласан юм.
Эх сурвалж: Bloomberg